УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нарын зэрэг гишүүд “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Уг албан бичигт:
“Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, 43 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт болон 12 дахь заалтыг баримтлан дараах үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцруулах санал гаргаж байна. Үүнд:
Нэг. ЖДҮХС-гийн хөрөнгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн болон хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомж зөрчин тэрбум тэрбумаар нь тараасан үйлдэл Монголын олон нийтийн зүй ёсны дургүйцлийг хүргэж байна. Засгийн газрын нэр бүхий гишүүд энэ бусармаг үйлдлийг зохион байгуулж, амин хувьдаа их хэмжээний ашиг олоод зогсохгүй, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч ажлын албаны даргаараа дамжуулан энэ асуудалд хутгалдан оролцож, зарим аж ахуйн нэгжид шууд зээл олгуулсан байж магадгүй тухай мэдээлэл гарч байна.
Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, ёс зүйн алдаа гаргасан, магадгүй эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн байж болох Засгийн газрын гишүүд болон төрийн бусад албан хаагчдад ёс зүйн болон улс төрийн хариуцлага тооцох тухай УИХ-ын гишүүдийн шаардлагад Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоо болтол хариу өгөөгүй байна. Харин ч эсрэгээрээ, шаардлага тавьсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох тухай ярьж, тэднийг гүтгэн доромжлох нь хэрээс хэтэрлээ.
Төрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, нэн хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд бизнест хүртээхийн оронд төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн болон хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд тараах нөхцөлийг бүрдүүлсэн, үүнээс урьдчилан сэргийлж чадаагүй, Засгийн газрын гишүүддээ чиглэл даалгавар өгч удирдлагаар хангаагүй, ёс зүйн алдаа гаргасан, хууль зөрчсөн танхимын гишүүддээ хариуцлага тооцохгүй, тэднийгээ хаацайлан хамгаалж байгаа нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “…шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна. Засгийн газар үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнана” гэсэн Үндсэн хуулийн 41 дүгээр зүйл, “Засгийн газар төрийн хуулийг биелүүлж… Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж хангах” гэсэн Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Зургаа. У.Хүрэлсүхийн Засгийн газрын зөвшөөрөл, шууд дэмжлэгтэйгээр гадаад гүрний тусгай албад манай улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлах хууль бус үйл ажиллагаа явуулж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд ноцтой аюул учрууллаа. Туркийн албаны хүмүүс энэ үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газартай зөвшилцөж явуулсан гэдгийг албан ёсоор удаа дараа мэдэгдсэн бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд халдсан, Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн энэ бусармаг үйлдлийг зөвшөөрсөн, эсхүл урьдчилан сэргийлж, таслан зогсоож чадаагүй холбогдох төрийн албан хаагчдад хуулийн дагуу хатуу арга хэмжээ аваагүй, мөн Монгол төрийн албан хаагч ажлын байран дээрээ бусдад зодуулж амь насаа алдсан аймшигт хэргийн улс төрийн хариуцлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээх ёстой гэж үзэж байна.
Долоо. Өмнөх Засгийн газрын ажлын үр дүн, ОУВС-гаас олгож буй санхүүжилтийн ачаар Монгол Улсын эдийн засаг өнөөдөр сэргэж, өсөлттэй явна. Гэвч У.Хүрэлсүхийн Засгийн газрын ажилласан сүүлийн 1.4 жилд эдийн засгийн өсөлт өмнөхөөсөө саарч, шатахууны үнэ өсч, монгол төгрөгийн ам доллартай харьцах ханш огцом суларч, ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа болон бууж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилтод нийцүүлэн эдийн засгийг зохицуулах үүргээ биелүүлж чадахгүй байна.
Иймд Монгол Улсын Их Хурлын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гээд, нэр бүхий 27 гишүүн гарын үсэг зуржээ.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс