Эрчим хүчний Сайдын зөвлөл хуралдлаа

2018 оны 11-р сарын 30 өдөр, 16 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
0ad373b1e3fb3d24362c360eb4eef34405d0c94d

Эрчим хүчний сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр боллоо.  Хуралдаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Сайдын зөвлөлийн гишүүд – Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Баярмагнай, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Ч.Чинбат  нар оролцов.

Хуралдаанаар “Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт цэнэг хураагуурын эзлэх хувь хэмжээ ба эрчим хүчний системд сэргээгдэх эрчим хүч шингээх боломж” сэдвийн хүрээнд хэлэлцсэн юм.

Асуудлыг “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн Горим төлөвлөлт, тооцооны албаны Горимын инженер А.Чойдорж танилцуулсан. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн Ерөнхий диспетчерБ.Баатар, Горим төлөвлөлт, тооцооны албаны дарга Ц.Өнөрмаа нар байлцав. Хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараагаар сайдын зөвлөлийн гишүүд асуулт асууж, саналаа нэгтгэсэн юм. Энэ удаагийн хуралдаанаас дараах шийдвэрийг гаргалаа.

1. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг диспетчерийн зохицуулалтад оруулж чадал, давтамжийн савлалтыг арилгах, эрчим хүчний системийн горим ажиллагаанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, оргил ачааллын үеийн импортын урсгалыг багасгах, доголдол гарсан үед тодорхой хугацааны нөөц эх үүсвэрээр хангах зорилгоор нарны эрчим хүчний эх үүсвэрт суурилагдсан хүчин чадлын 20 хувьтай тэнцэх, салхины эх үүсвэрийн хувьд суурилагдсан хүчин чадлын 40 хувьтай тэнцэх хэмжээний суурилагдсан чадалтай, суурилагдсан хүчин чадлыг 4 цагаас багагүй хугацаанд гаргах чадалтай, нэгж циклийн цэнэг алдалтын гүн 90 хувиас багагүй, энерги хуримтлуулах технологитой ашиглалтын хугацаа 10 жилээс багагүй байх цэнэг хураагууртай байхыг ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын даалгаварт тусгах;

2. Цаашид эрчим хүчний дамжуулах шугамын дамжуулалтын хүчин чадал, шингээх чадварыг харгалзан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт эрчим хүчний системд холбогдох техникийн нөхцөл олгохыг түр хугацаагаар түдгэлзүүлэх;

3. Системд шаардлагатай хүчдэлийн, давтамжийн тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, хөрөнгийн эх үүсвэрийг холбогдох компаниудын бизнес төлөвлөгөөнд тусгуулж ажиллахыг  тус тус үүрэг болгов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх