БОЛЖМОР : Амьдрал тоглоом биш……5

2018 оны 11-р сарын 29 өдөр, 18 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
amidral1

Должмаа гэртээ орон ээж, аавдаа саяны үзсэн хошин шогоо ярингаа хоёр таваг хоол идчихээд өрөөндөө орлоо. Тэрээр орон дээрээ дээшээ харан хэвтэн бодолд дарагдана: << Энэ хорвоо дээр над шиг жаргалтай хүн хир олон байдаг бол. Амьдрал зохиох хэцүү л гээд байдаг, надад бол бүх юм сайхан л байна. Яана аа ингээд нэг л өдөр хүний эхнэр, ээж боллоо гэж үү. Ээж мэдвэл ч толгой хяргана даа….>> гэтэл бодлыг нь сарниулж гэрийнх нь утас дуугарлаа. Ээж нь утсаа аван ярьж байснаа Должмаа миний охин том ах нь яръя гэнээ. Должмаа халад эгэлдрэглэн гүйн очоод утсаа авлаа.
Байна уу, сайн уу агаа…би сайн. Харин ажил гээд олигтой санаанд нийцэх юм олдохгүй л байна. Юу… хэзээ явах юм бэ?, Өө үдээс хойш болохгүй юм уу, за ойлголоо, уучлаарай тэгье ээ. Та тэгээд юун орой хэлдэг юм бэ…. За, би бэлдээд байж байя. Тэрээр утсаа урамгүйхэн тавиад том өрөөнд орон
Агаа маргааш өглөө 6 цагт ирнэ гэнээ. Таныг сайхан хоол хийгээд байж чадах уу гэж байна. Намайг авч хөдөө явна. Төслийнх нь шугамаар хэдэн хүн ирсэн хэлмэрч хий, юм сур гэнээ. Юмаа бэлдэхээс гээд өрөөрүүгээ явлаа. Тэрээр өрөөндөө орон Наагий уруу утасдав.
Байна уу, юу хийж байна?
Бие нь яаж байна хө. Хоолоо идсэн үү. Яасан дуу муутай байгаа юм. Зүгээр үү, найз нь яваад очих уу?
Би зүгээр ээ. Маргааш өглөө 6 цагт хөдөө явах болчихлоо. Сая том ах ярьж байна
Чи чадахгүй гэчихгүй яасан юм бэ, тэгээд ч жирэмсэн байж яаж болох юм
За гайгүй биз дээ. Тэгээд ч олон хоног биш юм шиг байна
Хэд хонох юм, ямар сонин юм бэ…чи хэлчих л дээ
Хоёул, хоёулаа ажилгүй гэж амьтны ад болоод яахав дээ. Найз нь явчихаад ирье. Тэгээд ч одоо чи бид хоёрт мөнгө хэрэг болно
Би ажилд орчихно ш дээ. За өөрөө мэддээ. Битгий гэвэл бас ээжид чинь хяргуулах биз
Чи яах гэж дандаа ээжийг тэгж байдаг юм…юу ч болоогүй байж ямар ямбалаад суултай биш
Чи тэгээд юундаа уурлаад байгаа юм бэ, хүн чиний л төлөө хэлж байхад. Должмаа гэнэт хоолой нь зангиран юу ч хэлэлгүй утсаа тасалчихав. Тэрээр яагаад ч юм Наагийд гомдолно. Яг юунд гомдлоод байгаагаа мэдэхгүй хирнээ л нулимс нь асгараад байв. Гэтэл гучаад минутын дараа хонх дуугаран Наагий мэндэлсээр орж ирж байгаа сонсогдов. Должмаа Наагийгийн дууг сонсонгуутаа түрүүний бухимдал нь дороо инээдээр солигдоод ирэв. Хоёулаа хамжилцан юмаа бэлдчихээд унтахаар хэвтлээ.
Наагий хэзээний аав аятай гэдсийг нь илэн: Миний хүүг өлсгөв өө. Хүүг минь бас загнаад байв гэснээ…гэдсэн дээр нь хошуугаа наан … миний хүү ээж нь чамайг ядраагаад байвал ирээд аавдаа ховлоорой хэмээн ярихад Должмаа тэсэлгүй инээд алдан
Чи ч хүүгээ гарчихвал намайг тоохгүй хүн байна даа. Би зэрэгцээд л уйлаад суучихна шүү. Охин байвал яах вэ?
Охин байсан ч яадаг юм.Тэгэхдээ л хүү байгаа чи харж л байгаарай. За өглөө эрт явна, эртхэн унт хө. Найз нь чамайг ирэхэд нэг ажилд орсон байхыг бодно. Бүр болохгүй бие чинь өвдөөд байвал хэлээд ирээрэй. Битгий тэгээд ямар ч сураг чимээгүй таг алга болчихоорой … хэмээн эгээ л алс хол явах гэж байгаа аятай захиж гарав. Должмаа сонсож байснаа тэсгэлгүй инээд алдан
За ойлголоо, чи минь яагаад л үглээд байна даа хэмээн цээжинд нь нүүрээ наан түүнийг хүсэмжлэн харлаа.
Өглөө эртлэн босож бүгд дор бүрнээ бэлдэж байтал ах нь ч хүрээд ирэв. Тэрээр Наагийг нэг их том харсанаа
За хүргэн хүү юу, сураг нь гараад л байгаа. Тэгж байгаад тухтай танилцамз. Ээж, аав хоёр ч отгон юм гээд хамаагүй байна уу. Бид нар чинь айгаад оруулж ч чадахгүй, хүүхдээ төрөхийн өмнөхөн хэлж байлаа гээд инээснээ … за тэр яахав. Та хоёр минь сайн биз дээ. Хүү нь ойрдоо ажил ихтэй ирж амжихгүй байна. Ээж хоосон ороод ирлээ үүгээр цайны сүү аваарай хэмээн хорин мянган төгрөг гарган өгөв. Норжин мөнгийг авсанаа
Ажилтай улс аргагүй дээ, гэхдээ ажил гэж гүйсээр байгаад нэг өдөр ороод ирэхэд энэ хоёр хөгшин өнхрөөд өгсөн байх вий
За миний ээж яагаад дандаа ингэдэг юм бэ, хүү нь чадлаараа л зүтгэж байна. Энэ Должмааг дагуулж явж жаахан юм үзүүлье, та хоёрын хажууд нялхарч дуусах нь. Данзан хажуунаас нь үг нэмэн
Аав нь хэлээд л байгаа юм. Тэгэхдээ та хэд ядахдаа долоо хоногтоо нэг байг гэхэд 14 хоногтоо нэг үзэгдчихэж байгаач. Муу ээж чинь амралтын өдөр болохоор л ороод ирвэл гээд тогоо дүүрэн цай чанах юм, тэрийг нь Должмаа бид хоёр барах гэж өдрийн нэг юм болж байна гээд инээвхийлэв.
Норжин охин, хүү хоёроо үнсээд дүүгээ сайн харж яваарай юм үзүүлнэ гээд гаргуунд нь хаячихав хэмээв.
За уучлаарай, та хоёр минь гялалзаад сайхан л харагдаж байна. Хүү нь энэ ажлыг эхлүүчихээд та хоёрыгоо авч сэрүүн орохоос өмнө нэг салхинд ойрхон гарна аа. За явах уу хүмүүсийг хүлээлгээд яахав. Хөөх чи чинь амралтанд явж байгаа биш энэ их хувцсаар яана аа. За, за одоо нэгэнт бэлдчихсэн юм чинь. Ингээд Должмаа ахаасаа нуугдан байж Наагийдаа үнсүүлээд машинд суутал ах нь ч тэр дороо тоос татуулан хөдөллөө.
Наагий гэрлүүгээ алхангаа тамхи татан өөртэйгээ ярин явна: << За Наагий минь чи одоо аав болох нь. Хэдий болтол ингэж явхав. Юу ч хамаагүй олж хийнэ шүү. Ямар ч байсан хадмын гар харахгүй юм шүү. Эднийхэн аягүй л бол Должмаагийн хуримыг хийнэ гэнэ байх. Ээж бид хоёрт юу байхав. Эгч өөрөөсөө хэтрэхгүй хүн. За яахав болно доо. Должмаагаа санах л байх. Нээрээ сонин юм шүү. Би яагаад энэ охинд ингэтлээ хайртай болчихов оо. Хэрвээ тэр үед надтай унтахдаа онгон биш байсан бол ч би аль хэдийн больчихсон явж байж мэдэх л гар шүү >> гэснээ тамхиа няслаад гэртээ орлоо.
****
Должмаа гэрээсээ гараад даруй арваад хоножээ. Өдөржингөө гадныханыг даган орчуулга хийж, хажуугаар нь зөндөө их мэдэхгүй юм гарч ирж сурах, судлах гээд, мөн давхар гал тогоо барьж байгаа болохоор ямар ч зав гарахгүй байв. Төврүү нэг удаа орохдоо Наагийтай яривал цаадах нь их л дуу муутай бие нь яаж байна, зүгээр үү? хэмээн асуув. Должмаад үнэндээ мэдэгдэх юм байсангүй. Тэрээр дахиж ер бөөлжиж, бие нь эвгүйрхсэнгүй. Наагийг хэлэхэд гэнэт санан гэдсээ барьж үзвэл мэдэгдэх юм алга. Үгүй юм шиг байна аа. Тэгээд ч сая хоёр өдрийн өмнө жаахан юм ирсэн. Тэгэхээр болоогүй байх аа. Чи юу хийж байна…тиймээ би ч гэсэн санаж байна. Иймэрхүү ойр зуурын юм яриад л яагаад ч юм яриа нь нийлж өгөхгүй байсаар утсаа тасаллаа. Должмаа зав л гарвал байнга л Наагийгаа санан ирээдүйн амьдралаа дотроо ургуулан боддог байв. Гэтэл сая Наагий нэг л хөндий ч болсон юм шиг түүнд санагдаад болох биш.
Должмаа уг нь 14 хононо гээд гарсан ч энэ нь 2 сарын хугацаатай болж таарав. Ах нь халширна байх гэж бодоод ээжтэйгээ хуйвалдан хэлээгүй юмсанж. Должмаа хотоос ирсэн нэмэлт зүйлсийг авангаа аймгийн төв орон бушуухан Наагийтайгаа ярихын мөн болов. Холбоон дээр гүйхээрээ орж ирэн залгууллаа. Наагий удаж, удаж
Байна уу… гэсээр утсаа автал цаана нь бөөн шуугиан, өөрөө ч нилээн халамцуу байв.
Сайн уу, юу байна?
Байна уу, байна уу…хэн бэ залгасан юм бол дуугараач ээ … хэмээн омогдох сонсогдов. Должмаа цаашаа үг хэлэх гэтэл Наагийгийн хажуунаас нэг хүүхэн хүүе Наагий орооч ээ чамайг дуудаад байна. Наад утсаа дараа нь болоо гэх сонсогдов. Должмаа анх удаагаа Наагийд уур нь хүрч харамлах сэтгэл нь оволзоод ирэхээр утасаа тасалчихлаа. Тэрээр замын турш уйтгарлан чимээгүйхэн нулимсаа арчин цонхоор гөлрөн явав. Гэтэл санаа дагаад тэгсэн үү, эсвэл юм нь ирэх гэж байна уу хөх нь жирс хийн хатгуулж гэдэс нь хатуураад ирлээ.

Наагий Должмааг явсанаас хойш нэг л удаа утсаар ярьсанд жаахан гоморхон байв. Тэгээд гэрт нь очин Данзантай хоёул шатар нүүн суутал нэг хүн утасдан Должмаа гэрээсээ юм захисан, та бэлдээд байж байх уу, би цагийн дараа яваад очье хэмээн утасдав. Данзан би юуг нь мэдэж бэлдэхэв, миний хүү өрөөнд нь ороод хэлсэн юмыг нь бэлдчих хэмээн хэллээ. Наагий юу 2 сар юмуу…бие нь гайгүй байгаа даа хэмээн үг алдтал Данзан харин анзаарсангүй өнгөрлөө. Наагий хэлсэн зүйлсийг нь бэлдэн хайж байгаад санамсаргүй түүний өдрийн тэмдэглэлийг нь олчихов. Хэдий үзэж болохгүйг нь мэдсэн хирнээ нэг л мэдэхэд дэлгэчихсэн уншиж зогсож байв. Должмаагийн өдрийн тэмдэглэлд ихэнхи нь түүний багшдаа дурласан, хайрласан бичлэгүүд байлаа. Тэрээр өөрийнх нь тухай байна уу хэмээн эргүүлтэл хамгийн арын хуудсан дээр анх түүнтэй унтаж охин насаа өгсөн тухай л ганц хуудас юм харагдана. Тэрээр гүйлгэн уншвал: “ Өнөөдөр 2001 оны 06 дугаар сарын 25. Энэ өдөр миний хувьд хамгийн тэмдэглэлт өдөр боллоо. Өчигдөр сургуулиа төгсөн дипломоо авлаа. Дараа нь ангийнхантай Золоогийн зуслангийн байшинд очин бүгдээрээ нэг оройг сайхан өнгөрөөлөө. Наагийг манай ангийнхан чирэх нь холгүй аваад явсан. Энэ нээрээ сонин залуу шүү, заримдаа харахаар инээд ч хүрэх шиг, тэгсэн хирнээ санаад байх юм. Тэгэхдээ л өнөөдрийг хүртэл энэ хүү багш таныг минь хайрлаж байсан шиг тэгтлээ сэтгэлийг минь хөндсөнгүй. Тэгэхдээ л би түүнийг үгүйлээд байдаг…. өчигдөр охин биеэ түүндээ өглөө. Би ерөөсөө харамсахгүй байна. Таныгаа хайрлаж байсан шиг хайрлаагүй ч өдөр ирэх бүр дасан, түүндээ татагдаж байгаагаа би мэдэрч байна. Таныгаа дотроо л чимээгүй хайрлаж явъя даа. Яаж ч хүслээ гээд хэзээ ч минийх болохгүйгээс хойш дахиж таныг санахгүй ээ …Нээрээ би ямар тэнэг юм бэ, яг одоо надад юу дутлаа гэж шаал өөр хүн бодчихсон бичиж байна аа. Би Наагийдаа хайртай….хайртай байна аа…таныг бодох, Наагийг үгүйлэх хоёрын аль нь хайр юм бол. Тэгэхдээ би Наагийтай байхдаа жаргалтай байдаг. Тэгээд ч нэгэнт биеэ өгсөн болохоор сэтгэлээ ч гэсэн бүрэн зориулах болно. Тэр минь надад хайртай…надад үүнээс илүү юу хэрэгтэй гэж. Миний хувьд бүх талаараа Наагий минь анхных болохоор таныг би сэтгэлээсээ авч хаяъя даа….” цааш унших гэтэл Данзан орж ирэн яасан болчихсон уу хэмээн хэлэхэд Наагий цочсондоо аанхан гээд дэвтэрийг мэдэгдэлгүй буцаан хийлээ.
Наагий тэднийхээс гараад бодолд дарагдав: << Должмаа ер нь надад үнэхээр хайртай юм болов уу?, Эсвэл өөрийнх нь хэлдэгээр бүх талаараа анхных болохоор сэтгэлээ хүчилж байна уу? За аль нь ч байлаа гэсэн харж л байя, ямар одоохондоо нэг гэрт орчихсон байгаа биш. Арай тэр хүүхдийг минь … арай ч тийм юм хийх охин биш ээ. Би арай дэндүүлж байх шиг байна >> Наагий хаачихаа мэдэхгүй байснаа Баяраагийн ТҮЦ-нд очин хоёул тамхи баагиулан бас ч гэж нэг шил юм дундаа тавьчихсан ууж суутал тэдний ангийн Сүхээ ирэн ашгүй та хоёр энд байна уу. Би ч Наагийг гэртээ байхгүй болохоор мэдсэн юмаа. Манай ангийн Туяа ирчихсэн арван жилийн нийлдэг хэдээ нэг цуглуулаач уулзая гээд ярьж байна. Би ч овоо хэдэн хүн олчихлоо. Маргааш цаадах чинь завтай гэсэн ойрдоо уулзсангүй, Туяагийн буянаар нэг уулзаж арван жилээ дурсаж жаал сууцгаая хэмээн хэлэв. Туяа гэдэг нэрийг сонсоод Наагий нэг л сонин болоод ирэв.
Наагий, Туяа хоёр 8 дугаар ангиа төгссөн жилээсээ эхлэн арваа төгстөлөө үерхсэн бөгөөд Туяа сургуулиа төгсөн Турк явсанаар тэр хоёрын үерхэл аажим аажимаар холдсоор нэг л мэдэхэд больсон нь энэ. Гэтэл Туяа нь гэнэт 6 жилийн дараа ингээд гараад ирэхэд тэрээр жаахан сандарлаа. Баяраа, Сүхээ хоёр Наагийг харан шоолонгуй
За яасан анхны хайр ирчихсэн сэтгэл гэгэлзээд сайхан байна уу?
Битгий балайрцгаагаад бай…тэр чинь аль нялхын юм. Би чинь одоо өөр хүнтэй болсон шүү
Өө хө, болж дээ, саяхан л Туяагаас болж уугаад л муусайн хүүхнүүд гээд явж байсан яалаа. Тэгээд Должкотойгоо бүр дэр нэгтгэхээр шийдсэн үү… гээд инээлдэв
За юу л гэж ойлгоно дураараа болцгоо, тэр чинь олон жилийн өмнөх юм. Бид хоёр одоо уулзлаа ч гэсэн сайхан нэг ангийн найзууд шиг л байна. Тэгээд ч ямарч хэл сураггүй тэр чигтээ алга болсон хүнийг би яах юм. Одоо хүн хартай суугаа байлгүй
За юундаа уурласан юм. Тоглож байхад. Танай хайрын бурхан хэзээ ирэх гэж байна?
Болоогүй гэнэ ээ, 2 сар болно гэнэ
Ха ха ха… чи ч тэгвэл бөөн л боломж байгаа юм байна даа
Тэр гурав ийнхүү элдвийг ярин жижиг архиа дуусгачихаад Наагий, Сүхээ хоёр харихаар явлаа. Наагий Сүхээгээс салаад яагаад ч юм Туяаг бодов.
Тэр хоёр хүүхдийн гэнэн үерхэлээр гэмгүй сайхан үерхэдэг байсан нь үнэн. Туяа бол биеэ даасан, ухаалаг, аливаа асуудлыг өөрөө шийдэх дуртай, түс тас хийсэн шударга талдаа, их хэрсүү охин. Анх тооны хичээл дээр хоёулаа нэг тэнцэтгэлээс болж их маргаж билээ. Туяа шартай болохоороо өөрийнхийгөө зөв гэж батлах гэж улайрна. Наагий энэ л үед Туяаг бахдан сэмхэн харж эхлэв. Наймдугаар ангиа төгсдөг жил хонхны баяраар Наагий үерхье хэмээн гуйхад Туяа шууд л зөвшөөрчээ. Тэр хоёр төгсөн төгстөлөө сайхан үерхэж байгаад Туяа Туркруу сургуульд явж Наагий эх орондоо үлдэв. Туяаг явахын урд шөнө хоёул салж ядан хонож билээ. Удаан үерхсэн болохоор хоёр гэрийнхэн нь ч мэддэг болчихсон. Тэр хоёр сууна гэж ярьдаг байв. Наагий Туяаг иртэл нь хүлээхээр шийдэн байтал Туяа гэнэт холбоогоо таслан сураггүй алга болжээ. Наагий нэг хэсэгтээ л түүнийг санан, шаналан бас ч гэж балгадаг болов. Наагий охидтой ер тэгтлээ дотно үерхэдэггүй, яахав залуу хүн юм болохоороо ганц нэг шохоорхсон охидуудтай явдаг л байв. Гэтэл тэр нэг өдөр Должмааг түшиж авахад яагаад ч юм харц нь Туяатай их адилхан санагдахад сэтгэлд нь тодоор үлдэж. Түүнээс хойш яг л Туяаг хүлээж байгаа юм шиг Должмааг хүлээн байнга уулзсаар байгаад нэг л мэдэхэд түүнд өөрийн эрхгүй татагджээ. Должмаа удах тусам Туяагаас бүх талаараа өөр нь мэдрэгдэнэ. Должмаагийн хүүхдийнх шиг гэнэн ариун зан нь юу, юунаас илүү таалагдав. Өнөөдрийг хүртэл тэрээр зав л гарвал Должмааг бодон хоног тоолон хүлээсээр. Туяа нь бас л ингэж яваад тэр чигтээ алга болсон болохоор Должмааг одоо хоёр сарын хугацаа сунгасан гэхээр нь гэнэт зүйрлүүлж бодоод болохгүй байв.
Тэгтэл өнөөдрийн өдрийн тэмдэглэл. Должмаа ч гэсэн намайг тэр нэг багштайгаа зүйрлүүлж байхад би яагаад Туяатай жишиж болохгүй гэж хэмээн бодоход хүргэв.
Маргааш нь товлосон ёсоор ангийнхан сургуулийнхаа гадаа цугаллаа. Ангийнхан ч гэж байнгын холбоотой байдаг нийлдэг арав хүрэхгүй хүүхэд цуглав. Наагий энэ өдөр яахаа мэдэхгүй шийдэж ядан гэртээ холхино: Чи юундаа сандраад байгаа юм бэ, нэгэнт л хамаагүй гэж бодож байгаа бол, зүгээр л яваад очооч….харчихаад үнэхээр зүгээр байж чадах уу….. Должмааг яах гээв … юу бодоод байна аа би чинь … сэтгэл хэвээрээ байна гэж үү. Должмаа үнэхээр юм нь ирсэн нь үнэн юм бол би заавал үүрэг хүлээх ёсгүй биз дээ. Наагий минь Туяа аль эрт хүнтэй суугаа байлгүй. Бүжин эртээд тиймэрхүү юм ярьж байсан. Чи ямар тэнэг юм бэ, энийг чинь бодох юм юу байна. Чи Должмаад хайртай болсон биз дээ…” Наагий ийнхүү дотроо элдэв юм бодон байтал утас нь дуугарав.
Байна уу… Наагий юу, чи одоо болтол гарахгүй юу хийж байгаа юм бэ?, энд чамаас бусад нь бүгд байна. Хурдал бид нар чамайг сургууль дээр хүлээж байя хэмээн Сүхээ хэлээд утсаа тасаллаа. Наагий гутлаа өмсөн гэрээс бушуухан гарлаа.
Тэд явсаар караоке орцгоов. Наагий, Туяа хоёр гар барин мэндэлсэнээс хойш нэг л бие, биеэсээ бишүүрхэн үг ч дуугарсангүй. Ширээний хоёр талд өөд, өөдөөсөө сэмхэн харан сууна. Тэдний ангийн галзуу Бүжин чанга дуугаар
Та хоёр чинь яагаад танихгүй улс шиг маяглаад байгаа юм. Одоо ямар жаахан хүүхдүүд биш, алив Наагий чи энд суу, та хоёрыг ямар бид нар мэдэхгүй биш. Ярих юм байгаа л байлгүй.
Сайн уу, сайн явж ирсэн үү?
Сайн, чи сайн сууж байв уу, намайг уучлаарай … би гэтэл Наагийгийн утас нь дуугарах шиг болов. Тэрээр одоохон гэж хэлээд гүйн гараад
Байна уу, байна уу…хэн бэ… залгасан юм бол дуугараач ээ….гэтэл Бүжин хүрч ирэн
Хүүе Наагий чи орооч ээ, чамайг хүлээгээд байна, наад утсаа дараа болооч ээ…
Наагий буцаж орон Туяагийн дэргэд суулаа. Тэрээр өөртөө архи хундаглан нэг амьсгаагаар татаад Туяа уруу инээмсэглэн чамаас хойш ганц сайн хийж сурсан ажил нь энэ л байх шив дээ. Туяа виногоо бас нэг амьсгаагаар уугаад би ч бас гээд инээвхийлэв. Наагий түүний инээж байгааг хараад өөрийн эрхгүй эгдүү нь хүрэв.
Чи ч хөөрхөн хэвээрээ байна аа …би …
Тийм байна уу, баярлалаа. Чи юу гэж?
Нэг их чухал биш ээ, чи хүнтэй суусан уу. Тийм сураг сонссон
Суусан, нэг охинтой. Бид гурав Туркэд амьдарч байгаа….Чи?
Би найз охинтой. Тэгвэл чамд аз жаргал хүсэх л үлдэж дээ….Наагий ингэж хэлээд цаанаа л нэг гуниглангуй санаа алдлаа. Туяа Наагийгийн гараас атган эндээс холдъё хэмээн шивнэв.
Ангийнхан нь ч нилээн муудан эхнээсээ тасарч унан, арван жилийн хайр дурлал, амьрал ахуйгаа ярин энд тэнд хуваагдан сууцгаасан харагдана. Наагий, Туяа хоёр явлаа хэмээн хэлэхэд нэг их анзаарсангүй, гэтэл тэндээс Нямбаяр: Туяа тооцоогоо яах вэ?, хуваагаад гаргах уу. Туяа инээснээ би бүгдийг нь төлчихье…харин энэнээс хойшихоо өөрсдөө төлөөрэй гээд эгдүүтэй аргагүй инээд хангинуулан Наагийтай хоёул тооцоогоо дуусгаад гарлаа. Гарах үед Сүхээ тааралдан Наагий уруу нүдээ ирмэн эрхий хуруугаа гозойлгон инээд алдсаар зөрөн орох нь тэр. Туяа энэ бүхний харан инээснээ
Хэ хэ…энэ Сүхээ нээрээ марзан хүүхэд байсан шүү, хэвээрээ л байх шив. Ангийнхантайгаа уулзсан чинь ямар сайхан байнаа. Хоёулаа жижүүрээс гуйн ангид орж жаахан сууя тэгэх үү? Чамайг таниад байсан чи нэг яриад үзээч
Тэгье хө, миний таньдаг ах гарч байна лээ гээд алхтал Туяа хажуунаас нь сугадан өөдөөс нь өнөөх л өхөөрдөм инээдээрээ инээн зэрэгцэн алхлаа.
Ангидаа ороод хоёулаа жижүүр анхааруулсан тул гэрлээ асаалгүй суув. Заалны гэрэл хаалганы зайгаар багтаж ядан зурвас тусна. Тэр хоёр суудаг байсан ширээн дээрээ очоод зэрэгцэн сууж байснаа Туяа босон нэг юм хайснаа самбар дээр юу ч юм бичлээ. Наагий чимээгүй л харан сууна. Туяа дуусчихаад гэрэлээ асаагаад
За энэ тэнцэтгэлийг өөрөөр бодох хүн байна уу? хэмээн хэлээд хөгжилтэй инээхэд хоосон ангид царгин байв. Наагий хараад мөн өөрийн эрхгүй инээд алдан.
Чи нээрээ их шартай охин байж билээ. Одоо болтол энэ тэнцэтгэлээ мартаагүй юм уу?
Юу гэж мартахав дээ … надад мартахын аргагүй сайхан дурсамж үлдээсэн шүү дээ. Туяа жижүүр гэрэл гаргаж болохгүй гэсэн болохоор гэрлээ унтраан Наагийгийн хажууд очин ширээн дээрээ хоёр гараа тохиолдон хэвтлээ. Наагий өөдөөс нь харан нарийн сандал дээгүүр хоёр хөлөө давуулан суув. Туяа үргэлжлүүлэн Наагий минь намайг уучлаарай. Энэ анги …. энэ ширээ …. тэгээд чи миний амьдралын хамгийн жаргалтай үеүд байж дээ. Би бүр заримдаа зүүдэлдэг. Нэгэнт л болоод өнгөрсөн юмыг одоо яана гэхэв. Би өнөөдөр чамтай л уулзах гэж ангийнханыг цуглуулсан юм. Чамайг хүнтэй сууж байгаа гэж сонсоод яагаад ч юм харамлах сэтгэл төрсөн шүү. Тэгээд удаад байхаар чинь ирэх болов уу хэмээн зөндөө хүлээсэн. Би их муухай хүүхэн байгаа биз. Өөрөө эхэлж алга болчихоод тэгээд нэгэнт чинийх болохгүй байж бас өөр хүүхнээс харамлаад. Уучлаарай би дэндүү санасан….Туяа ингэж хэлэхэд түүний хацарыг даган нулимс урсаж байлаа. Наагий юу ч хэлж чадсангүй. Нулимсыг нь арчиж өгөөд бугуйнаас нь барин өөрлүүгээ татвал Туяа өндийн Наагийгийн урд сандал дээр буруу харан цээжинд нь нуруугаа наан хоёр хөлөө урагшаа зөрүүлэн жийн суулаа. Тэр хоёр гараасаа атгалцан цонхоор харан сууна. Наагийгийн ухаан санаа бүр самуурч ээ. Түүний толгойд Должмаа хэмээх бүсгүйн дүр бүү хэл нэр ч алга байв. Тэр зөвхөн ингээд л Туяатайгаа суугаад баймаар санагдлаа. Наагий урагш тонгойн Туяагийн хацарт хацраа наан хүзүүн дээр нь үнсэхэд Туяа ч нэгэнтээ санаа алдсанаа үргэлжлүүлэн
Наагий чи одоо намайг жаргалтай амьдардаг гэж бодож байна уу?…Наагий чимээгүй толгой дохин Туяагийн үнэрт мансууран, сурсанаараа баруун гараа цамцан дотуур нь оруулан хөхнөөс нь барьлаа. Тэгсэнээ
Болох уу, уучлаарай тэссэнгүй, чи бид хоёр ингээд л суудаг байсан тэ? Болохгүй гэвэл яахав би гараа авъя гэсэн хирнээ авахгүй л байв. Туяа инээмсэглэн
Наадахын чинь анхны эзэн чи шүү дээ. Чи дуртай үедээ хүрч болно. Надад ингэж хэлж байснаа санаж байна уу? ” Би хүссэн үедээ мөөмөндөө дураараа хүрч байна, дахиж чамаас зөвшөөрөл авахгүй за “…гэж байснаа…хэ хэ…Би чамаасаа харамлахгүй ээ. Анх чи яг ингээд барьчихаад барьж болох уу гэж надаас асууж билээ. Би ичиж байсан ч гэсэн чамд татгалзаж чадаагүй. Тэгэхэд миний араас халуу дүүгэн чи минь биедээ улам ойртуулж байсансан. Би ч тэр үед чамд өгсөндөө одоо хэр нь ер харамсдаггүй ээ.
Тийм үү, чи намайг, өнгөрсөн бүхнээ санадаг гэж үү? Би бодохдоо аль эрт бүгдийг мартаад одоо сайхан амьдралдаа ташууран жаргалтай байгаа байх гэж боддог
Юу гэж мартахав Наагий минь. Би чамд дуулж өгдөг байсан даа
Ямар билээ…чи зөндөө л дуу дуулж өгдөг байсан
Никитоны ” Намайг дуудаач ” гээд би явахынхаа урд орой чамд дуулж өгөөд
“Сайн явбал намайг мартаарай, зовох цагтаа санаарай” гээд тэгэхэд чи надад жинхэнээсээ уурласан уу?
Аан, тэр үедээ уур хүрч байсан. Ингээд л надаас бүр явж байгаа юм шиг санагдаад. Тэгэхдээ л надаас бүр явчихсан даа
Харин тиймээ уучлаарай. Би очоод эхэндээ аргаа олохгүй их хэцүү байсан. Тэгэхэд нэг хүн надад тусалж чиглүүлж өгсөн юм. Би ч чамайгаа бодоод, санаад юун хичээл хийх манатай болж байлаа
Нээрэн гэж үү?, чи намайг тэгж их санадаг байсан гэж үү, би ч бас энд чамайг санаад галзуурах гэдэг байлаа. Тэгээд утасдахыг чинь хүлээн хичээлээ тарангуут шууд л гэртээ ирээд өдөржин, шөнөжин утас сахина.Туяа инээвхийлэн гарыг нь чанга атгаад
Тэгээд овоо байгаа газараа хүмүүстэйгээ танилцан дасаж эхэлсэн. Өөрийгөө завгүй байлгаж тэр хирээрээ цаг ч дороо өнгөрдөг байлаа. Нэг өдөр би байдгаараа халуураад, цус алдан бүр ухаан алдаж унасан. Нэг сэрсэн чинь эмнэлэгт хэвтэж байсан. Гайхаад эргэн тойрноо хартал нөгөөх л надад тусалдаг залуу хажууд намайг сахиад сууж байсан. Наагий би эндээс явахдаа жирэмсэн болчихсон юм билээ. Тэгээд тэрийгээ мэдэхгүй явж байж хүүхдээ зулбачихсан юм. Миний эмчилгээний зардал, хоол хүнс гээд бүх л төлбөрийг тэр хийсэн. Би гэрийнхэндээ ч хэлэлгүй хичээл ихтэй гээд бараг ярьдаггүй байсан. Намайг уучлаарай…би хүүхдийг чинь гаргаж чадалгүй алдчихаад чамтай ярих зүрх хүрээгүй юм.
Наагий юу….хэмэн цочин өөдөөс нь хараад
Тийм үү? Нээрэн гэж үү…тэгээд яагаад одоо хэлж байгаа юм хэмээн түүнийг сэгсчив. Туяа өөдөөс нь харан уйлсаар л…
Наагий хэсэг мэгдсэнээ биеэ барин
Одоо тэгээд бие чинь зүгээр биз дээ, өө нээрээ хүүхэдтэй л дээ. Чи … чи тэр залуутайгаа суучихсан уу? Тэнд сурдаг юмуу ажилладаг юмуу? хэмээн Наагий хойно, хойноос нь давхцуулан асууж гарав. Туяа нэгэнтээ шүүрс алдсанаа
Тиймээ тэр залууд би дассан, тэр минь надад хайртай. Үнэхээр их хайртай. Би даанч түүн шиг өөрийг нь хайрлаж чадахгүй байгаа. Охин бид хоёрынхоо төлөө амиа ч өгөхөөс буцахгүй хүн дээ. Наагий намайг дахин уучлаарай би хэсэгтээ Монголдоо ирэхгүй байх. Чамаас нэг юм гуйж болох уу? Үгүй боломжгүй бол чи заавал зөвшөөрөх албагүй л дээ
Хэл, хэл би үнэндээ юу хэлэхээ мэдэхгүй байна, ганц л юм хүсэхэд чи минь хаана ч байсан жаргалтай л байвал болоо … тэрээр Туяаг эргүүлэн уруул дээр нь үнсэхэд Туяа хоёр хөлөөрөө түүний хоёр хөлийг зөрүүлэн ачаад өөдөөс нь харан…хүзүүгээр нь тэврээд: Наагий би чамд хайртай …. үнэхээр их хайртай. Би ямар их санав аа хэмээн түүнийг нүүр нүдгүй үнсэж гарлаа. Хоёул тэвчихээ байхын алдад Наагий биеэ барин энд болохгүй буудал оръё хэмээн хэлээд Туяагаа мөрөөр нь тэврэн биедээ ойртуулан зулайг нь үнэрлэсээр хоёул гарлаа.

Должмаа яагаад ч юм Наагийд гомдлоод байв. Үнэндээ хийх ажилгүй байгаа юм чинь энэ хүмүүстэй хамт хүрээд ирэх болов уу хэмээн битүүхэн харж билээ. Даанч ирэх нь бүү хэл утсаар ярихад нь танихгүй байсанд гомдолно. Нэг орой Наагийг зүүдлэв. Наагий их л жаргалтай өөр хүүхэнтэй тэврэлдэн түүнийг тоохгүй байна гэнэ … Должмаа яаж ч орилсон харахгүй улам цаашлан холдож байна гэж зүүдлээд эхэр татан уйлав. Гэтэл хамт яваа Эрдэнээ эгч нь түүнийг сэрээн: Должмаа миний дүү яасан хар дараа юу хэмээн аяархан дуудав. Тэрээр эхэр татсаар сэртэл дэрээ нортол уйлчихсан байв. Тэгсэн тэр нь зүүд байсанд баярлан: Баярлалаа, Эрдэнээ эгч ээ харин найз залуугаа зүүдлээд гээд инээвхийлэн буцан хэвтлээ. Эрдэнээ шоолон аргагүй л залуу халуун насан дээрээ байна даа. Мань мэт нь бол хэд хоног ч хол байсан тоохоо больж дээ … хэмээн инээлээ. Гэтэл гэнэт Должмаагийн гэдэс дотор тогонд цохиулах шиг жирс хийхэд тэрээр дуу алдан огло харайлаа. Эрдэнээ гайхан чи зүгээр үү хэмээн өрөөсөн нүдээ өргөн нойрмоглон асуувал
Өө зүгээр, зүгээр уучлаарай хэмээгээд буцан хэвтээд алгаараа давсаган тушаа дарвал дахин загас гүйж байх шиг ирвэгнүүлэв. Тэрээр зөнгөөрөө бяцхан үрээ хөдөлж байгааг мэдэрлээ.
****
Өдөр хоног харвасан сум шиг өнгөрсөөр. Должмаагийн гэдэс одоо мэдэгдэхүйц болоод ирэв. Хувцас нь эхнээсээ таарахаа байж, өмднийх нь цахилгаан хүрэхээ болилоо. Тэрээр аймгийн төв орон сул өмд, цамц аваад гүйхээрээ холбоо орж Наагий уруу залгалаа. Тэрээр яагаад ч юм сандран догдлоно. Одоо удахгүй 10 гаруйхан хоноод харьлаа гэж бодохоор түүнд цаг зогсчих шиг.
…Дийд….дийд….дийд……….хэмээн дуудаж байснаа тасарчихав. Эгч ээ дахиад нэг залгаад өгөөч….Уучлаарай таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна …. тэрээр утсаа салгачихсан байв. Должмаа урамгүйхэн гэрлүүгээ залгавал аав нь утсаа авч байна.
Байна уу, хэмээн намбатайхан зөөлөн дуугарах аавынхаа дууг сонсоод тэрээр өөрийн эрхгүй уйлчихав. Үнэндээ энэ нулимс аавыгаа сонсоод баярласаных байв уу, Наагийд гомдсон битүү гомдол байв уу. Тэрээр гэнэт эргэн тойрноо харан хаана байгаагаа санан бушуухан нулимсаа арчаад хоолойгоо засан
Сайн уу ааваа…охин нь байна аа. Та хоёр минь сайн уу. Өө би сайн байгаа…тийм…одоо удахгүй очлоо. Та хоёрыгоо санаж байна аа….за баяртай. Тэрээр утсаа тавин Наагий уруу дахин залгатал утас нь холбогдохгүй хэвээрээ байлаа. Урамгүйхэн машиндаа очин элдэвийг бодон явна. << Наагий яагаад утсаа салгачихаваа. Ажилд орсон юм болов уу? Эсвэл намайг ярихгүй байхаар гомдчихсон юм болов уу….. уг нь өнөөдөр чамдаа хүүгээ хөдөлсөнийг хэлэх гэж ямар их догдолж яарч байлаа. Би хэтэрхий түргэн ааш гаргаад байгаа юм болов уу, сая аав Наагийг хэлэхгүй байна … манайхаар очихгүй байгаа юм байх даа. Үгүй ямар сууж барьсан биш юу л боллоо гэж намайг эзгүйд очиж байхав дээ…>> ийнхүү элдэв бодолд дарагдан замд сэгсчүүлсээр унтчихсан байв. Жолооч залуу түүнийг зөөлөн татан Должмаа миний дүү ирчихлээ босоорой…хэмээн сэрээв.
Тэдний багийнхан буцахад дөрвөн хоног үлдээд байлаа. Должмаа улам өнгө орон жаахан мариа ч суугаад ирэв. Эрдэнээ түүнийг анзааран
Должмаа, миний дүү чинь хөл хүндтэй юм байна ш дээ. Тэгээд ингээд явж болж байгаа юмуу?
Зүгээр ээ, надад нэг их төвөгшөөгөөд мэдэгдэх юм алга
За тийм дээ, залуу байхад мэдэхгүй гүйж байтал нэг л өдөр төрөх болчихсон байдаг юм. Гэхдээ сайн хоол ундаа идэж амарч байх хэрэгтэй. Ах чинь мэдэж байгаа юу?
Ах мэдэхгүй байгаа, та битгий хэлээрэй. Одоо юу байхав дөрөвхөн хоноод харилаа. Тэрээр ингэж хэлээд баярын мишээл тодруулав.
Чи ч их хөнгөн байна даа. Хүү бололтой. Охин хүүхэд би ээжээсээ царайлаг байх ёстой гээд ээжийгээ их ядраадаг, хүү хүүхэд миний ээж бүхнээс царайлаг байх ёстой гээд хөнгөхөн байдаг юм. Хэ хэ.. эгчийнх нь мэдэх ч юу байхав. Төрөхөд чинь бөөн хүүхнүүд иймэрхүү ярианаас эхлээд нөхөр сүүдэр … гээд ярихгүй юм байдаггүй юм. Тэгэхэд л сонсож байсан байх даа гээд тас, тас инээн толгойгоо хаялав. Должмаа ичингүйрэн доошоо харвал Эрдэнээ: За миний дүү юундаа ичдэг юм. Ийм мундаг охин хүүхдээ гаргачихаад гэрийн авгай бололгүй заавал цааш нь үргэлжлүүлж сураарай. Энэ хэд чамайг яаж үнэлж байгааг харж байгаа биз дээ.
Тэдний багийнхан ажлаа дуусан тул үлдсэн гурван хоногоо Хөвсгөл далайн эрэг дээр амарч Монголынхоо онгон зэлүүд газрыг үзэж сонирхохоор болов. Энэ өдрийн орой ажлын талаар ямар ч яриа болсонгүй. Бүгд сайхан дуулж, хуурдан задгай гал тойрон сууцгаан их л хөгжилтэй байлаа. Должмааг магтан сайшааж байсанд ах нь урамшин: Миний отгон дүү байгаа юм. Намраас сургуульд явуулах санаатай та бүхэн тусалж дэмжинэ гэдэгт итгэж байна. Өөрөө харин гадагшаа явахгүй гээд байгаа юм. Уг нь Германд очоод бүр илүү юм үзээд сураад ирвэл өөрт нь л хэрэгтэй дээ. Гэтэл тэндээс нэг нь
Заавал тэгж хүчлээд яахав. Өөрөө мэдэж байгаа байх. Манайхан бол насанд хүрсэн л бол өөрөө өөрийнхөө амьдралыг зохицуулаад явдаг. Харин сая хоёр сар танай энэ сайхан хөдөө нутагт ажиллаж, амарч их эрч хүчтэй, энергитэй боллоо. Та бүхэнд маш их баярлалаа. Хамтран ажиллахад урамтай сайхан байлаа
Бид нар ч гэсэн. Тэр холоос сэтгэл зүрхээ гарган ирж нэг баг болон Монголын минь хөгжилд багахан ч болов хувь нэмэр оруулах үйлс хийж буйд гүнээ талархаж байна.
Өө тэр мэдээж … манай Должмаа чинь мундаг охин доо. Анх ирэхдээ хөөрхөн туранхай охин байсан чинь одоо мах мариа суугаад, царай нь шингэрээд энэ ус агаар зохилдсоных уу? хэмээн асуув. Должмаа яриа буруу тийшээ эргэж байгаад баахан зовнин уучлал гуйгаад унтахаар явлаа. Түүнд яагаад ч юм жирэмсэн гэдгийг нь бүгд мэдсэн юм шиг санагдахад айх, ичих зэрэгцэн гэдсэн дээрээ гараа тавьбал бяцхан үр нь хөөрөн аав дээрээ удахгүй очино доо хэмээн баярлаж буй мэт хөдөлж өгч байлаа. Тэрээр үр минь одоохон гуравхан хоногийн дараа хоёулаа аав дээрээ очлоо гээд унтахаар хучлагаа засав. Өглөө Должмаа үүр хаяарахтай зэрэгцэн сэрвэл бүгд нам унтаж байлаа. Тэрээр дулаан хувцаслан далайн эргээр жаахан алхахаар гарав. Гадаа сэрүү татан Далайн урсгал хоржигнон нэн тааламжтай. Должмаа амьдралаа сайхнаар төсөөлөн инээд цацруулан алхсаар. Тэрээр: << Хүүгээ том болохоор гурвуулаа заавал ойрхон ч хамаагүй салхинд гарч байна, бас амралтын өдрөө дандаа хамтдаа гэртээ өнгөрүүлж байна. Наагий минь чи намайгаа санаж байгаа тэ. Би ч гэсэн чамайгаа ямар их санаж байнаа. Тэрээр нэг л мэдэхэд гэдсээ хоёр алгаараа зөөлөн барин явав. Гэтэл тэдний буудласан газраас нэг их холгүй бас хэсэг жуулчдын майхан харагдана. Тэрээр сонирхон тэр зүг харан зогстол нэг хүн тахир дутуугийн тэргэнцэртэй наашлан айсуу. Должмаа ч олон юм бодолгүй өмнөөс нь гүйн очвол нүдэнд дулаахан, сайхан инээмсэглэсэн нэгэн настайвтар шар авгай байлаа. Должмаа түүнтэй эелдэглэн мэндлээд ойр зуурын юм ярингаа түүнийг түрэн явна. Өөрийгөө Мелани хэмээн нэрлээд Америкаас энэ сайхан онгон зэлүүд байгалийг үзэхээр ирсэнээ хэллээ. Должмаа ч өөрийн хэмжээнд тайлбарлан явна. Мелани салахдаа
Дожоо, чи Англиар маш сайхан цэвэрхэн ярьдаг юм байна. Бас их хөөрхөн тусч, ухаалаг охин байна. Юмыг яаж мэдэхэв хэзээ нэгэн цагт уулзах тавилан тохиох ч юм билүү. Чамд баярлалаа. Өнөөдөр би чиний ачаар маш их зүйл мэдэж авлаа. Түр хүлээгээрэй хэмээн хэлээд цүнхнээсээ нэрийн хуудас, Сан-Францыско хотын “ Алтан гүүр”- ний зурагтай ил захидлын хамт өөрийн талархалын үгээ бичиж өгөв. Должмаа ч баярласанаа хэлэн юм өгч чадаагүйдээ уучлал гуйгаад салах ёс хийн явлаа.
****
Наагий, Туяа хоёр тэр өдрөөс хойш байнга хамт байдаг болов. Туяа уйлан дахин хэзээ ч ийм боломж гарахгүй … чи намайг явтал хань болооч хэмээн гуйжээ. Наагий ч нэг их гуйлгаад байсангүй. Өөрөө ч гэсэн дургүй биш аж. Тэр хоёр ихэнхи цагийг хамтдаа өнгөрөөнө. Амралтанд хүртэл хэд, хэд яваад авав. Нэг удаа Наагийг ээж нь загнан: Чи хэнийгээ дуурайсан ийм завхарсан амьтан бэ. Туяатай юугаа хийгээд байгаад байдаг юм. Нэг уулзлаа, хоёр уулзлаа болоо юм бишүү. Арай дэндэж байна шүү чи. Должмаа одоо ирэх боллоо. Амьтны нүүрийг яаж харах гэв. Дахиж миний нүдэн дээр Туяаг дагуулж ирээд үзээрэй… хэмээн таягаараа нэг сайн нудчаад авлаа. Наагий энэ үед л гэнэт Должмаагаа саналаа. << Нээрээ би юу хийж явна аа. Тэр минь тэнд хөдөө хөхөрч, гадаа гандаж явахад би энд ажил хайсан ч юм байхгүй. Аль эрт хаяад явсан хүнтэй орооцолдоод явж байдаг. Даанч өрөвдөх юм даа >> хэмээснээ өнгөрсөнөө нэхэн санав:
Тэр хоёр сургуулиас гаран хэлхэлдсээр нэгэн буудал оров. Туяа амрахаа мэдэхгүй түүнийг ноолно. Тэгж, тэгж шөнийн жаргалдаа ташуурсан хоёр нам унтав. Өглөө нь Туяа түүнээс өнөөдөр дахин хамт байхыг хүслээ. Наагий түүнд үгүй гэж хэлж чадсангүй. Хоёул хоол захиалан идчихээд орон дотороо өнжлөө. Гарч гаднаас ганц нэг шил шар айраг, нэг шил улаан вино ойр зуурын идэж уух юм аван өрөөндөө буцан ирлээ. Хоёлаа тулган уусаар … Туяа гэнэт түүний цээжийг налан эхэр татан уйллаа. Наагий сандран яасан бэ, зүгээр үү?
Наагий, чи аргагүй л хүний хүн болжээ. Чи надтай нэг л хөндий байна. Одоо яахав дээ, миний заяа ийм байсан юм байгаа биз. Би үнэндээ Монголдоо ирж амьдрахыг ямар их хүсч байна аа. Наагий юм ярих гэтэл Туяа дууг нь хорин битгий тасалаа. Зориг орсон дээрээ одоо л би хэлье. Харин энэ бүхний дараа чи намайг явтал надтай хань болон хамт байж чадах уу гэдгээ шийдээрэй. Үнэндээ би чамайг л гэж ирсэн шүү … Би нөхөртөө хайргүй ээ, яалт ч үгүй охиныг нь гаргасан, бас намайг зовж явахад тусалсан их сайн хүн бас надад дэндүү хайртай болохоор нь би салж чадахгүй. Би ингээд л хувь тавилантайгаа эвлэрэхээс өөр аргагүй боллоо. Харин чамтай уулзаад үнэхээр сайхан байна. Чи миний охины зургийг үзэх үү? Тэрээр түрүүвчээ нээн энэ миний ганц амин эрдэнэ дээ … Нэрийг нь би Нани гэж дуудаг юм. Чинийхээ нэрийг оруулж байгаа нь тэр
Наагий зургийг хараад царай нь цэл хөхрөв. Түүний өмнөөс буржгар тас хар үстэй, бүлтгэр алаг нүдтэй, хөөрхөн инээмсэглэсэн өнгөт арьстан охин мишээж байх нь тэр.
Чи…чи Туяа чи нээрээ ярьж байна уу?
Би юу хэлэхэв дээ … миний охин хөөрхөн байгаа биз, яг аавыгаа дуурайсан, надаас миний инээмсэглэлийг авсан гэдэг юм … тэрээр ингэж хэлээд сулхан инээмсэглэлээ.
Үгүй, би итгэж чадахгүй байна. Чамд өөр хүн олдоогүй гэж үү?
Яасан, хар арьст хүн, хүн биш юм уу. Би чамайг ингэж хүлээж авна гэж бодож байлаа. Намайг уучлаарай. Би хайргүй ч гэлээ тэр хүнээс салж чадахгүй ээ. Наагий юу ч хэлж чадсангүй, үнэндээ юу ч хэлэх билээ дээ.
Тэрээр одоо бол Туяаг яагаад ч юм өрөвдөх, харамсах сэтгэл төрж байлаа. Гэтэл өөрөө тэр харь хүнээс ч дор загнаж Должмаагаа мартчихсан байдаг. Би гэж яахаараа ийм тэнэг хүн байнаа. Дөнгөж саяхан л хайртай гээд хонон, өнжин санан сууж байгаагүй гэж үү … би ийм өөдгүй худалч, хуурамч юм гэж үү … тэрээр өрөөн дотуураа холхин байтал үүднийх нь хонх дуугарав. Наагий очин үүдээ тайлтал Туяа инээмсэглэсээр орж ирээд гарч юм үзэх үү гэснээ сайн байна уу Адъяа эгч ээ? хэмээн мэндэлвэл хариу өгөхгүйд жаахан гайхан Наагий уруу харвал тэр ч гэсэн дүнсгэр харагдана. Тэр хоёр тэгэс гээд гэрээс гаран Туяа сая нэг ам нээн
Адъяа эгч уурлаж байна уу?
Зүгээр ээ, бид хоёр жаахан ам зөрөөд
Аан… ингээд л чамтайгаа явах ямар сайхан юм бэ…гээд жаахан охин шиг хөөрцөглөн түүнийг сугадан авлаа. Наагий хариуд нь инээмсэглэсэн боловч дотороо Должмааг л бодон явна. Туяа юм ярин түүндээ өөрөө баясан инээж, Наагий хариуд нь ганц нэг үгээр хариулан дагаж инээмэр болж явна. Тэр хоёр унаанд суухаар буудалруу алхангаа ийнхүү хөгжилдөн дэлгүүрийн хажуугаар гартал Должмаагийн аавтай халз тулчихав. Наагий сандран
Сайн байна уу та? хэмээн арайхийн хэлтэл. Данзан түүний өөдөөс арай ч дээ хүү минь гэсэн янзтай хараад юу ч дуугаралгүй цааш нуруугаа үүрэн явлаа.
Должмаа хотод шөнө орж ирэв. Байшин барилга, тоо томшгүй олон гэрэл, дуу шуугиан нэг л сонин санагдана. Тэрээр энэ бүхнийг их санасанаа сая л мэдэрлээ. Хөдөө нам гүм, сайхан байсан ч ижил дасал болсон газрыг нь яаж гүйцэхэв дээ. Тэрээр 5 шар дөхөөд ирвэл хотын хөдөлгөөн бүр ихсэв. Хэдий явган хүмүүс цөөн байсан ч машины хөдөлгөөн тасралтгүй цувсаар. Төд удалгүй гэртээ ирлээ. Ээж нь сайхан гурилтай шөл хийчихсэн хүлээж байв.
Миний охин чинь ямар хөөрхөн бондойгоод өнгө ороо вэ, хөдөө агаарт ийм л сайхан даа. Алив хувцасаа тайл хоолоо ид. Должмаа өрөөндөө орж хувцасаа тайлангаа бушуухан утсаа цэнэглэн Наагийгаас мессэж ирж үү хэмээн шалгавал ганцхан л ирсэн байв. Тэрээр урамгүйхэн утсаа тавиад усанд ороод гараад ирье хэмээн хэлээд банны өрөөнд орлоо. Түүний бас нэг ихээр санаж байсан юм нь шүршүүртэй халуун ус аж. Уснаас гарч ирэн дахин утсаа харвал бас л юм алга байна. Хэдий өөрөө залгахийг хүсч байсан ч биеэ барин тэвчлээ. Хооллох хоорондоо ээж, аав хоёртоо явсан газрын сонин хачиныг хуучилна. Хоёр хөгшин ч тийм шүү, үгүй мөн сайхан даа, биднийг явж байхад тийм юм байсан хэвээрээ байна уу? гээд л асууж гарав. Должмаа за охин нь унтлаа, замдаа жаахан ядарлаа. Гурвуулаа маргааш үргэлжлүүлнээ гэснээ нээрээ Наагий ирж байв уу хэмээн асуугаадхав. Норжин
Тэгээд л тэр хар юмаа гэдгийн ирээгүй ээ, ирээгүй чамайг байхгүйд юу л гэж ирэв гэж. За унт охин минь. Маргаашаас ирлээ гэдгээ хэлж үз. Өнөөдөртөө эртхэн унтсан нь дээр хэмээн бувтнав. Данзан хажуунаас нь нэг өдөр ирсэн охин минь. Надтай шатар нүүж байтал чиний захисан юмыг авах гээд нэг хар хүн ирээд, Наагий бэлдэж өгсөн. Должмаа дуу алдан
Пээ, Наагий бэлдэж өгсөн юмуу, балай юм бэ, ээж байхгүй байсан юм уу. Ээж та нээрээ алдаг гар шүү надад хэлэхгүй хоёр сар хөдөө цөлчихөж байгаа юм даа …. хэмээн хошуугаа унжуулан эрхлээд ээж, аав хоёртоо үнсүүлэн унтахаар явлаа. Тэрээр Наагий уруу ирсэнээ одоо хэлэх үү маргааш хэлэх үү хэмээн бодлоо. Уг нь ирэнгүүтээ яриараа гээд мессеж үлдээсэн л байна. Нээрээ ч утас болохгүй байхад юу л гэж бичээд байв гэж хэмээн өмөөрөнгүй бодоод өглөө болъё одоо их ядарч байна унтах минь.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх