МАН-ын бүлэг өнөөдөр ХХААХҮ-ын сайд Б.Батзоригийг гишүүнээр үлдээх эсэх талаар хуралдаж байр сууриа нэгтгэнэ. Хэрвээ бүлэг прокурорын дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзвэл бараг л бандан тас болно. ХХААХҮ-ын яаманд харьяалагдах ЖДҮХС-гийн зээлийг улс төрийн хүрээнийхэнд тэрбум, тэрбумаар нь хяналтгүй тараасан хэмээх асуудалд ороод буй түүнийг сайдын суудлаас нь буулгана гэдэг дээр өчигдөр намынхан нь тохирсон.
Товчоор хэлбэл өнөөдөр прокурорын дүгнэлтийг эсэргүүцэж Б.Батзоригийг гишүүнээр нь үлдээх үү, аль эсвэл “туг тахиад” өнгөрөх үү гэдгээ МАН-ын бүлгийнхэн шийднэ гэсэн үг.
Аль нь ч байсан Б.Батзориг гэдэг хүний улс төрийн кареер ойрын хэдэн жилдээ сэргэхээргүй болж үлдэж байх шиг байна. Ер нь бол улс төрийн “амьд үхдэл” болж хувирсан түүнийг дан ганцаар буруутгаж бүх “ял”-ыг үүрүүлэх нь тодорхой боллоо. Тэгвэл үүний цаана жинхэнэ эзэд болох нууц ноёнтон нь сэм нуугдаж “уснаас хуурай” гарахаар зэхэж байна. Иргэд үүнийг нь мэдэхгүй, дан ганц улс төрийн хүрээнийхэн жиг жуг хийгээд л өнгөрдөг муу жишиг тогтох нь.
Эдгээрийн хамгийн том жишээ нь Т.Бадамжунай юм. Тэрбээр, Засгаа “тонгорч” шинэ сайд томилох болоход Б.Батзоригийг үг дуугүй зүтгүүлж ХХААХҮ-ын сайд болгосон. Өөрөөр хэлбэл Б.Батзориг гишүүнийг сайд болгоод өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн эрх ашгаа хэрэгжүүлсэн хэрэг. Т.Бадамжунайг МАН-ын хамаг л мэдлийг гартаа атгаж, сонгууль сонгуулийн төсвийг “босгодог” гэдгээрээ алдартай нэгэн. Тийм ч учраас Хүнс, хөдөө аж ахуйн яамыг МАН гарсан үедээ үг дуугүй түүнд юм уу эсвэл түүний зүтгүүлсэн хүнийг томилдог юм. Харахад гэмгүй, тэр бүр олны өмнө ил гарч улс төрд оролцоод байдаггүй энэ эрхэм харагдаж байгаа шигээ тийм чиг гэм хоргүй нэгэн биш бололтой. Улс төр бизнесийнхэн, хууль хяналтынхантай хэл амаа ололцож чаддаг гэгддэг тэрбээр асуудалд дандаа “хөшигний” араас оролцож ял зэмээс холуур өнгөрч чаддагаараа алдартай юм. Энэ удаад ч үүнийгээ баталж Б.Батзориг сайдаар “туг тахиад” өнгөрч байх шиг байна. Харин дараагийнх нь хэн байхыг одоохондоо таамаглахад бэрх байна.
Хүнс, хөдөө аж ахуйн салбар бол түүний хамгийн ихээр сонирхдог салбар. Гол бизнес нь гэхэд ч болно. Тэр утгаараа өөрөө ч сайдыг нь хийж явсан тэрбээр энэ удаад “хөшигний” цаанаас Б.Батзоригийг томилуулж, өөрийн эрх ашгийг түүнээр дамжуулан гүйцэлдүүлж ирсэн гэхэд болно. Мэдээж намаас томилогдсон улс төрийн албан тушаалтан намын нөхдийнхөө өмнө “эхийн эцээж, тугалын тураахгүй” байхаар л зүтгэсэн байх. Одоо өөрөө улс төрийн “тоглоомын” хохирогч болоод байнд ч үгүй, банзанд ч үгүй боллоо.