БОЛЖМОР : Би чинийхээ нууцхан амраг…..3

2018 оны 11-р сарын 08 өдөр, 12 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2-10-728x420

Орших чимээгүйхэн гэртээ орон гутлаа тайлтал эхнэр нь босоод ирэв. Тэрээр гэм хийснээ нуух санаатай худлаа халамцуу дүр үзүүлэн хувцасаа тайлна. Эхнэр нь цай аяглаж өгөөд хоол халаах гэтэл хэрэггүй ээ би идэхгүй хэмээн арайхийн дуугарав. Оюумаа юу ч дуугарсангүй, хүний урманд өөдөөс нь ч харсангүй. Орших орондоо орсон хойноо өөрийгөө мэдэгдэхгүйхэн шиг үнэрлэв. Санаа дагаад ч тэр үү нэг л өөр үнэр үнэртээд байх шиг санагдахад өөрийн эрхгүй хулмалзлаа.
Оюумаа маргааш өглөө нь ч юм дуугарсангүй. Орших яриа өдөх санаатай миний хар оймс хаана байна, би хоцрох нь хэмээн хэлтэл чимээгүй босон оймсыг нь авч өгчихөөд хүүгээ хувцаслав. Тэр хоёр замдаа ч юм дуугарсангүй. Хүү нь л ойр зуурын юм шулганан явна. Орших тэр хоёрыг цэцэрлэг дээр нь буулгачихаад ажилдаа иртэл хүмүүс хүртэл мэдсэн юм шиг нэг л сонин санагдаад ер нь нэг л биш ээ. Оршихын ганц дотнын найз Дорж хэмээх нүдэнд дулаахан цэвэрхэн өндөр залуу орж ирэн.
За сайхан амарсан уу. Наад царай зүс чинь яагаа вэ. Өчигдөр туугаа юу, шартсан шинжтэй байх чинь гээд мөрийг нь алгадан инээв. Орших өөдөөс нь инээх ярвайх хоёрын дунд
Харин тиймээ хэтрүүлчихэж. Чамруу ярих гэснээ эхнэрээс чинь айгаад больчихсон
Манай эхнэр яав л гэж …за ажил гарч байх шиг байна цаана чинь.
Өдөржингөө дуудлага ихтэй завгүй гүйсээр өчигдөрийн явдал ч овоо бодогдсонгүй өнгөрөв. Орой Доржтой дежуртэй таарсан тул хоёулаа сүх далайтал үхэр амар гэгчээр, дуудлага гартал юу хийхэв хэмээн муушигдав. Тэгсэнээ Орших хоёулахнаа сонин биш байна болих уу хэмээн хэлээд хөзрөө хураав. Дорж ч гэсэн харин тийм гээд
За халтуур хэр байна ойрдоо хүнгүй шахам байна уу? хэмээн яриа өдөв.
Аан харин тийм, Доржоо би ер нь чамтай нэг юм зөвлөхгүй бол болохгүй нь. Чи бид хоёрт ямар нууц гэж байх биш. Оюутан байхаасаа л бие биеэ мэдэж нөхөрлөлөө. Би ер нь нэг хэрэг хийчихлээ
Тэр тэгэлгүй яахав, миний найз яасан жаахан охинд хулхидуулчихсан уу, одоо чинь мөнгө байхгүй оронд нь ганц унтчихъя гэдэг болсон гээ биз дээ хэмээн хэлээд чангаар инээв.
Аяархан гэм л дээ чи. Тэрнээс чинь доор юм болчихоод байна. Нөгөө амралтанд явж байхад би нэг хүүхэнтэй бүжиглээд байсан даа. Тэрэнтээ тэр өдрөөс хойш хоёр гурван ч удаа тохиолдлоор таараад, тэгээд өчигдөр уусан согтуудаа нөгөө хүүхэнтэй чинь уулзаад унтчихлаа. Оюумаатай муудалцаад гараад ирсэн байсныг ч хэлэх үү, уг нь танайд очоод хоночихъё гэж бодож байсан юм хэмээн бараг л нэг амьсгаагаар бүгдийг нь ярив. Дорж сонсож байснаа
Чи нээрээ дуугүй царайлчихаад сэргэлэн гар байна шүү. Хэзээдээ амжуулчихдаг байнаа. Тэр хүүхэн чинь их аятайхан нуруу туруу, царай зүстэй юм харагдаж байсан байхаа гээд жижиг нүдээ онийлгон шоолонгуй мушилзав.
За чи битгий тэгээд хүн дамшиглаад бай, хүн итгээд найздаа гэж хэлж байхад хэмээхэд Дорж
Үгүй яахав дээ, тэгээд нэг унтаа л биз юун сүртэй юм тэрэнд чинь
Энд л хэргийн учир байна, золиг гэж тэр хүүхэн бодогдоод байдаг боллоо. Яадаг ч шүү юм байгаан. Ёстой нөгөө Би нисэх дуртай дээр гардаг шиг нойрондоо л нэрээр нь дуудаж балрах вий гээд инээснээ, нээрээ инээх ихдэж уйлах багадах болоод байнаа хө гээд санаа алдав.
Чи чинь уг нь овоо л томоотой эрсэн. Юу болчихно энэ вэ. Ямар гээчийн шидтэй хүүхэн байнаа тэр чинь. Арай нөгөө азарган хайр энэ тэрийг нь хүртэж байгаа юм биш бээз хэмээхэд Орших дургүйлхэн
За чамд инээдэм надад ханиадам болоод байна. Тэгтэл ч станцаар нь дуудлага ирлээ хэмээхэд хоёул ухасхийн хөдөллөө.
Энхриймаа ажил дээрээ жигтэйхэн сайхан ааштай байлаа. Түүнд бүх л зүйл өнгөлөг, яруу тунгалаг санагдана. Гандаж байгаа цэцэгийг балга усаар тэтгээд сэргээж буй мэт өөрийгөө зүйрлэнэ. Түүнд Оршихын эхнэр, хүүхэд аль нь ч бодогдсонгүй, зөвхөн өчигдөрийн уулзалт л өдөржингөө бодогдов. Ажил тарахын үед тэсгэлгүй залгатал утсаа авсангүй. Урамгүйхэн утсаа тавьсанаа лавлахаас … дугаар дүүргийн цагдаагийн хэлтэсийн утсыг хэлж өгөөч хэмээн асуув
….. -ийн Цагдаагын хэсэг сонсож байна танд юугаар туслах вэ?
Энхриймаа мэгдсэнээ Оршихтой ярьж болох уу хэмээн асуув. Өөдөөс нь ямар Орших нь вэ, манайд хоёр Орших байгаа, ахлах дэслэгч үү, ахлагч уу?
За байз аль нь юм болоо би тэр цол энэ тэрийг нь мэдэхгүй л дээ, бөөрөнхий бордуу царайтай, ухаалаг нүдтэй гэтэл өөдөөс нь хүүхэн гуай энэ тоглоомын газар биш шүү гээд утас тасрав. Энхриймаа ч би ямар мангар юм бэ хэмээн өөрийгөө шоолж зөндөө инээлээ.
Замдаа Номингоор орон жаал хүнсний юм цуглуулан их л хөгжилтэй гэртээ ирэн дуу аялсаар: За ямар хоол хийх вэ, ямар хоолонд дуртай юм бол? хэмээн бодон өөртөө элдэв бодол ургуулан түүндээ баясан сууна. Гэнэт хүүе Энхриймаа минь сэрээчээ: ” Чи чинь галзуурч байна уу… хэнд хоол хийгээд байгаа юм, хэнд зориулж гоёод байгаа юм … хэнийг ирнэ гээд хүлээгээд байгаа юм … тэр чинь гэр бүлтэй” хэмээн дотор хүн нь түүнд шивнэв. Нээрээ би хэнд хоол хийх гээд байнаа хэмээн бодохын сацуу хамаг сайхан мөрөөдөл нь уусан замхарч буйдан дээрээ тэрүүлгээ харан ихэр татан уйлж гарав. Түүнд босох, юм идэх ч хүсэл байсангүй. Хий л утсаа ширтэн ганц удаа ч болов залгачихал даа хэмээн нулимстай нүдээр тас ширтэн хэвтэнэ. Тэгсэнээ арай миний утас гаднаас дуудлага авахгүй байгаа юм биш байгаа даа гэж бодоод үсрэн босч гэрийнхээ утсаар залгатал гар утас нь гарт нь … ррррр… хэмээн чичирнэ. Утсаа барьсан чигээрээ за одоо нэг л залгаад үзнэ тэгээд болохгүй бол жинхэн болино гээд дугаарыг нь нэг нэгээр нь удаан цуглуулан залгалаа. Дуудаж байх тэрхэн хэдэн секунд түүнд маш удаан санагдаж байв.
Байна уу хэмээн намуухан дуугарсаар Орших утсаа авлаа.
Энхриймаа байна, гээд юу ч хэлж чадалгүй уйлчихав ….
Яасан зүгээр үү өвдөө юу?
Тиймээ
Ээ харлаа би ажилтай байдаг, одоо дуудлаганд явж байна, амжвал нэг завандаа эм дөхүүлж өгье хаяг чинь юу билээ хэмээн асуув. Энхриймаагийн нүүрэн дээр хоромхон зуур баясал тодрон бушуухан хаягаа хэлж өгөөд
Хэзээ ирэх вэ, чи болбол 30 минутын өмнө яриарай за, хэмээн дуугаа сулруулан аяархан хэллээ. Энхриймаа буцаад сэргэлэн болж, за яахав ирэхээр чинь санаад байхаар нь худлаа ярьсан гээд хэлчихье хэмээгээд хоол бэлдэхээр гал тогооны өрөөнд орлоо.
Хэн бэ? хэмээн Дорж хажуунаас нь шалгаав.
Энхриймаа байнаа. Өвдчихсөн гэнэ, хоёулаа замаараа эм дөхүүлээд өгчихье, өө юу нь өвдсөнийг асуугаагүй юм байна ш дээ, за за ханиад л хүрч байгаа биз гэхэд Дорж өөдөөс нь нухацтай хараад
Яая гэж бодож байна чи?
Ганцаараа байдаг юм тэгээд эм л дөхүүлээд өг гэж байна, өөр яавал гэж хоёулаа хамт оръё, их хөөрхөн ааштай хүүхэн байгаа хэмээн хэнэггүй царайлан хэлэв. Үнэндээ Орших өөрөө ч гэсэн нэг хармаар санагдаад болохгүй байсан тул сайхан шалтаг боллоо. Тэр хоёр эмийн сан орон утасдаад би одоо очлоо. Ямар эм авах вэ? … аан за тиймээ удахгүй гээд утсаа тасаллаа.
Энхриймаа гялс хоолоо хийн, нимгэн даавуун даашинз өмсөн, үсээ ард нь шуун уруулаа жаахан өнгөлж байтал үүдний хонх дуугарав. Одоохон хонгор минь хэмээн гүйхээрээ очин хаалга тайлангуут хүзүүдэн автал араас нь бас нэг хүн хамт ороод ирэхэд цочсондоо дуу алдан гэдрэг ухарлаа.
Аль аль нь Доржоос зовон юу ч дуугарахгүй сууна. Гэтэл ч Дорж
Өвдсөн юм биз дээ … тэгээд гайгүй байх шиг байнаа даа янз нь. Энхриймаа чимээгүйхэн доошоо харан сууна. Орших харин наад хоолоо хурдан ид ээ явъя, нөгөө хэд хүлээж байгаа гэж хэлэв. Орших гарахдаа нөгөө л ухаалаг нүдээрээ инээмсэглэн баяртай гээд гарлаа.
Энхриймаа тэр хоёрыг гарсаны дараа гэрэлээ унтраан хөшигний завсараар сэмээрхэн ажин зогсоно.Тэгсэнээ өөрийгөө шоолон ганцаараа пис хийтэл инээд алдсанаа, тэр хоёрын үлдээсэн юмыг цэвэрлэлээ.

****
Өдөр хоног өнгөрсөөр Орших Энхриймаа хоёрын харьцаа улам л дотно болсоор. Модод хэдий нь навчисаа гээн анхны цас ч бударч эхлэв. Тэр хоёр эхэндээ ямар нэгэн шалтаг гарган уулзацгаадаг байснаа сүүлдээ боломж л гарвал уулздаг болов. Гэхдээ ерөөсөө хамт гадагшаа гарахгүй, Энхриймаагийн гэрт ихэвчилэн байна.
Орших хаалга онгойлгон орж иртэл Энхриймаа харагдсангүй. Хаачсан юм бол байх л ёстой доо хэмээн гуталаа тайлангаа бодов. Энхриймаа Оршиход нэг илүү түлхүүрээ өгсөн болохоор заавал хонх дарах шаардлагагүй байлаа. Гэтэл угаалгын өрөөнөөс Энхриймаа дуу аялах нь сонсдов. Орших инээмсэглэснээ сэмээрхэн очин хаалгыг нь түлхвэл онгорхой байлаа. Баннаар дүүрэн тавьсан хөөсөн дунд нүдээ анин жаргалтай нь аргагүй мишээн хэвтэх Энхриймааг харахад яг л үүлэн дээр хөвөх үзэсгэлэнт хун шиг харагдана. Тэрээр нүдээ аньсан чигээрээ Ариунаагын нэг дуу болох ”эхнэртэй залууд би юунд дурлана вэ, чамайг баяртай гэж би хэлж чадахгүй ч …” хэмээн дуулангаа нэг хөлөө өргөн гараараа аажуухан илэхэд Орших инээмсэглэн дөхөн очиж хошуун дээр нь үнслээ. Энхриймаа цочин нүдээ нээснээ
Ёох хүн айлгачих юмаа, амраг минь хэзээ ирсэн, алив хувцасаа тайлаад ороод ир би саяхан орсон хэмээн эрхлэнгүй дуугарав. Орших ч хувцасаа бушуухан тайлан үүдрүү чулуудаад яван орлоо.
Чи бид хоёр багтах юмуу хэмээн инээнгээ зөрөн хэвтэв. Энхриймаа хошуугаа унжуулан, нялхамсуу дуугаар
Оршихоо чи минь яагаад хоёр хоног алга болчихвоо, надад ямар хэцүү байсан гээч хэмээн хөлөөрөө цээжин дээгүүр нь гүйлгэнгээ хэлэв.
Энхриймаа минь ойлго л доо. Эхнэр бас жаахан гадарлаад байгаа юм уу нэг л сонжоод ч байгаа юм шиг, хэрүүл өдөөд байх боллоо. Нэг өдөр ч гэртээ бүтэн өнжихөө байлаа гээд. Өчигдөр охины эцэг эхийн хуралтай байгаад амжсангүй. Би тэгээд мессеж бичсэн ш дээ хэмээн учирлангуй хэлэнгээ хөлнийх нь хуруундыг базлав.
Тэр ч тийм л дээ, ямар ч хэцүү юм дээ. Ингээд л энэ дөрвөн хананаас өөр газар уулзаж болохгүй, уулзлаа гэхэд нэг шөнө хамт хонох ч эрх байхгүй хэмээн санаа алдангаа түүнийг оролдож эхэллээ. Орших санаа алдсанаа
Үнэндээ би энэ биеэ хичнээн барихыг хичээвч барьж дийлэхээ болиод байна. Заримдаа ч дүүрсэн хэрэг гээд хүүгээ аваад чам дээр хүрээд ирмээр санагдаад болохоо болилоо гэв.
Энхриймаа түүний нүүрэнд нь нүүрээ тулган хамар дээр нь үнсээд
Би ч гэсэн чамгүйгээр их хэцүү байна. Би чамайг өөрөө чадах л юм бол хүрээд ирээ гэж аль эрт л хэлсэн ш дээ. Чи надтай азаар ч юмуу гайгаар ч юмуу учирч дээ гээд уруулыг нь шуналтайяа озож эхэллээ. Энэ бүхний дараа тэд бие биенийгээ хайрын харцаар ширтэн чимээгүйхэн үнсэлдэхэд усан дуслууд биесийг нь даган хөлстэй нь хамт урссаар ….
Орон дотроо Энхриймаа түүнийг налан мөрийг нь дэрлэн хэвтэнэ. Тэгсэнээ
Чи бид хоёр өөрсдийн жаргалыг хэтэрхий их бодож байна. Надад заримдаа аймаар санагдаад байх юм гээд санаа алдав.
Тиймээ би их нүгэл хийж байгаа. Заримдаа яах ч гэж тэр амралтанд явав даа хэмээн хүртэл боддог юм, амьдрал минь юу л болоод байна даа гэж хүртэл бодогдох боллоо.
Чи тэгээд надтай учирсандаа харамсаад байгаа юмуу, тиймээ тийм аргагүй би бол зүгээр л нэг нууц амраг … хэзээ ирэх бол, хүнд мэдэгдчих болов уу байнгын сэтгэл зовинол, байнгын хүлээсэн дунд яаж шаналдагыг чи мэдэх үү? Чи яахав би байхгүй байлаа гэхэд эхнэр хүүхэд чинь байна, гэтэл надад хэн байна, би яагаад чамайг хайрлаж болохгүй гэж, чи тэгвэл анхнаасаа яах гэж ийм болтол надтай явсан юм. Тэнд ч гэсэн адилхан бүсгүй хүн шаналж байгаа, чи ингээд ямар ч шийдвэр гаргахгүй хоёр талд гүйгээд байх юмуу хэмээн гэнэт дүрэлзэн уурлаж гарав …
Орших түүнийг гайхан харсанаа
Надад тэгээд амар сайхан байна гэж бодоо юу, би ч гэсэн шаналж шатаж, өөрийгөө зүхээд хичнээн биеэ баривч сэтгэлээ барьж чадахгүй болчихоод байна … би энэ амьдралаа босгох гэж яаж зүтгэсэнийг чи мэдэхгүй л дээ. Миний эхнэр сайн хүн, тэгээд ч гурвын гурван хүүхдийг минь төрүүлж өгсөн, би тэр хүнд шууд явлаа гэж хэлж чадахгүй, анхнаасаа чи бид хоёр юу ч ярьж тохироогүй нэг л мэдэхэд энэ байдалд хүрсэн биз дээ. Энд чиний ч буруу бий, миний буруу бол бүр их бий. Энд уурлан би чи дээ хүрэх юу байна гээд гараас нь барих гэтэл Энхриймаа гөжүүд зан нь хөдлөн
Та сая л нэг үнэнээ хэлэх шив дээ …. одоо яв яв … тэр эхнэр дээрээ оч, би ч гэсэн хэзээ нэгэн цагт ийм юм болно гэж мэдэж байсан юм гээд том өрөөнд орон хөгжимөө чанга дээр нь тавин толгой дээгүүрээ хучлагаа нөмрөн буруу харан хэвтлээ.
Орших юу ч дуугаралгүй хувцасаа өмсөөд түлхүүрийг нь утасных нь хажууд тавингаа дуудах болов уу гэж нэг эргэж хараад чимээгүй байхаар нь тэр чигтээ гарлаа. Энхриймаа хаалга хаагдах чимээнээр босон гүйсэн боловч тэр нэгэнт яваад өгчээ. Утасны хажууд хэвтэж буй түлхүүрээ харан: Үгүй ээ Оршихоо уучлаарай, чи ингээд явчихаж болохгүй ш дээ гээд цонхон дээрээ гүйн очтол тэрээр машинаа асаан хөдөлж байгаа харагдав.
Би сая юу хийчихвээ, надад түүнд уурлах ямар ч шалтаан байхгүй … миний энэ түргэн зан уу одоо би яах юм бэ, дахиад ингээд орь ганцаараа. Би хичнээн их дассан юм бэ, Оршихоо чи минь ганц л удаа ойлгочихол доо хэмээн машиных нь араас нулимстай нүдээр харангаа өөртөө шивнэн зогслоо. Орших харих гэснээ уур нь хүрэн гэрийнхээ хажуугын пиво бааранд орон нэг шил шар айраг захиалан суулаа. Би одоо яах вэ. Эхнэртэйгээ ам мурийхад тэгэс гээд л учраа олдогсон, Энхриймаа сая яагаад надад ингэж уурлаж байгаа юм бол. Би ер нь болъё, одоо ингээд л зогсоё хэмээн элдэв бодолд дарагдан суусаар өлсөж байгаагаа мэдээд гэрлүүгээ явлаа.
Оюумаа ойрдоо нөхөр нь нэг л өөр болоод байгааг анзаарав. Хар үүрээр гараад л харанхуй шөнө ирнэ. Ажлаасаа буусан өдрөө халтуур хийдэггүй байсан хүн амрах ч үгүй шууд л явдаг боллоо. Тэгээд олж байгаа олигтой мөнгө ч алга. Бензин тос үрж байхаар гэртээ амраач гэхээр өө нэг газраа зогсож байгаад явдагаа гэнэ. Царай нь гэрэлтээд, нүд нь тогтохоо болиод тэр бүү хэл үнэтэй сүрчиг биенээс нь үнэртэж ирэх нь нэг бус удаа болов. Хэлэх гээд аман дээр нь гарч ирдэг ч за муу өвгөнөө арай дэндүүлж байж магад, юу юуны туханд хүрэлгүй хий хардаад, халтуур хийж байгаа хүнд эсэн бүрийн хүн сууна. Тэд нар нь янз бүрийн л үнэртэй ус түрхэнэ биз. Өдий наслахдаа ямар намайг нэг удаа хуурсан биш хэмээн бас өмөөрөнгүй бодно.Тэгэхдээ л эмэгтэй хүнийхээ зөнгөөр яагаад ч юм нэг юм байгааг мэдрээд байв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. zochin
     (202.179.25.***)
    2020/08/29 16:50

    bayrlalaa

    (0) (0)