МАН-ын дараагийн Генсекээр Ц.Батбаяр тэргүүтэй гурван хүний нэр яригдаж байна

2018 оны 11-р сарын 07 өдөр, 11 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
8d5a09df197d5d2fcf1a951aadab78d2

МАН удахгүй Бага хурлаа ээлжит бусаар зарлан хуралдуулж улстөрийн томоохон шинэчлэлт өөрчлөлт хийхээр болсон талаар баттай эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, УИХ-ын нэр бүхий гишүүдтэй зэрэгцэн ЖДҮ-ийг дэмжих сангаас их хэмжээний хөнгөлөлтэй зээл авсан гэх дуулианд нэр холбогдоод байгаа МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулахаар намын удирдах төвшинд санал нэгдсэн гэнэ.

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тухайд хууль бус үйлдэл хийсэн хэн ч байсан, хүний өөрийн гэж ялгалгүй хариуцлага тооцох болно хэмээн мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл тэрээр хэлсэндээ хүрч одоогийн байдлаар хоёр ч сайдаа огцруулаад байгаа бөгөөд хариуцлагын сэлмээ буулгахаар онилсон дараагийн хүн нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан бололтой.

Түүгээр ч зогсохгүй Д.Амарбаясгалангийн орыг залгах дараагийн генсекүүдийн нэр эхнээсээ тодорч эхэлсэн байна. МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын суудлын төлөө УИХ-ын гишүүн, хотын дарга асан Ц.Батбаяр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, БЗД-ийн засаг дарга асан Б.Мөнхбаатар нар өрсөлдөхөөр зэхэж байгаа гэнэ.

Эдгээр гурван хүн дотроос улстөрийн туршлага, намын анхан шатнаас эхлэн ажилласан байдал зэргээрээ Ц.Батбаярыг МАН-ын дараагийн ерөнхий нарийн бичгийн даргад тохирох хүн хэмээн МАН-ын гишүүд санал нэгдээд байгаа гэх мэдээллийг эх сурвалжийн зүгээс өгч байна.

Х.Онон

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх