БОЛЖМОР : Сэтгэл сохорсон байж хайрт минь…..төгсгөл

2018 оны 11-р сарын 15 өдөр, 18 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2-10-728x420

Маргааш нь өдөржингөө бодсоны эцэст жаахан ч гэсэн хүн чанар нь зулгааж, бас ч гэж өөрийг нь зааж өгөлгүй хоригдсонд тэрээр жаахан ч атугаа зүрх нь хайлав. Ажил тарахын алдад Болормаа руу утасдан бэлдэж бай хэмээн хэлчихээд яахыгаа сайн гэгч нь бодлоо.
****
Тунгалаг өнгөрсөн бүхнийг бодон өрөөндөө гансран сууна: “Яаж яваад юун дээр алдаа гаргачихваа. Яагаад би одоо ингээд энд хэнд ч хэрэггүй болоод сууж байдаг билээ. Цогтоо минь намайг уучлаарай. Би юу гэж чамайг эд нарт хэлэхэв дээ. Хэрвээ би тэр үед өөдгүй муу новшийн арганд ороогүй байсан бол… арай ч дээ. Бүх юм хоромхон зуурын дотор орвонгоороо эргэлээ гэж үү. Тэрээр нүдээ анин Цогтоотой танилцсанаас хойших бүх өнгөрсөн өдрүүдээ дурсан саналаа. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг байх аа… тэрээр ингэж бодсон ч гэсэн хацарыг нь даган харууслын нулимс өөрийн эрхгүй урссаар. Цогтоо надад чадахгүй гэж хэлсэн гэхдээ арай ч бас аман дээрээ л тэгсэн байлгүй дээ, үгүй ядахдаа нутаг нэгтэн байна даа, би мэдээж буцаагаад төлчихнө ш дээ”
Тэр өдрөө Цогт үнэхээр ирсэнгүй. Ер нь би хэнд итгэж, юунд найдаж, амьдраад байгаа юм бэ… өдий насалчихаад мөн ч гэнэн, хөнгөн байна даа. Би үрээ л гэсэн, анх ирсэн зорилго минь ч хүүгээ л авчирч энд суурь боловсрол эзэмшүүлэх байсан. Би хэтэрхий яарсан юм болов уу. Хүүгээсээ хол бэтгэрч байгаа зовлонг над шиг хүмүүс л ойлгох байх…
Маргааш нь дахин бодолд автан орон дээрээ хоёр хөлөө боривоороо нугалан өвдгөө эвхэн сууж байтал эргэлт ирлээ хэмээн дуудав. Тунгалаг надад уу хэмээн лавлан асууснаа баярласандаа гүйхээрээ гарлаа. Эргэлтийн өрөө дөхөх тусам хоёр өвдөг нь чичирч, хөлнөөс нь хүнд туухай зүүсэн мэт явж ядна. Тэрээр явуут дундаа үсээ илэн арагшлуулаад очтол Болормаа байлаа.
Чи минь яаж байна… хэцүү байна уу? Би өөр ажилд орсон тэгээд өнөөдөр нэг зав гараад таньдаг хүнээ гуйж ирлээ
Тунгалаг нүдээрээ хэн нэгнийг хайгаад харагдсангүйд урам нь хугаран
Үгүй яахав дээ, ямар л олиг байв гэж. Уг нь 2000 доллар байвал бичиг баримттай хүн барьцаанд аваад гаргаж болох юм байна. Би тэгээд өчигдөр Цогтооруу ярьсан чинь чадахгүй гэнэ. Чи цаадахтайгаа уулзаагүй биз? хэмээхэд Болормаа мэгдэн сандарч
Тийм үү, уг нь яаж ийж байгаад олчихвол… тэгээд заавал бичиг баримттай хүн гэхээр. Найз нь юу ч болов сураглая, энд байх дансанд чинь хэдэн доллар хийсэн, чи ойр зууртаа хэрэглэж бай. Би бүх юмыг чинь аваад явж байгаа. Цогтоо тэгвэл нэг ирэх байлгүй дээ…
Тунгалаг санаа алдсанаа: Үгүй биз дээ. Намайг үзэн ядчихсан явж байгаа биз. Чадахгүй гэж байна лээ. За чи минь хүнд дайгдаж яваа юм бол эртхэн буцдаа баярлалаа хэмээн хэлээд эргэн явлаа. Түүний хамаг горьдлого найдвар тасарч. За яахав очих нутаггүй хүн байгаа биш. Хүний газар ингэж үзээгүйгээ үзэж, аль муугаараа хэлүүлж явахаар харьсан ч дээр юм уу даа. Тэртээ тэргүй болоод л байсан, болох л биз…хэмээн шийдлээ.
Болормаа машин дээр их л бодлогширонгуй ирэв.Тунгалагийг хараад үнэхээр их өрөвдлөө. Цогт юу ч асуулгүй машинаа асаан хөдлөхөд Болормаа
Чи ядаж яаж байгааг нь асуухгүй юмуу?
Ямар байгааг нь мэдэж байгаа юм чинь юуг нь асуух юм
Чи ийм хүн байсан гэж үү, би ч тэр Тунгалаг ч тэр чамайг арай өөрөөр бодож хүндэлж явдаг байсан юм. Чи тэр мөнгийг нь өгөөд гаргаад авчихад юу нь болохгүй байгаа юм бэ, бид хоёр зэрэг ажил хийгээд төлөөд дуусгачихъя
Яахаараа би гаргах ёстой гэж. Одоо л намайг хэрэгтэйг санаж байгаа юм уу. Хэн нь эхэлж хуурлаа, хэн нь эхэлж хүний сэтгэл рүү ус цацлаа… Тиймээ, тийм би ийм л муу хүн, чи ч гэсэн эртхэн намайг мэдсэн бол одоо явсан ч болно за. Угаасаа танай найз чинь тийм байгаа юм чинь чи ч гэсэн адилхан л байгаа… би чамайг хэзээ ч хайрлаж байгаагүй… зүгээр л хэмээн цааш хэлэх гэснээ амаа хамхилаа. Болормаагийн хоолой нь чичрэн, нүдэнд нь нулимс цийлэлзэн
Чи ч ёстой новш юм даа. Би явнаа, явна за тун удахгүй явна. Дургүй хүрч байна хэмээв.
Үнэндээ Цогтын дотор шатаж байлаа. Тэрээр Тунгалагийг Болормаатай уулзаж байхыг нууцаар хараад өөрийн эрхгүй өр нь эмтэрэв. Тэр нэг ороод гаргаад авдаг юм уу гэснээ жаахан хашраг, хэд хоногоос дахин өөрөө гуйж утасдвал тэр үед нь гаргаж авъя хэмээн бодоод машиндаа ирэн хямарч суутал дээрээс нь Болормаа ирж шарыг нь улам малтан угийн зөрүүд, шартай хүн өөрийн бодлоо хэлэлгүй хамаг бухимдлаа Болормаад гаргажээ.
Маргааш нь гэртээ иртэл Болормаа “ Чамд сайн сайхныг хүсье баяртай ” гэж бичээд явчихсан байв.
Цогт хамаг юмаа шидлэн байснаа нэг сайхан тамхи татан уртаар амьсгаа авч хэсэг суулаа. Тунгалаг ярьсанаас хойш 5 хонолоо. Цогт тэсэхээ болин мөнгөө аваад хоригдож байсан газарт нь очвол 3 хоногийн өмнө нутаг руугаа ачигдсан хэмээх үг тэртээ алсад цуурайтах нь тэр. Цогт хий л бухимдахаас хэтрэхгүй өөрийгөө зүхсээр буцав.
Болормаа Цогтынхоос гараад буудалд хэд хоног байрлахаар болов. Тунгалагийг эргэж очсоны нөгөөдөр нь Тунгалаг утсаар ярин маргааш нутаг буцлаа. Найзынхаа юмыг боломж байвал хойноос явуулчихаарай. Миний найз биеэ бодож яваарай. Найз нь олигтой ч тус хань болж чадсангүй. Одоо хүү дээрээ очлоо. Сайхан байна шүү. За баяртай гээд утсаа таслав. Болормаа ингээд гав ганцаараа үлддэг байжээ. Одоо Цогтоо дээр буцаад очих уу, үгүй яасан ч очихгүй, юу юу гэлээ… арай ч дээ, надад бас өөрийгөө хүндлэнэ гэж юм байдаг юм шүү. Их юмаараа гайхуулж дээ. Уг нь арай л өөрөөр бодож явсан хүн ийм зан гаргах гэж.
Маргааш нь ажил дээрээ байтал тэрээр нэг л сулбайгаад нойр нь хүрээд, хажуугаар нь өлсөөд хэцүү болж ирэв. Гайхан арай хэмээн бодоод яаран хажуугийн Волгрэнс дэлгүүр орон тест аваад үзтэл жирэмсэн болчихсон байв. Нээрээ юугаа бодож хамгаалалтгүй ойртсон байна. Би одоо яах ёстой вэ!!!!
Яагаад ч юм баярлах ч шиг, бас айх ч шиг болж ирэв. Болормаа нилээн бодлоо: “Нас ч 30 гарчихлаа. Яахав дээ хэзээ нэгэн цагт хайрлаж явсан залуугаасаа хүүхэдтэй болоо л биз. Тэртээ тэргүй нөхөр нь салсан, хүүхэдтэй хүүхнүүд зөндөө л байгаа. Одоо ямар нэг их эвэртэй туулай үзсэн мэт хүлээж авах биш. Ганц хүүхэд яаж ийж байгаад өсгөж дөнгөх байлгүй. Харин энд хүний нутагт ганцаараа тэгээд жирэмсэн ажил хийнэ гэдэг худлаа. Яагаад ч амжихгүй. Цогтоод энэ тухайгаа одоо хэлмээргүй байдаг… аягүй л бол гаргахгүй гэвэл, эсвэл намайг харж үзэхгүй бол би улам л хэцүүднэ. Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэдэг байх аа… ер нь харинаа” хэмээн эцсийн шийдээ гаргаад зоригтой нь аргагүй инээмсэглэн өөртөө хүч өглөө.
Цогтийн утас дуугарахаар нь харвал дугаараа нуусан байлаа. Тэрээр нойрмог дуугаар Байна уу хэмээн автал Болормаа
Би билетээ захиалаад хамаг юмаа бэлдчихлээ. Чи намайг маргааш нисэх хүргэж өгөөрэй, надад өөр хүн байхгүй шүү, хаягийг нь мессежээр явуулчихъя гээд хариу хүлээлгүй утсаа тавьлаа. Түүнд Болормаагийн нүүрийг харах эрх байсангүй. Жаргалруу утасдан гуйтал ашгүй зөвшөөрлөө.

Нэг жилийн дараа…

Цогт хаяа нөгөө хоёрыгоо санан өрөвддөг байв. Би ч ер нь хүнээ байж байгаа юм байна даа. Ямар ч их тэнэг юмнууд хийгээв дээ. Одоо нэг харьчихаад ирье. Аав ч дуудаад байна. Нутгийн наадам, аавын ой, гавъяатын найр гээд ууган хүүгийн хувьд заавал байх ёстой, тэгээд ч өөр хамгийн том бөгөөд хүндхэн нэг ажлаа амжуулах хэрэгтэй байна. Ойрын хэдэн жилдээ харьсангүй. Одоо л амжиж очихгүй бол тэрээр насан туршдаа харамсах юм шиг санагдаад байв. Цогтоо өнгөрсөн нэг жилийн дотор ихийг ухаарч ойлгожээ. Тэрээр ямар ч гэмгүй байсан Болормааг даанч дэндүү гомдоосондоо одоог хүртэл харамсан сууна. Цогт үнгэгдэж нугалагдсан цаасыг түрийвчнээсээ гарган уншаад санаа алдан буцаан хийлээ.
Болормааг явсанаас хойш бараг сарын дараа Жаргал тэр хоёр уулзлаа. Хоёул шар айраг уунгаа нөгөө хоёрыг ярив. Жаргал
Чи нээрээ бужигнуулчих юмаа. Би чамайг гээд итгээд явуулж байхад одоо тэгээд хэнийг нь буруутгахав дээ
Би яасан юм бэ? хэмээн Цогт өөрийгөө өмөөрлөө. Жаргал жаахан ам мурийх шинжтэй болоод ирэхээр нь за за хөгшин нь явлаа. Өө нээрээ Болормаа чамд өгөөрэй гээд нэг юм өгсөн мартчихаж. Битүү боолттой байсан болохоор би задлаагүй шүү, гараад машинаас авчих хө. Цогт гэртээ оруулж ирээд уутыг урвал Болормаагийн унтлагын хувцас гараад ирлээ. Энэ хүүхэн чинь яаж солиорч байгаа юм бол гээд хажуу тийш шидтэл дундаас нь дөрвөлжин эвхэж нугалсан цаас унав. Нэг их тоолгүй задалж уншаад хүйтэн хөлс нь гарахыг мэдэрлээ. “Уучлаарай Цогтоо … бид хоёр итгэлийг чинь эвдсэн бол. Тэгэхдээ чи ганцаараа үлдсэн хойноо бүхнийг эхнээс нь тайван бодоод үзээрэй. Би чамд сайн байсаан. Одоо хэвлийдээ үрээ тээгээд эх оронруугаа буцлаа. Хэзээ нэгэн цагт чи ухаараад үр бид хоёр дээрээ ирвэл би хүүтэйгээ хамт чамайг хүлээж байх болно. Баяртай үнсье”
Цогтоо тэрхүү зурвасыг дахин гаргаж уншаад. Би заавал очоод та хоёрыгоо олж уулзанаа. Болормаа чи минь даанч миний сэтгэл сохорсон үед учирлаа. Тэгэхдээ чамд намайг ойлгож, уучлах ухаан байгаа гэдэгт найз нь итгэж байна. Би удахгүй хэдхээн сарын дараа хүү та хоёр дээрээ нисээд очлоо. Намайгаа хүлээж байгаарай. Гурвуулаа сайхан амьдарнаа. Одоо алдаж боллоо, аархаж боллоо. Амьдралыг ойлгож ухаарах нас минь болж, сайхан элэг бүтэн амьдрах хугацаа минь ч болж. Найз нь чамайг дахиж хэзээ ч гомдоохгүй, наддаа итгээрэй хэмээгээд атгахан цаасаа зүрхэндээ наан шивнэлээ.

Төгсөв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх