Б.Гүнчинсүрэн: Түүх, Археологийн хүрээлэн малтлага судалгаанд оролцоогүй

2018 оны 11-р сарын 21 өдөр, 10 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15427685565bf4c7ac6f388

Өчигдөр Баянхонгор аймгийн Заг сумын иргэд түүх археологийн нэр бүхий судлаачдыг ТЕГ-т шалгуулахаар хандаж байгаа талаар мэдээлэл хийсэн билээ.

Энэ талаар Заг сумын Эх булаг хэмээх газарт хайгуул судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Б.Гүнчинсүрэнгээс тодрууллаа.

-ШУА-ийн түүх археологийн хүрээлэн “Цэнтрал Эшиа Майнинг” компанийн захиалгаар хайгуул судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Сумын иргэд тайлангаа тавихыг шаардаж байна. Энэ тал дээр танай хүрээлэн ямар байр суурь илэрхийлэх вэ?

“Цэнтрал Эшиа Майнинг” компани манай байгууллагад соёлын өвийг хамгаалах хуулийн холбогдох заалтын дагуу лицензийн талбай дээр хайгуул судалгааны ажил хийж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан байдаг. Үүний дагуу манайхаас судалгааны баг очиж тус талбайд хайгуул судалгааны ажлыг нь хийж өгсөн юм. Тодорхой хэмжээний нилээд олон тооны дурсгалын зүйл олсон.

Хайгуулыг дараа нь Эх булаг ууланд хайгуул, олборлолтын ажлыг хийж магадгүй гэсэн үүднээс манай хүрээлэн энэ талбайг малтан судлах ёстой. Дараа нь албан ёсоор талбайг чөлөөлж дурсгал хэрэглэгдэхүүнийг хүрээлэнд шилжүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Хармасалтай нь  Тус компани манай хүрээлэнгээр малтлаг судалгааны ажлаа хийлгээгүй. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн эрдэмтдээр хийлгэсэн байсан. Ямар шалтгаанаар гүйцэтгэгчээ сольсныг нь хэлж мэдэхгүй байна.

Хайгуул болон малтлага судалгааны ажил хийдэг цөөхөн хэдэн байгууллага байдаг. Түүний албан ёсны мэргэжлийн үнэлгээний байгууллага гэдэг утгаар манай хүрээлэн  хайгуул судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Харин малтлага судалгааны явцад юу хийж, хичнээн тооны дурсгал малтаж судалсан талаарх мэдээлэл манайд  байхгүй.

-Хайгуул судалгааны явцад олон тооны дурсгал олдсон гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

Манай хүрээлэн судалгааны явцад хичнээн тооны дурсгал илрүүлэн олсон тэр бүх мэдээллээ хүрээлэнгийнхээ номын санд хадгалсан байгаа. Мөн жил болгоны хоёрдугаар сард зохион байгуулдаг “Монголын археологи” хэмээх эрдэм шинжилгээний хуралд хайгуул судалгааны ажлаар хэдэн тооны дурсгал олсон гэдгээ албан ёсоор мэдэгдэж зарласан байгаа.

-Хайгуул судалгааны ажлаа хийсэн бол тайлан тавих ёстой гэсэн байр суурийг иргэд илэрхийлээд байна.  

“Монголын археологи 2017” хурлын эмхэтгэлд олсон дурсгалын тоо, дурсгал олдсон аймгууд, захиалагч компаний талаарх бүх мэдээллийг хавсарган оруулсан байгаа. Үүнийгээ хэвлэлд мэдээлэн нийтийн хүртээл болгочихсон байгаа. Энэ тал дээр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн эрдэмтэд хэдэн дурсгал малтсан талаар хэлж чадахгүй байна.

-Яагаад хайгуул хийсэн газар биш өөр газраар малтлага хийлгэсэн юм бэ?  Ер нь танай хийх ёстой ажил байсан уу?

Хайгуул судалгаа хийснийхээ хувьд малтлаыг ч хийх ёстой байсан. Тус компаниа манайхаас үнийн санал ч хүлээн авчихаад байсан. Гэтэл манай хүрээлэнгээр хийлгээгүй, өөр газрыг сонгосныг сүүлд мэдсэн. Ямар шалтгаантайг үнэндээ мэдэхгүй байна.

Х.Соёл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх