Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар ѳнѳѳдѳр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл болон албаны бусад хүмүүсийн хамт Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт ажиллалаа.
Сайд Д.Сарангэрэл эхлээд Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцан, томуу, томуу төст өвчлөлийн мэдээлэл, эрүүл мэндийн байгууллагын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээллийг сонслоо.
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн улирлыг угтуулж, урьдчилсан байдлаар төлөвлөгөө гарган эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүлээгдэл, чирэгдлийг бууруулах зорилгоор нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөмж, сургалт, сурталчилгааг сайжруулах, яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжаа нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа талаар эмнэлгийн дарга Ц.Лхагва хэллээ.
Ажлын хэсэг үргэлжлүүлэн Баянгол дүүргийн Хүүхдийн эмнэлэгт ажиллаж, нөхцөл байдлын талаар албаны хүмүүстэй ярилцсан юм. Тус эмнэлэг одоогийн байдлаар хүүхдийн 200 ортой ажиллаж байна. Харин өвчлөлийн ид дэгдэлтийн үеэр 300 болж нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал хэллээ.
Баянгол дүүрэг нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихтэй дүүрэгт орж байгаа. Томуу өвчнөөр өвчилсөн хүүхдүүд гүйлгэх, бөөлжих шинж тэмдэг давхар хавсарч байгаа учраас эдгэрэлтийн хугацаа уртасч байгааг эмнэлгийн ажилтнууд онцлон хэлж байсан юм. Харин тус дүүргийн хүүхдийн эмнэлэг агааржуулалтын асуудлаа бүрэн шийдвэрлэсэн нь бусад дүүргийн эмнэлгээс онцлог байлаа.
Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн орны ачаалын хувьд одоогийн байдлаар нийт 2239 орон дээр 2376 хүн хэвтэн эмчлүүлж байна. Шинээр хэвтсэн өвчтѳний 37,1 хувь нь томуу, томуу төст өвчтэй иргэд эзэлж байна. Харин хүүхдийн орны ачаалал Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд 47,5 хувь байгаа бол Баянгол дүүргийнх 33,5 хувиар нэмэгджээ.
Өнгөрсөн өвөл томуу, томуу төст өвчний дэгдэлт их байсан учир амбулаторийн үзлэг ажлын өдрүүдэд 22.00 цаг, бямба гарагт 10-16 цагийн хооронд ажиллаж байснаа дуулгасан. Харин энэ жил өвчлөл их байвал уг жишгээр ажиллахаар төлөвлөж буй талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээллээ.
Мѳн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлаа эрчимжүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ сайжруулах, эмч ажиллагсдын хуваарилалтыг тодорхой чиглэлээр зохицуулж, бэлэн байдалд ажиллахыг эмнэлгийн удирдлагуудад даалгалаа.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дүүргийн эмнэлгүүдэд ажиллалаа
2018 оны 11-р сарын 03 өдөр, 20 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )