“Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ, хамтын ажиллагаа 2018” форум эхэллээ

2018 оны 10-р сарын 31 өдөр, 16 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
32fe4b497a4b09b99075b11105041eedae8ebb7f

Зүүн хойд Азийн орнуудын цахилгаан эрчим хүчний хэлхээ холбоо, хил дамнасан эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд энэ чиглэлд идэвхтэй ажиллаж буй улс орнууд болон олон улсын байгууллагуудын санаачлагаар 2016 оноос тус бүсийн орнуудад олон улсын хурлыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн Зүүн хойд “Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ, хамтын ажиллагаа 2018” форум Улаанбаатар хотноо 2018 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдах юм.

Тус форумд НҮБ-ын Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг, Нийгмийн Комисс (UNESCAP)толгойлонүйл ажиллагаанд Монгол Улсын Эрчим хүчний яам, БНХАУ-ын Эрчим хүчний зөвлөл (CEC), Азийн хөгжлийн банк (ADB), БНСУ-ын Гадаад харилцааны яам, ОХУ-ын Эрчим хүчний системийн хүрээлэн (ESI), Дэлхийн Эрчим хүчний нэгдсэн сүлжээний хөгжил болон хамтын ажиллагааны байгууллага (GEIDCO), Япон улсын Cэргээгдэх эрчим хүчний институт (REI) болон Их Түмэн Санаачилга (Greater Tumen Initiative)дэмжин оролцожбайна.

“Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ, хамтын ажиллагаа 2018” форумыг нээж Монгол Улсын Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга үг хэлсэн. Тэрээр “Бүс нутгийн орнууд цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ үүсгэж хамтран ажиллах нь Нэгдсэн үндэсний Тогтвортой хөгжлийн 7 дугаар зорилтод хүрэх гол арга замуудын нэг гэж бид үзэж байна. Үүнд олон улсын олон талт хамтын ажиллагааны байгууллагууд, бүсийн орнуудын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй билээ. Монгол Улсын засгийн газар Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх Дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг өмнөх 7 хоногт батлан гаргасан бөгөөд хөтөлбөрт хөрш болон тус бүсийн орнуудтай эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд тусгагдаад байна. Монгол Улс нь байгалийн баялаг ихтэй, эрчим хүчний экспортоор эдийн засгаа дэмжих боломжтой бөгөөд газарзүйн байршлын хувьд эрчим хүчний хэрэглээ өндөртэй орнуудын эрчим хүч хангамжийн найдвартай, тогтвортой байдлыг байдлыг сайжруулахад дэмжлэг болох боломжтой юм. Тус бүсийн орнууд харилцан бие биенээ нөхсөн хамтын ажиллагааг дэмжих замаар хил дамнасан цахилгаан дамжуулах шугам, дамжуулах хоолой, нүүрсний худалдаа зэрэг ашигт малтмал, хил дамнасан дэд бүтцийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах боломжтой юм” гэлээ.

Форумаар Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах чиглэлд хийгдэж буй судалгааны ажлууд, энэ хүрээнд тус бүсийн орнуудад дотооддоо болон хамтран авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар сонсож хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцүүлэг хийжбайна. Үүнтэй холбогдуулан форум нь Засгийн газрууд, эрчим хүчний корпорациуд, эрдэм шинжилгээний байгууллагууд, эрчим хүчний салбарт оролцож буй олон улсын байгууллагуудын төлөөллийг урьж оролцуулж байна.

Монгол Улс нь анхдагч эрчим хүчний хувьд нөөц баялаг ихтэй орны нэг бөгөөд дэлхийд эрчим хүчний хэрэгцээгээрээ тэргүүлэгч улс орнуудтай газар зүйн байршлын хувьд зэрэгцэн оршиж байна. Зүүн хойд Азийн эрчим хүчний хэрэглээ 2040 оны төвшинд 2 дахин нэмэгдэхээр байгаа нь тус бүсийн тогтвортой эрчим хүчний хангамжийг ирэх жилүүдийн үндсэн анхаарах асуудлын нэг болж байна. Хил дамнасан цахилгаан эрчим хүчний хэлхээ холбоог хөгжүүлэх нь эдгээр шаардлагуудыг хангахаас гадна бие биенээсээ алслагдсан эрчим хүч үйлдвэрлэлийн нөөц бүхий болон хэрэглээ өндөртэй бүсүүдийг хооронд нь холбох, нийт үйлдвэрлэлд эзлэх хувь хэмжээ нь тасралтгүй нэмэгдэж буй сэргээгдэх эрчим хүчийг үр ашигтайгаар системд шингээх боломжийг бий болгох чухал ач холбогдолтой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх