Тээврийн цагдаагийн албанаас албаны үйл ажиллагаа, бодлого чиглэл, шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрмийг сурталчлах, иргэдэд тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр албаны төв байранд 10.00 цагаас 15.00 цагийн хооронд зохион байгууллаа.
Уг үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Албан журмын даатгагчдын холбоо, Голомт банк зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэж ажилласан юм.
Мөн зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр бэлэн бус торгуультай холбоотойгоор 150 иргэний холбогдох материалыг хүлээн авч, 300 гаруй иргэдэд мэдээлэл, лавлагаа өгч, шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрмээр 553 иргэнд сургалт орсон ба ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс 497 иргэнээс тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх шалгалт авч, 117 иргэнээс хаяж гээгдүүлсэн, хугацаа дууссан үнэмлэхийн материалыг хүлээн авч үйлчиллээ.
Түүнчлэн Авто тээврийн үндэсний төвөөс 32 тээврийн хэрэгсэлд явуулын оношлогоо хийж, мэргэшсэн жолоочийн үнэмлэхний талаар 56 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, Нийслэлийн авто замын хөгжлийн газраас авто замд орц, гарц, зогсоолын талбай шинээр гаргах талаар 26 иргэнд мэдээлэл хүргэн ажиллажээ.
Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны үйл ажиллагаа, техник хэрэгслийг иргэд, олон нийтэд танилцуулах хүрэлцэн ирсэн иргэдийн даралтыг үзэж эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөа, халуун чацарганы жүүс, аарцаар үйлчлэх үйл ажиллагаа, ж ч давхар өрнөсөн.
Цагдаагийн байгууллагаас иргэд рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа явуулж, тэдний чухал хэрэгцээт асуудлыг шийдвэрлэн өгч буйд иргэд талархлаа илэрхийлж байсан юм.