Хөдөө орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол хэргийг бууруулах чиглэлээр ажиллаж байна

2018 оны 10-р сарын 30 өдөр, 15 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
44993889_969180533269534_7014635708467904512_n

Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Тээврийн цагдаагийн албанаас Авто тээврийн үндэсний төвтэй хамтран “Нарантуул” олон улсын худалдааны төвөөс хөдөө, орон нутаг руу зорчигч тээвэрлэж байгаа үйл ажиллагааг хууль ёсны зөвшөөрөлтэй цэг, маршрутад шилжүүлэх ажлыг эхлүүлэх гэж байна.

Тус ажлын хүрээнд энэ оны 11 дүгээр сарын 01 -ний өдрөөс эхлэн “Нарантуул” ОУХТ-өөс зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж байгаа “Ертөнц тур” ХХК-ийн гэрээтэй Архангай аймгийн Жаргалант сумын чиглэл, “Автобус тав’’ ХХК-ийн гэрээтэй Төв аймгийн Баянжаргалан сумын чиглэлийг Сонгино хайрхан зорчигч тээврийн төвөөс /драгон төв/, “Буманзамт” ХХК-ийн гэрээтэй Хөвсгөл аймгийн Тариалан сумын чиглэл, Очирмөнх хайрхан хоршооны гэрээтэй Говьсүмбэр аймгийн Чойрын чиглэл, Хийморийн зам хоршооны гэрээтэй Төв аймгийн Баян сумын чиглэлийг Баянзүрх зорчигч тээврийн төвөөс тухайн чиглэлд тээвэрлэлтэд гаргахаар өөрчлөн шилжүүлэхээр шийдвэрлээд байна.

Дээрх өөрчлөлтийг хийснээр “Нарантуул’’ ОУХТ орчмоос хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй бүрэн бус тээврийн хэрэгслээр хулгайгаар буюу зөвшөөрөлгүйгээр зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж байгааг таслан зогсоож, хяналт тавих нөхцөл бүрдэж орон нутгийн замд гарч зам тээврийн осол аваар буурч хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.

‘’Нарантуул’’ ОУХТ өдөртөө 14 аймгийн 31 чиглэлд 1000 орчим иргэн зохих зөвшөөрөлгүй шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр хөдөө орон нутгийн чиглэлд зорчиж байна гэсэн судалгаа байдаг. Хууль бусаар тээвэрлэлт хийж байгаа эдгээр тээврийн хэрэгслүүд нь өндөр насжилттай, стандартын дагуу зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх шаардлага хангахгүй тээврийн хэрэгслүүд байдаг тул иргэдийг Зөвшөөрөлтэй газраас, стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр орон нутаг руу зорчихыг дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс анхааруулж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх