Э.Энхриймаагийн санаачилсан “Хатан ухаант ээжүүдийн сургааль” номын нээлт болов

2018 оны 11-р сарын 02 өдөр, 21 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
eeee_large

“Удам сайтын охин ус самрахад өрөм тогтдог” гэж Чин ван Ханддоржийн гэргий Сэвжидмаатай холбогдуулан хэлсэн нэгэн сайхан үг өнөөдөр (11-р сарын 2) Азхур номын дэлгүүрт ахин нэгэнтээ сонстов. Монгол бүсгүйн  гадаад, дотоод гоо сайхныг монгол ахуйтай холбон уран тод илэрхийлсэн энэ үгийг  “Дэлхийн мисс-2018” тэмцээнд монгол бүсгүйчүүдээ төлөөлөн оролцох гэж байгаа Э.Энхриймаагийн санаачлан бүтээсэн “Хатан ухаант ээжүүдийн сургааль” номын нээлтийн үеэр Монголын эмэгтэйчүүдийн “Хатан-Эрдэнэ” холбооны тэргүүн  Д.Энхсайхан хэлсэн юм.

 “Сайн ээж – сайхан дэлхий” уриатайгаар дэлхийн гоо сайхны дэвжээнд хүчээ сорихоор зэхэж байгаа Э.Энхриймаа монгол эхчүүдийн алтан сургааль, нандин захиасуудыг цуглуулан цуврал ном бүтээхээр санаачилсны 100 ээжийн сургаалиас бүрдсэн эхний номын нээлт өнөөдөр боллоо.

Энэ арга хэмжээнд Монголын эмэгтэйчүүдийн “Хатан-Эрдэнэ” холбоо, Одонтой ээжүүдийн холбооны төлөөлөл, Их засаг Их сургуулийн харьяа Дүрслэх урлаг, дизайн технологийн дээд сургуулийн багш, оюутнууд, мисс Э.Энхриймаагийн ар гэрийнхэн, найз нөхөд, яруу найрагч, зохиолчид, урлаг, соёлын салбарынхан зэрэг түүнийг дэмжигч олон хүн оролцсон юм.

Эхчүүд, эмэгтэйчүүдийн өгөөмөр хайр, нинжин сэтгэл, үр хүүхдээ хүмүүжүүлэх хатан ухаан шингэсэн, үеийн үед дамжин өвлөгдөх үнэт сургаалиар дүүрэн, будаг нь ханхалсан шинэхэн номын нээлтийг морин хуурын уянга эгшиг, уртын дууны шуранхайгаар мялаасны дараа хүрэлцэн ирсэн зочид, дэмжигчдэдээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлж мисс Э.Энхриймаа үг хэлэхдээ:

-Дэлхийн гоо үзэсгэлэнгийн талбарт хүчээ сорихдоо би “Ээж бүр үр хүүхдээ зөв, сайхан хүмүүжүүлж, эерэг хандлага төлөвшүүлснээр эх дэлхийн маань олон асуудал, бэрхшээл цаад утгаараа шийдэгдэнэ” гэсэн санааг илэрхийлж “Сайн ээж – сайхан дэлхий” уриалгыг дэвшүүлж байна. Энэ уриалгадаа зориулж монгол ээжүүдийн үр хүүхдээ сурган хүмүүжүүлж ирсэн шилдэг зөвлөгөөнөөс бүрдсэн “Хатан ухаант ээжүүдийн сургааль” цуврал номынхоо эхний номыг олон нийтэд толилуулж байгаадаа баяртай байна. Энэ дэлхий эхийн хайран дээр тогтдог. “Ээж ээ” гэж дуудахаар муу бүхэн арилдаг гэдэг. Тэгэхээр бүгдээрээ “Ээж ээ, би тандаа хайртай” хэмээн  сайн сайхныг даллан дуудаж, энэ номоо нээцгээе гэлээ.

Нээлтийн ёслолын үеэр Энхриймааг өсгөж хүмүүжүүлсэн хайрт эмээ нь болох 74 настай Д.Тогтохбаяр гуай, одонтой залуу ээжүүдийг төлөөлж таван хүүхдийн ээж, алдарт эх Батцэцэг, ахмад эхчүүдийг төлөөлж хүүхдийн болон сэхээний сувилагчаар 36 жил ажилласан алдарт эхийн 1, 2-р одонт П.Баяраа гуай, 2007 оны “Монголын сайхан бүсгүй” тэмцээний “Алтан эрдэнэ” өргөмжлөлт Г.Гантуяа нар баяр хүргэж үг хэлэв. Энхриймаагийн адил Эрдэнэтийн уугуул Г.Гантуяа “Хатан ухаант монгол ээж бүрээс үр хүүхдээ сурган хүмүүжүүлж ирсэн уран ухааныг нь сурч, өвлүүлэн дамжуулах  учиртай”-г тэмдэглээд монгол бүсгүйн суу ухааныг дэлхийн тайзнаа сурталчлах үйлсэд нь мисс Энхриймаад амжилт ерөөв. Мөн өнгөрсөн зургадугаар сард Алдарт эхийн одонтой ээжүүдийн дунд анх удаа зохион байгуулсан “Гоо ээж” уралдааны ялагч, удахгүй Энхриймаагийн араас “World Missеs” тэмцээнд монгол эхчүүдээ төлөөлөн оролцох гэж байгаа дөрвөн хүүхдийн ээж А.Дэлгэрцэцэг дэлхийн дэвжээнд өрсөлдөхдөө Энхриймаагаас ихийг сурах, туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Их догшид” ТББ-ын тэргүүн Л.Үүрцайх “хатан ухаант, хацар гоо монгол бүсгүйчүүддээ дэлхийн гоо сайхны талбарт эх орныхоо нэрийг дуурсгах”-ыг ерөөгөөд Энхриймаагийн санаачилсан “Сүрьеэгүй Монгол” төслийг дэмжин хандив өргөлөө. Мөн Дизайн технологийн дээд сургуулийн захирал Л.Бат-Аюуш “Сайхан биеийг сайхан хувцсаар чимэх сайхан. Манай сургуулийн хувцасны загвар бүтээгч дизайны ангийн багш, оюутнууд сайхан бүсгүйн тэмцээнд оролцож ирсэн уламжлалтай. Бид мисс Ё.Нямжав, О.Оюунтуяа нарын хувцсыг оёж ивээн тэтгэж байсан… Э.Энхриймааг дэмжин хамтран ажиллахад бэлэн байна” гээд монгол бүсгүйн гоо сайхныг дэлхийн дэвжээнд гайхуулж, гялалзсан амжилт гаргахыг ерөөсөн юм.

Энд ирсэн зочдын дотор Э.Энхриймаагийн хамаатан, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, ая зохиолч, продюсер, “Пентатоник” академийн ерөнхийлөгч Б.Долгион байсан бөгөөд тэрбээр “Монголын мисс тэмцээн анх зохиогдож эхлэхэд гоо бүсгүйг тодруулах шүүгчдийн бүрэлдэхүүнд хоёр ч удаа орж байсан бол өнөөдөр миний дүү энэ тэмцээнээс гоо үзэсгэлэн, оюун ухаанаараа тодрон дэлхийн дэвжээнд өрсөлдөх болсонд маш их баяртай байна. Гоо бүсгүй гаднах үзэмжээрээ ч, дотоод сэтгэлээрээ ч гэрэл гэгээ цацруулж, гялалзаж явах ёстой. Миний дүү гаднаа ч сайхан, дотроо ч оюунлаг, энхрий ялдам бүсгүй болохоор дэлхийн тэмцээнд амжилттай оролцож монгол бүсгүйчүүдийнхээ гадаад, дотоод гоо сайхныг сурталчилж чадна гэдэгт эргэлзэхгүй байна” гэж ярилаа.

 Монгол эхчүүдийн саруул ухаан  шингэсэн номын ертөнцөд зочлогсдод мисс Э.Энхриймаа номоо бэлэглэн дурсгалын зураг авахуулсны дараа зочид, дэмжигчид нь түүнд дэлхийн дэвжээнд амжилт гаргах ерөөл дэвшүүлсээр тарцгаасан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх