Ертөнц өөрийн гэсэн мянган өнгө, түмэн аялгуутай. Баяр жаргал, уйтгар гуниг бүхэн аялгуу эгшигээр илрэн, дуу хоолойгоор дамжин, хүний чихнээс сэтгэл рүү уусан шингэдэг. Харамсалтай нь энэ хоёр хөөрхөн охин төрөлхийн сонсголгүй. Тэд яаралтай хагалгаа хийлгэхгүй бол хэзээ ч юм ярьж чадахгүй хэмээн эмч нар оношилж байгаа.
Төрөлхийн сонсголгүй төрсөн эгч дүү хоёрт дунгийн суулгац суулгах хагалгаа хийлгэхээр эмчилгээний зардал цуглуулж байна. Нэг чихний хагалгаа хийж, дунгийн суулгац тавихад 36-40 сая төгрөг. Үүнээс Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт үзүүлээд 9 орчим сая төгрөг болдог юм байна.
Харамсалтай нь Монголын эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж байгаа хууль нэг хүний нэг чихийг эмчилэхэд л хөнгөлөлт үзүүлдэг. Тиймээс нэг хүүхдийн хоёр чихийг эмчлэх хагалгааны зардал 42 500 000 төгрөг болно гэдэг тооцоог эмч нар гаргажээ. Хоёр охины эмчилгээний нийт зардал 85 000 000 сая төгрөг. Энэ мөнгө дөрвөн хүүхэдтэй залуу гэр бүлд маш их мөнгө. Тиймээс тэд сайхан сэтгэлт монгол түмэндээ хандан тусламж хүсч байна.
Төрөлхийн сонсголгүй хоёр жаахан охинд гар дэлгэн туслахыг та бүхнээсээ хичээнгүйлэн хүсч байна. Б.Сондор, Б.Анхилуун хэмээх энэ хоёр охин хагалгаанд орж, дунгийн суулгац суулгаснаар сонсдог, ярьдаг болж чадна. Өнөөдөр таны илгээсэн сэтгэлийн хандив хоёр охины ирээдүйг гэрэлтүүлж чадна.