Лаос улсад хүмүүнлэгийн тусламжаар 1050 толгой хонь бэлэглэлээ

2018 оны 11-р сарын 23 өдөр, 13 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Sequence_16.03_46_31_22_.Still004_

Монгол Улсын Засгийн газар 2010 онд БНАЛАУ-д хүмүүнлэгийн тусламжаар 1000 толгой үржлийн хонь бэлэглэх тухай албан ёсоор мэдэгдэж байсан. Үүнээс хойш хоёр орны хооронд зохион байгуулагддаг өндөр дээд хэмжээний уулзалтын үед Лаос улс энэ асуудлыг хөндөж ард түмэн, төр засгийнхаа өмнөөс талархал илэрхийлэн хоёр орны харилцааны нэгэн чухал сэдэв болсоор ирсэн.

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 8 сарын 15-ны өдөр 254 дүгээр тогтоол гаргаж Лаос улсад хүмүүнлэгийн тусламжаар 1000 толгой үржлийн хонь олгох тухай шийдвэрлэсэн. Үүнийг дагуу ХХААХҮЯ болон бусад холбогдох яамд, төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан Лаос улсад хүмүүнлэгийн тусламжаар үржлийн хонь олгох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг Монгол улсад суугаа Лаосын элчин сайдтай хамтран шуурхай ажилласны үр дүнд энэ ажлыг богино хугацаанд амжилттай зохион байгуулж байна.

Монгол, Лаос 2 орны харилцаа 1962 онд дипломат харилцаа тогтоосон цагаас эхлэн “Бие биеэ дэмжин харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчим”-аар хөгжиж ирсэн. Тухайлбал: Монгол Улсын Засгийн газраас 60 ортой Монгол-Лаосын Найрамдал эмнэлэг, 200 хонь, ямааны үржлийн аж ахуйг 1984 онд тус тус буцалтгүй тусламжаар байгуулж өгсөн.

Өнөөдөр Лаос улсад хүмүүнлэгийн тусламжаар олгох 1000 толгой үржлийн хонийг ОХУ-ын тээврийн онгоцоор Чингис хаан нисэх онгоцны буудлаас Лаос улс руу хүргүүлж байна. Энэхүү хүмүүнлэгийн үйлс нь  Монгол, Лаос улсуудын уламжлалт найрсаг харилцааны илэрхийлэл болж, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд  чухал хувь нэмэр оруулж байгаа явдал бөгөөд Монголын Засгийн газраас олгож буй энэхүү тусламж нь Лаос Улсын мал аж ахуй, ялангуяа хонь, ямааны аж ахуйг хөгжүүлэхэд чухал түлхэц болно.

Цаашид Монгол Улсаас Лаос Улсад хонь, ямааны гүн хөлдөөсөн мах, хивс, малын эм, вакцин, Лаос Улсаас Монгол Улсад цагаан будаа, элсэн чихэр, цай, кофе, модон эдлэл зэрэг бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх зэргээр хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх