Ерөнхийлөгч Х.Баттулга сурагчдын уран бичлэгийн үзэсгэлэнг үзэж, шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууллаа

2018 оны 11-р сарын 05 өдөр, 18 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
OTGO7511-1

Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн насанд хүрэгчдийн болон сурагчдын гэсэн ангилалд болж байна.

Өнөөдөр үдээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн насанд хүрэгчдийн бүтээл, үзэсгэлэнг үзсэн /мэдээг унших бол энд дарна уу/ бол үдээс хойш Хүүхдийн урлан бүтээх төвд сурагчдын монгол уран бичлэгийн бүтээлүүдийг үзэж, сонирхлоо.

Сурагчдын бүтээлийн ангилалд:

  • Монгол Улсаас 104,
  • ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсаас 3,
  • БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орноос 16, нийт 123 сурагчийн бүтээл дэлгэгджээ.
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ-2018” СУРАГЧДЫН УРАН БИЧЛЭГИЙН ҮЗЭСГЭЛЭНГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Уран бичээч багачуудаа,

Хүрэлцэн ирсэн монголчууд аа, зочдоо

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр-Монгол бахархлын өдрөөр сурагч багачуудын монгол уран бичлэгийн үзэсгэлэнг дэглэн дэлгэх нь сүүлийн жилүүдэд уламжлал болон хэвшиж буй сайхан соёл юм. Энэ жилийн сурагчдын уран бичлэгийн үзэсгэлэнд Монгол Улсаас 104,  ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсаас 3, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орноос 16, нийт 123 сурагч оролцож байгааг сонсоод би асар их баярлаж, талархаж байна.

Бидний хойч үе бичиг соёлынхоо уламжлалд гүн хүндэтгэлтэй хандаж, сэтгэл зүтгэл гарган монгол уран бичлэгийн бүтээл туурвих нь жил ирэх тусам өргөжин тэлж байгааг харах, сонсох сайхан байна. Энэ бол монголчууд бидний бахархах, өөгшүүлэн дэмжих, тэтгэх ёстой өв соёл мөн. Монголчууд “Өсөхөөс сурсан үндэсний хэл, мартаж болшгүй соёл” гэх их зохиолч Д.Нацагдоржийн алдарт шүлгийг уншаад өнгөрөх бус зүрх сэтгэлдээ тээж, үе дамжуулан өвлүүлж байгаагийн нэгэн гэрч нь өнөөдрийн энэ үзэсгэлэн юм.

Эртний согд бичгээс санаа авч, бий болон хөгжсөн монгол бичиг болбоос монголчуудын хамгийн урт удаан хугацаагаар хэрэглэж, хөгжүүлж байгаа бичиг соёл билээ.

“Монголын нууц товчоо” хөлгөн судар болон “Юань улсын судрын” 124-р ботид Найман улсын уйгур гаралтай түшмэл Тататунгатай холбогдсон товч мэдээ бий. Тататунга өвөртөлж явсан тамганыхаа учрыг Чингис хаанд тайлбарлахдаа, “…улсын санд аму цалинг оруулах, гаргах, эрдэмтнийг өргөмжлөх, аливаа үйлд хэрэглэж итгэмж болгомуй” хэмээсэн байдаг. Үүнийг монголчуудад бичиг үсэг анхлан заасан мэтээр тайлбарлах явдал ихэд дэлгэрсэн нь ташаа болохыг сүүлийн үеийн түүхчдийн судалгаа харуулж байна. Монгол овог, аймгууд өөр өөрийн бичиг үсэгтэй байсныг Чингис хаан журамлаж, нийт эзэнт гүрэн даяар худам монгол бичгийг хэрэглэх болсон гэж ойлгох ёстойг олон монголч эрдэмтэн илэрхийлдэг.

Лавтай 900 жилийн түүхтэй ийм яруу, сайхан бичгээр уран бичлэг туурвиж үндэсний соёлоо дэлгэрүүлж яваа багачуудаараа би өнөөдөр ихэд бахархаж байна. Цаашид Монгол бичгийг орчин цагийн хэрэглээнд идэвхтэй байлгахын тулд 2018 оны 5 дугаар сарын 3-нд гаргасан “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлигийг амьдралд хэрэгжүүлэх шаардлагатай.

Ингээд уран бичлэгийн үзэсгэлэнд оролцож байгаа бүх хүүхэд багачууддаа халуун баярыг дахин хүргэе.

Мөнх тэнгэр монголын бичиг, соёлыг тэтгэн, ашид үүрд дэлгэрэн дэвжих болтугай” гэв.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа “Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын үзэсгэлэнд шалгарсан шилдэг бүтээлийн эзэн болсон багачуудад шагнал гардуулж, баяр хүргэлээ.

“Мөнх тэнгэрийн бичиг-2018” үзэсгэлэнд оролцогчдын ахлах ангийн ангилалд шилдгээр шалгарсан сурагчид:

  1. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн 11В ангийн сурагч Мөнхчулууны Цэнгүүн “Цаасан шувуу” бүтээлээрээ,
  2. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн 11В ангийн сурагч Батнасангийн Зэсмаа “Хөх судар” бүтээлээрээ,
  3. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 12Б ангийн сурагч Саранчимэгийн Энхмаа “Чингис хааны билиг сургаал” бүтээлээрээ,
  4. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 11В ангийн сурагч Намхайнямуугийн Хулан “Морин хуур” бүтээлээрээ
  5. Булган аймгийн Рашаант сумын ЕБС-ийн 10А ангийн сурагч Дорждагвын Алтанцэцэг “Урам хайрла” бүтээлээрээ тус, тус шилдгээр шалгарав.

“Мөнх тэнгэрийн бичиг-2018” үзэсгэлэнд оролцогчдын дунд ангийн ангилалд шилдгээр шалгарсан сурагчид:

  1. ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шимбарга баруун хошууны Залуучуудын хөдөлгөөний төвийн 7-р ангийн сурагч Соргог “Чингисийн арван хоёр донж-1” бүтээлээрээ,
  2. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн 9Б ангийн сурагч Жамьяансүрэнгийн Номин-Эрдэнэ “Боржигоны бор тал” бүтээлээрээ,
  3. ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын 7-р ангийн сурагч Имкинова Мария “Хүн ахтай, дээл захтай” бүтээлээрээ,
  4. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 9Е ангийн сурагч Ёндонжамцын Золбоо “Мөнх тэнгэрийн бичиг” бүтээлээрээ,
  5. ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шимбарга баруун хошууны Залуучуудын хөдөлгөөний төвийн 7-р ангийн сурагч Чандмань “Чингисийн арван хоёр донж-3” бүтээлээрээ тус, тус шалгарлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шилдэг бүтээл туурвисан сурагчдад баяр хүргэж, хүүхдүүдийн бүтээлийг үзэж, сонирхсон юм.

2011 оноос уламжлал болгон 7 дахь жилдээ зохион байгуулж буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн:

  • Насанд хүрэгчдийн ангиллын бүтээлүүд Монголын Уран зургийн галерейд
  • Сурагчдын ангиллын бүтээлүүд Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд тус тус энэ сарын 9-ний өдрийг дуустал үнэ, төлбөргүй гарах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх