Монголд бие засах газрын асуудлыг бүрэн төгс шийдэж чадаагүй байна

2018 оны 11-р сарын 19 өдөр, 12 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
????????????????????????????????????

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор дэлхий дээр 2.4 тэрбум хүн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар дутагдалтай байна.

Ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуйн нөхцлийг сайжруулснаар суулгалт өвчнийг 26 хувь, нас баралтыг 65 хувиар бууруулна гэсэн судалгаа байдаг.

Ариун цэврийн байгууламж буюу жорлонд нэг ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд эрүүл мэндэд зарцуулах зардлыг 5.5-8 ам.доллараар хэмнэж болох тооцооллыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан байна.

2015 оны байдлаар дэлхийн хэмжээнд сайжруулсан ариун цэврийн байгууламжийн тоо 2000 онтой харьцуулахад 68% болж 9.0%-иар өссөн боловч 2.4 тэрбум хүн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжгүй, 946 сая хүн жорлонгүй (ТХЗ, 2016) амьдарч байна. Ийм ч учраас сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хүн амыг хангах нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна.

Монгол улсын хүн амын 68 хувь нь 2015 оны байдлаар хот суурин газар амьдарч байна. Харин нийслэлд 1.4 сая хүн амьдарч байгаагийн 48.8 хувь нь сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хангагдсан, гэр хорооллын айл өрхийн 97.3 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй учраас энгийн нүхэн жорлон ашиглаж байгаа юм.

Хөрсний бохирдлоос шалтгаалсан суулгалт өвчний тархалт буурахгүй байна

Үндэсний статистикийн хорооны Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар шаардлага хангасан ариун цэврийн байгууламж ашигладаг хүн амын эзлэх хувь улсын хэмжээнд 2014 онд 58.3 хувь, үүнээс хотод 69.1 хувь, орон нутагт 39.4 хувьтай байна. Иймд гэр хороололд амьдардаг өрхийн хувьд эрүүл ахуйн шаардлага хангасан, байгаль орчинд сөрөг нөлөөгүй ариун цэврийн байгууламжийг барьж, ашиглах нь анхаарал татсан тулгамдсан асуудлын нэг болж байна.

Энгийн нүхэн жорлонгоос шууд хамраалтайгаар хөрс, ус, орчны бохирдол нэмэгдэж байна. Гэр хорооллын айл өрхүүд бие засах газартай ч энэ нь стандартын шаардлага хангахгүй байгаа нь хөрс, ус, гадаад орчныг бохирдуулсаар байна. Хамгийн аюултай нь хүний ялгадсаар хооллосон ялаа, шавьжаар дамжин хоол хүнс, эд хогшил, бохирдож улмаар тав хүртэлх насны хүүхдийн дундах суулгалт өвчний тархалт буурахгүй байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2013 онд хийсэн хөрсний бохирдлын байдлын шалгалтын дүнгээс үзэхэд хяналтад хамрагдсан гэр хорооллын 370 өрхийн энгийн бие засах газрын 50.2 хувь нь доторлогоогүй нүхтэй буюу бохироо хөрсөнд шууд шингээдэг, зөвхөн 14 хувь нь соруулж зайлуулдаг, 45.4 хувь нь бохир усаа нүхэн жорлондоо хийдэг байна.

Монгол Улсын хэмжээнд одоогоор хаана ч бие засах газрынхаа асуудлыг цэвэрхэн, хүртээмжтэй, аюулгүй, орчиндоо бохирдол үүсгэхгүй байхаар бүрэн төгс шийдэж чадаагүй л байна.

Мөн хөдөө, орон нутагт нийтийн бие засах газар, сургууль, цэцэрлэг, гэр хорооллын өрхийн  багахан хувь нь ариун цэврийн сайжруулсан байгууламж ашиглаж байна.

Гэр хорооллын 90 хувь нь шаардлагагүй хангаагүй жорлон ашиглаж байна

Гэр хорооллын айл өрхийн стандартын шаардлага хангаагүй бохир усны цооног, бие засах газрыг дүүрсэн үед нь шороогоор булж, зэргэлдээ газар шинээр дахин жорлонгийн нүх ухдаг нь хөрсийг гэмтээн бохирдуулж байна. Судалгааны дүнгээс харахад Улаанбаатар хотын нийт гэр хорооллын 180 мянга гаруй айл өрхийн 90 гаруй хувь нь энгийн, шаардлага хангаагүй нүхэн жорлон ашиглаж байна (НЭМХ, 2016). Иймээс сайжруулсан ариун цэврийн байгууламжийг өрх болон оршин суугчдад хэрхэн барьж ашиглах талаар дадал эзэмшүүлэх, эрүүл ахуйн дадал бий болгоход бидний өмнө томоохон гарц шийдэл бий болгох шаардлагатай байна.

 21-р зуунд дэлхий нийтийн анхаарал татаж байгаа гол асуудал бол хүн амыг ундны усаар хангах, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг дээшлүүлэх явдал болоод байна.2015 онд “Нүхэн жорлон, угаадасны нүх, MNS5924:2015”үндэсний стандартбатлагдан хэрэгжиж эхлэж байна. Уг стандартаар төвлөрсөн болон бие даасан ариутгах татуургын системд холбогдох боломжгүй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын ахуйн хэрэгцээнд хэрэглэх зориулалттай нүхэн жорлон, угаадасны нүхний зураг төсөл зохиох, барьж ашиглах, хяналт тавихад мөрдөгдөх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх