Монголын үндэсний брэндийн зөвлөл гэх сүржин нэртэй байгууллага яг юу хийдэг талаар яриагаа эхэлбэл ямар вэ. Байгуулагдаад хоёр жил боллоо. Энэ хугацаанд ямар ажлууд хийв?
-Зөвлөлийн ажлын албаны даргаар томилогдоод есөн сар орчим ажиллаж байна. Байгуулагдаад удаагүй, шинэ бүтэц болохоор судалгаа, төлөвлөлтөнд голлон анхаарч ажилласан. Дэлхийн бүхий л улс орнууд, тэр дундаа хөгжиж буй орнуудын хамгийн чухал судалгаа, төлөвлөлтийг хийдэг жишиг байгууллагуудын үйл ажиллагааг идэвхтэй судалж байна. Өнөөгийн өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд улс орны онцлог дүр төрх, дотоод ижилсэл, гадаад ялгарал, соёлын дархлаа, хөгжлийн суурь бодлого, эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлох, ард түмнээ соён гэгээрүүлэх гэх мэт өргөн хүрээг хамарч ажиллах маш чухал зөвлөл тул нухацтай, далайцтай төлөвлөж бэлдэж байна. Ерөнхий сайд шууд удирддаг, гишүүд нь салбарын сайдууд тул улс орны хөгжил дэвшилд шууд үр нөлөө үзүүлэх онцгой ач холбогдол бүхий төрийн нэгж юм.
Зорилго нь бол мэдээж том юм. Гэхдээ өнөөгийн нийгэм тэр чигтээ гацаанд шахуу орж, системийн хямрал нүүрлэчихээд байхад судалгаа тооцоо биш бодитой үйл ажиллагаа яагаад хийхгүй байна вэ?
-Бидний гол алдаа ерөөс наад хандлагаас чинь үүдэлтэй. Суурь асуудлаа тодорхойлж, шийдэх стратегиэ огт тооцоолоогүй байж, шууд процесс хөөж шийдэл хайгаад төөрдөг байдал. Гаднаас удирдлагатай, төлөвлөгөөт эдийн засагтай орноос шууд либераль ардчилсан чөлөөт загварыг сонгосон бид өөрсдөө ямар нийгэм бүтээхээ олж харалгүй бусдын заавраар явсаар өнөөгийн гацаа үүссэн. Одоо уналтын ёроол ойртоод ирэх үед мөн л хөл толгойгоо олохгүй сандралдаж байгаа нь ч ердөө нэгдсэн том стратегигүй явсаар буйн хор хөнөөл юм.
Одоо “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг шиг биш, хаа хаанаа нэгдсэн том зорилго, төлөвлөгөөгөө тодорхойлж гаргах цаг нь болсон. Эрх баригч МАН Монголын хамгийн том институцийн хувьд энэ үүрэгтээ манлайлагч нь байх ёстой. Өнөөдөр дэлхий даяар технологийн хөгжил нь мутацид орсон шинэ засаглал,эдийн засгийн бүтэц рүү шилжиж байхад, өнөөгийн Монгол Улс Ерөнхийлөгч ба УИХ гэсэн хүн төвтэй хэрүүлээсээ ч гараагүй байна. Гадаад улс орнууд манай улсыг ойлгохоо байгаад удлаа, бид ч өөрсдийгөө ойлгохоо байгаад нийтээрээ хэрүүл л хийж байна. Эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь Ерөнхийлөгчийн хувьд аялал жуулчлал, МАН-ын хувьд уул уурхай, АН-ын бодлого тодорхойгүй, залуус нь технологи контент, зарим нь мал аж ахуй, нэг хэсэг нь эрчим хүч гэх мэтээр хүн бүр өөр зүгт зүтгэж байна. Энэ бүхнийг нэгдсэн нэг зорилго болгож, загварчлан хэлбэржүүлэх ажил бол манай зөвлөлийн үндсэн зорилго юм. Товчхондоо бол Монгол Улсын “Гранд стратеги”-ийг бий болгох ажил явагдаж байна.
–Та МАН-ын болон Засгийн газрын хэвлэл Олон нийттэй харилцах газруудыг удирдаж байсан. Миний санаж буйгаар хоёр ч удаа МАН-ын Улс төрийн бодлогын газрын даргаар ажилласан. Өнгөрсөн жил намын даргын сонгуульд хүртэл нэр дэвшин өрсөлдөж байсны хувьд асуулт асууя. Одоо Монгол Ардын Нам дотор, ер нь Монгол Улсад юу болоод байна аа?
-Маш энгийн үзэгдэл өрнөж байна. Том төвшиндөө бол бид 28 жилийн өмнө, дэлхийд өрнөсөн цаг төрийн үймээнээр олж авсан засаглалын дэвшилтэд ололтоо цааш авч явж чадах уу, алдах уу гэдэг бодит сорилтын өмнө ирлээ. Стратегигүй, элитгүй, нийгэм бие даасан өөрийн бодлогогүй явсны гайгаар, өнөөдөр их гүрнүүдийн геополитикийн эрх ашгийн тоглоомын бүс болж хувираад байна. Ардчиллын сайн талууд биш, сул талуудыг нь ашиглаж Монголын улс төрийг “жулик”улс төр болгочихлоо. Энэ нь юм ойлгодог, анзаардаг хүн болгоны нүдэнд ил байна. Ийм үед МАН туйлын хариуцлагатай байх, тусгаар тогтнол үндэсний эрх ашгаа батлан хамгаалах ёстой манлайлагч байр суурьтаа байж чадахгүй байгаа нь үнэн. Зүгээр л насаараа бүх системийг эвдлэн сүйтгэх ажил хийсэн хэдхэн “жулик”-уудын тоглоом болоод сууж буй нь ч үнэн. Үнэмлэхүй их шийдвэрлэх хүч атгачихаад “жулик”-уудын тоглоом болж, системээ эвдүүлж, хоорондоо үзэлцэж ялагчгүй дайнд мордсон нь ч харамсалтай. Манай намын лидерүүд хоорондоо эвдрэлцэх ямар ч бодитой шалтгаан байгаагүй. Зүгээр л хэдэн бодлогогүй сэтгэлийн хөдөлгөөнөө барьж сураагүй хөөрүү залуусын харалган үйлдэлд автаж бусдын идэш болж байна.
Түс тас хийсэн хэдхэн шийдвэрийг Монголын нийт ард түмэн хүсэн хүлээж буйг бүх намаараа мэдэж буй ч, түүхэн үүргээ гүйцэтгэх чин зориг дутаж байна. Өнөөгийн технологижсон, өрнөл хурдтай болсон нийгэмд манай намын уламжлалт арга барил дэндүү удаан, хоцрогдмол байна. Гишүүд нь намынхаа лидерүүдэд итгэл алдарч, алсын хараагүй, нэгдмэл зорилгогүй болсон тул амиа бодон дор бүрнээ буруу зөв үйлдлүүд хийж намынхаа нэр хүндийг улам унагасаар байна. Үүнийг нь сөрөг хүчин болон жуликууд ашиглаж тоглоод байна. Нам маань товчдоо иймэрхүү л байдалтай болчихоод байна даа.
–Ерөнхийлөгч УИХ-ыг тараах саналаа өргөн барьчихлаа, танай нам ер нь 100 жилийн ойгоо тэмдэглэж чадах нь уу?
-Манай намын даргын хэлэх дуртай үг нь “Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ” гэдэг. Өнөөдөр энэ үгээ үйлдэл болгохыг цаг хугацаа, нөхцөл байдал түүнээс хатуу шаардаж байна. Би ч түүнд итгэж намын даргын төлөөх өрсөлдөөнд дэмжиж нэрээ татсан. Түүхэн үүргээ гүйцэтгэх боломж түүнд одоо ч байсаар байна. Би Ерөнхий сайд, намын дарга болоход нь Улс төрийн бодлогын газрын даргын хувьд санал боловсруулж, танилцуулж байсан. Гол агуулга нь намаа нэгтгэх хамтрагчаа зөв сонгох, өрсөлдөгчөө эргэлзээгүй тодорхойлох, ордны биш иргэдийн хүсэлд нийцэх шудрага ёсонд суурилсан улс төрийн бодлого явуулах ёстой гэдгийг бүхий л судалгаа, нөхцөл байдалтай нь хамт танилцуулсан. Гэвч өнөөдөр ямар сонголт хийгээд, түүндээ ороогдоод байдал хэрхэн хүндэрснийг бид бэлхнээ харж байна. Гэхдээ дахиад хэлье, одоо ч шийдвэр гаргаж тоглоомын дүрмийг өөрчлөх боломж манай намын даргад байсаар байгаа. Гишүүдийнхээ итгэлийг сэргээж, улс төрийн зохиомол айдас үүсгэж өөрсдөө хождог бүлэглэлийг байранд нь тавьж,суурь реформуудыг эхлүүлж, Үндсэн хуулиа сайжруулах гэх мэт хэдхэн ажлыг зориглон хийхэд намынхаа 100 жилийн ойг нүүр бардам, түүхэнд тэмдэглэгдэх амжилтаар угтах боломж бий. Энэ бол аж ахуй, гал тогооны ажлаас илүү үндэстний итгэл найдварыг сэргээх удирдагчийн үүргээ биелүүлэх цаг нь болчихоод байна гэсэн үг. МАН гэдэг нам “ганц сүхээр эхлээгүй, мэдээж ганц сүхээр ч дуусахгүй” шүү.
–Ард түмэн бол түүнд итгэж найдахаа больсон нь тодорхой байна. Танай намд ч нэр цэвэр хүн үлдсэнгүй. ЖДҮ-ийг дэмжих сангийн мөнгийг давуу эрх эдэлж өөрсдөө авсан нь ард түмний дургүйцлийг хилэн болгож өрдлөө. Одоо юу юугүй гудамжинд гарч жагсахад бэлэн болсон. Ерөнхийлөгч ч үүнийг нь овжноор ашиглаж эрх баригчдыг буланд шахлаа. Үүнээс гарах гарц харагдах юм уу?
-Гарах гарцгүй мухардал гэж улс төрд байдаггүй. М.Энхболд, У.Хүрэлсүх, Сү. Батболд гээд гурван том лидерт манай нам үндсэндээ хуваагдаж фракцладаг. Гэтэл энэ гурав маань гурвуулаа зориг нь мохож, хоорондоо тэмцсээр нэр нүүрээ барсан бол тэр нь гурван хүн л лидерийн байр сууриа алдаж буй хэрэг болохоос нам сүйрч мухардана гэсэн үг биш. Хоёр зуу гаруй мянган гишүүнтэй 100-аад жилийн түүхтэй, Монголын хамгийн том институци гуравхан хүнээс болж эрх ашиг нь хөндөгдөх ёсгүй гэдэг хэнд ч ойлгомжтой. Хорь гаруй жилийн өмнө яг иймэрхүү нөхцөл байдалтай үед өнөөгийн лидерүүд дээд үеэсээ намаа удирдах эрхээ хүчээр шахуу авч байсан. Түүн шиг өнөөдөр ч нам залгамж халаандаа итгэх цаг нь ирсэн. Биологийн нас нь болоогүй ч, боломжоо тэд ашиглаж чадаагүй бол одоо дээд үе шигээ ухамсартайгаар дараа үедээ чадах ажлыг нь өгөх ёстой. Нэр цэвэр, элдэв барьцаагүй, зорилготой тэмүүлэлтэй олон мянган залуус энэ намыг цааш нь хол замд удирдан явах зориг хүсэл нь багтаж ядан оволзож байгаа. Хувийн эрх ашгийн дээр намынх, намын дээр улсын эрх ашиг буй гэж үгтэй. Ер нь шулуухан хэлэхэд манай нам маш зоримог өөрчлөлт хийж, цоо шинэ арга барилаар ажиллах цаг нэгэнт болсон Цаашдаа ингэж аргацаах гэж оролдох тусам намд болон улсад хор хөнөөлтэй.
–Маш зоримог өөрчлөлт гэж чухам ямар түвшинд ярьж байна. Бодлого үйл ажиллагааны юу,эсвэл хүний шинэчлэл үү?
-Улс төрийн намын шинэчлэл гэдэг ерөөс хүнээ шинэчлэх тухай асуудал. Манай намын боловсон хүчний бодлого алдагдсан, бизнесийнхнээс хэт хамааралтай болсон, танил тал, төрөл садан дамжсан томилгоо замбараагаа алдсан, санхүүжилт нь далд, хуулийн дагуу бус, үзэл баримтлалаа ихэнх нь ойлгодоггүй гэх мэт олон гажуудал бий нь үнэн. Үнэнээ хүлээн зөвшөөрөхгүйгээр засч залруулах арга байхгүй шүү дээ. Тиймээс одоо нийт гишүүдийн эрх ашиг, цаашилбал улс орныхоо эрх ашгийг бодож намаа шинэчлэх цаг гарцаагүй ирээд байгааг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Одоо бол би залуусаа л уриалж зоригжуулмаар байна. Түүхийн бүхий л цаг үед, тухайн үеийнх нь залууст шинэ боломжийг гаргаж өгдөг нь зүй тогтол юм. Хөлөг онгоцоо харсаар байж устган эвдэж цуг живэх үү, эсвэл зориглон нэгдэж залуурыг нь удирдах эрхээ тэмцэн авч ялалтын зүг чиглүүлэх үү гэдэг түүхэн сонголтын өмнө залуус тулж ирээд байна. Бид намын даргаа сонгоод нэг жилийн хугацаа өнгөрлөө. Үр дүнг нь хэлэлцэх цаг болсон. Миний бодлоор намаа нэгтгэх түүхэн үүрэг хариуцлагаа умартан, үзэл санааныхаа хил хязгаар дээр гишгэн сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхийлөгчтэй бодлогоо нэгтгэсэн нь хамгийн том алдаа гэж харж байгаа.
Нам доторх өрсөлдөгчөө дарж авахын тулд жоомоо устгах гээд гэрээ шатааж буйг бид бүгдээрээ харж байна. Нөгөө тал нь ч айсандаа, улс төрийн ашиг хонжоо хайн байгаа бүхнээ барин Ерөнхийлөгч рүү гүйж байгаа нь манай намыг маш хүнд байдалд оруулж байна. Энэ бүхэн ердөө л хэн хэн нь үзэл санааны үнэт зүйлсийнхээ дээр амин хувийн эрх ашгуудаа тавьсны гор шүү дээ. Мөн намаа хэт үл ойшоон эзэнгүйдүүлж, мөрийн хөтөлбөрийн амлалтуудаа засгийн үйл ажиллагаанд орхигдуулснаас үүдэж нэгдмэл бодлогын зарчим алдагдаж, намын эв нэгдэл, зорилго улам суларсаар байна. Монгол төрийн бодлогыг энд бүр онцолж тодотгож хэлмээр байна. Төрийн бодлого барих ёстой ЗГХЭГ нь яамдын хөргөгч ухаж, машин дээр стикер нааснаа чухал ажил хийсэн мэт сайрхаж суух нь үнэндээ суурь стратегигүй, нийгмийн эрэлт даган хуйларч буй бодлогогүй багийн нотолгоо юм. Одоо бүр хөрш улсынхаа нэг аймагт очсоноо айлчилсан гэж сурталдах нь цаашдаа Монгол төрийн бодлого хөршийн нэг аймагт шийдэгддэг болох нь уу гэж харагдахуйц хариуцлагагүй үйлдэл юм. Энэ мэт стратегигүй, бодлогогүй явсны хор уршгийг бага дээр нь засч, өөрчилж шинэчлэх нь зайлшгүй болчихоод байна. Үнэндээ энэ Засгийн газрын нягтлан нь танхимийн бодлогоо ОУВС-тай хамтран барьж ажиллаад байгаа нь Ерөнхий сайдын чадамжийг дүгнэж байна гэж би хувьдаа харж байгаа.
–Та бид хоёрын яриа бүр эрх баригч намын суурь шинэчлэлийн тухай болж хувирлаа. Та ярьж буй бүхнээ хэрхэн хийх вэ, нам дотор чинь дэмжлэг бий юу. Таныг М.Энхболдтой ойр, хэвлэл мэдээллийг нь хариуцдаг байсныг олон хүн мэднэ. Таны яриаг тэндээс намын дарга руугаа шидэж буй үг гэж ойлгох гээд байна л даа?
-Миний нас 40 давлаа, ардаа зургаан охин үртэй хүн. 20-оод жил улс төрийн тогоонд олон лидертэй ажиллаж үзсэн. Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд, Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх гээд намынхаа бүх даргатай ажиллаж үзсэн. Тэдэнтэй сайн, муу бишгүй цаг хугацааг туулж, энэ намын төлөө зүтгэснийг хэн ч үгүйсгэхгүй. Одоо би лидерүүдийн хооронд үг зөөж гүйдэг насны хүн биш, хэн нэгийг нь аялдан дагаж эрх мэдэл рүү шунаж яваагүйг ч бүгд мэднэ. Хийнэ, чадна гэснээ хийе гээд хийдэг. Чадахгүй ажлаа гуйж чирэгддэггүй. Миний яриан дотор хэн нэгэнд ашигтай өнцөг байна уу. Эсвэл нийт намын гишүүдийн эрх ашиг болон улсын эрх ашигт хэрэгтэй зүйлс байна уу гэдгийг хүн бүр эрүүл ухаанаар шүүж тунгаах хэрэгтэй байх.
Ер нь өнөө цагт хэн ч энгийн логик үнэнийг эргэцүүлж чадахаа байсан нь, өнгөрсөн нийгмийн бидэнд үлдээсэн нэг сул тал. Одоо бид энгийн логик үнэнээр аливаа юмсыг хэмжиж сурах нь дэлхийтэй амжилттай харилцаж, үсрэнгүй хөгжих суурь болно. Бүгдийг юмсын туйл дээр хүлээж авч голын үнэнийг мартаж тэмцдэгээс болж хоцрогдлоосоо салахгүй байна. Жишээ нь, гадаад хүн баян, аврагч, шудрага гэх нэг хэсэг, гадаадууд бүгд Монголыг эзлэх, тонох, дээрэмдэх санаатай муу хүмүүс гэх хоёр туйлаасаа аль аль нь гарах хэрэгтэй гэсэн үг. Нам доторх дэмжлэг, зорьсондоо хүрч чадах эсэхэд бол огт эргэлзэхгүй байгаа. Судалгаа худал хэлдэггүй, манай намын болон улс төрийн намын рейтинг ямар түвшинд байгааг бод, өнөөдөр лидерүүдийн муйхар тэмцлийн бүтэлгүйтлийг манай намын хэдэн гишүүн биеэрээ үүрэхэд бэлэн байна вэ гээд бодоход илүү ойлгомжтой хариулт гарах байх. Гол нь цаг алдалгүй нэгдэж, зохион байгуулалтад орохыг би санаачлан уриалж байгаа юм.
–Улс төрийн намуудын нэр хүнд маш их унасан нь “Цагаан сонголт” зэргээр цухалзаад нэлээд удлаа. Ойрын үед өрнөж буй үйлдлүүдээс үүдэн Монголд хүчтэй гуравдагч хүчин гарч ирэх цаг ирсэн гэдэгт итгэх олон хүн байна. Ерөнхийлөгч ч ороо бусгаа үеийг далимдуулан засаглалын хэлбэрийг солих туйлын хүслээ нуухгүй байх шиг. Энэ бүхний хажуугаар танай намын шинэчлэл хүмүүсийн итгэлийг эргүүлж чадах болов уу?
-Иргэд цагаан сонголт, гуравдагч хүчнийг маш ихээр хүсч, ярьж байгаа ч бодит байдал дээр хүн ам цөөн, боловсон хүчний дутагдалтай, боловсролын системийн хоцрогдол зэрэг суурь шалтгаануудаас үүдэн хараахан хүчтэй шинэ систем үүсэн бий болох нөхцөл байдал бүрэлдээгүй байна гэж хардаг. Бид босоо тогтолцооноос хэвтээ рүү шилжиж дуусаагүй, иргэд төлөвшөөгүй байгаа нь нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй, бие биедээ үл итгэх байдал зэргээс харагддаг. Нийгэмд хүчтэй үзэл санаа, оюун санааны манлайлал бий болоогүй цагт иргэд нь нэгдэж систем болж төлөвшихгүйг улс төр гадарладаг хүн бүр мэдэж байгаа. Тэгэхээр өнөөдөр байгаа системээ шинэчлэн сайжруулах нь цаг алдахгүй зөв арга. Нам бол өөрчилье гэсэн хүн бүрт нээлттэй, олон нийтийн хүсэл зорилгын нэгдэл шүү дээ. Чадна өөрчилнө гэж итгэж буй бүх хүн аль нэгэн намыг сонгон элсэж, тэр өөрчлөлтөө хийх боломж бүх төвшинд нээлттэй. Одоо улам ч боломжтой цаг үе ирээд байна. Зоригло, хий гэж уриалъя.
Засаглалын хэлбэр өөрчлөх Ерөнхийлөгчийн муйхар хүсэл бол биелэхгүй гэдэг нь ойлгомжтой. Ердөө нэг “жулик” улс төрийн акц. Би “жулик” улстөрч гэж тэдний багийг хэлээд байгаа. Бүх насаараа зөвхөн систем эвдэх л ажил хийсэн. Бурхан барина бүтэхгүй, төмөр зам, Аж үйлдвэрийн парк, одоо шинэ хот гээд үргэлж тийм тооцоогүй романтизм ярьж, мэдээлэл дутуу иргэдийн эх оронч үзэл дээр явцуу улс төр хийж өөрсдөө асар их ашиг хонжоо олдог, нэг тийм л хүмүүс гэдгийг олон монголчууд мэддэг болсон. Цаашдаа бүгд мэдэх нь цаг хугацааны л асуудал. Жоом жоомоо, бурхан бурханаа үгүйсгэдэггүйтэй адил өнөөгийн Ерөнхийлөгч Монголд шудрага ёс тогтоож, хөгжүүлнэ гэдэг шиг үлгэр байхгүйг шуудхан хэлчихье. Харин түүнд итгэж дагадаг залуус нь түүнд биш өөрсдөдөө итгэвэл энэ улс илүү хурдан өөрчлөгдөж хөгжинө гэдэгт бол итгэдэг.
–Та сая ярьснаа хийхийн тулд нам дотроо жигүүр, фракц байгуулна гэсэн үг үү. Эсвэл зүгээр л намаа ухаарч сэхээрэг гэж ярив уу?
-Ямар ч байсан хэлэх ёстой үгээ хэлэх ёстой цагт нь хэллээ гэж бодож байна. Ерөнхий сайд, намын даргад түүхэн үүргээ биелүүлэх боломж, цаг бага ч гэсэн хүлээсээр байгааг санууллаа. Мөн итгэл алдран ялагдалтайгаа эвлэрчихээд байгаа олон мянган гишүүддээ өөр илүү дээр, өөрсдийнх нь оролцоотой гарц гаргалгаа байгааг ойлгуулъя гэж бодсоноо хэллээ. Хэн нэгэн юу ч хийхгүй бол өөрөө манлайлаад хийнэ гэдгээ энэ дашрамд бас хэлье. Засгийн газартай ард түмэн төлөөллөөрөө дамжуулж хариуцлага тооцдог бол, намынхаа даргатай гишүүд нь хариуцлага тооцдог учраас намын шинэчлэлээ яаралтай хийж, шинэчлэл өөрчлөлтийн бодитой төлөвлөгөөгөө танилцуулахгүй бол намын Онц их хурал зарлан хуралдуулах ажлыг би өөрөө хариуцан хийнэ гэдгээ хэлэх нь зөв байх.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин