ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамтай хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа

2018 оны 11-р сарын 20 өдөр, 10 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
46482330_2264431686923612_2022924077383024640_n

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын орлогч сайд М.А.Боровскаятай уулзаж, хоёр орны дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, 2019-2020 онд дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурлаа.

ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгож буй квотыг бүрэн ашиглах, суралцах чиглэлийг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, шаардлагатай нийцүүлэх түүнчлэн тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр өдгөө Эрхүү хотноо Байгалийн их сургуульд суралцаж буй 10 оюутныг цаашид ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хамруулах мөн ОХУ-д төгсөгчдөд дипломын хамт голч дүнгийн тодорхойлолтыг олгож байх зэрэг асуудлаар ярианы сэдэв төвлөрлөө.

Сайд Ц.Цогзолмаа, “ОХУ-ын төгсөгчдийн диплом сайн, онц гэх мэт дүнгийн жагсаалттай ирдэг. Төгсөгчид маань бусад оронд магистр, докторын хөтөлбөрт үргэлжлүүлэн суралцахад голч дүнгийн тодорхойлолт нэхдэг ба үүнийг төгссөн сургуулиасаа авахад хугацаа алдах, өгөхгүй байх зэрэг хүндрэл чирэгдэл үүсдэг. Иймд Болонийн конвенцийн аргачлалаар голч дүнг гаргаж, дипломын хавсралт өгч байх талаар тохиролцлоо.

Мөн худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дэд комиссын XII хуралдааныг Москва хотноо 2018 оны 2 дугаар сард амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлж дараагийн хурлыг Улаанбаатар хотноо 2019 онд зохион байгуулахаар талууд санал нэгдлээ.

Хоёр улсын эрдэм шинжилгээний байгууллагууд болон их, дээд сургуулийн хоорондын хамтын ажиллагаа маш идэвхтэй ажиллаж байгаа. Тухайлбал, 2018 онд МУИС дээр Москвагийн их сургуулийн сургалт-судалгааны Ломоносовын төвийг байгуулаад буй. Тус сургуульд Орос хэлний бэлтгэл факульетийг шинээр нээж энэ хичээлийн жилд 100 орчим оюутныг элсүүлэн суралцуулж байгаа юм.

Ийнхүү хоёр тал олон асуудлаар санал солилцсоны эцэст 2020 он хүртэл дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх