МУСГЗ Г.Жамьян Үүлээ эгч /өгүүллэг/

2018 оны 10-р сарын 30 өдөр, 12 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
39748550_1005864882907796_7155127602003312640_n

Машиндаа суух гэтэл хэн нэг хүн дал мөрнөөс аяархан татаж эргүүллээ. Харвал огт танихгүй бүдүүн тарган авгай. Зүүн гартаа модны хугархай тулж, хуучин муу хөвөнтэй дээлний тамтаг хэдэрчээ. Буурал үс нь эгээ л хамхуул. Хагарах гэж байгаа юм шиг чинэрсэн хөх нүүрэнд нь дэндүү зохиогүй хонин бор нүднийх нь гал бөхжээ.

Тэр хачин авгай намайг Бүдүүнээ гэж багын минь нэрээр дуудаад өөдөөс гөлөрч байна. Юу билээ энэ чинь гээд сайтар ажиглавал баруун самсаан дээрх тод хөх мэнгээр нь Үүлээ эгчийгээ танилаа.

-Үүлээ! гэхэд тэр доош харчихсан нулимс нь дусалж байв. Жолооч, манай дарга бүгд гайхав бололтой. Үүлээ сэтгэл хөөрөөд олон ч юм ярьж чадсангүй.
-Манайх тэр шүү дээ гээд “Ганц худаг”-ийн зүүн хойд энгэр дэх аргийн чинээхэн бор гэрийг зааж байна.
-Дарга аа би хоцоръё доо гэсээр машин хөдөлж Үүлээ бид хоёр хөтчин тэртээ энгэр рүү мацах нь тэр.
Бид хоёр уулзалгүй уджээ. Үүлэнзаяа гэж хондлойгоо гуядсан урт хар гэзэгтэй царайлаг цагаан хүүхэн Дорноговь аймгийн төвд байж билээ. Бид хүүхдүүд авгайлан Үүлээ эгч гэнэ. Нөхөр нь баазын жолооч Баавлай гэж чийрэг бор залуу. Байхаасаа эзгүй нь элбэг. Гучин хэдэн жилийн өмнө тийм байсан хүүхэн өнөө ийм болчих гэж дээ хэмээн замбуулингийн заяа завсар хоёрт харууссаар хөгшний босгыг алхлаа. Үүлээ маань нүдэн чинээ гэрийнхээ хоймроод урьж тогоо шанагаа угсрав. Галаа асаах зуураа Үүлээ эгч:

-Хань болох юм энэ муу хоёр үнээ л байна гээд гадаа сулхаан мөөрөх үхэр рүүгээ хандав. -Өвгөн?
-Муу өвгөн минь ойчоод арваад жил боллоо. Өнөө муу хүү … гэснээ хоолой нь зангирч юу хэлсэн нь дуулдсангүй. Хүү гэхтэй зэрэг л дотор сэртхийгээд явчихлаа.
….Гуч нилээн гарсан хүү баймаар даа. Үүлээ эгчийн манайхан нэг хонхорт байдаг байж билээ. Би гэдэг амьтан аравдугаар анги төгссөн хавраа айлын найранд очиж “Эр хүн” болчихоод сарны саруулханд гэрээдээ харьж явтал дэргэдүүр нэг эмэгтэй хүн өнгөрмөөр болсноо:

-Энэ чинь Бүдүүнээ юу даа гэх дуугаар нь би Үүлээ эгчийг хэмээн таньж билээ.
-Золиг чинь согтчихоо юу гэснээ намйаг сугадаад гэрээдээ очсонсон. Миний тархи толгойг угааж сэрүүцүүлээд “Хоол идэх үү? Унтах уу?” гэхэд нь би олон ч үггүй орных нь урдуур унаад өгч билээ. Үүлээ эгч миний хувцсыг тайчиж баруун орон дээрээ унтуулаад өөрөө хоймрын өргөн төмөр орон дээр унтах нь тэр. Би шөнө сэрчихлээ. Толгой жаахан өвдөхөөс өөр зовиур алга. Болсон явдал, Үүлээтэй таарснаа, тэднийд ирж хувцсаа тайлуулж байснаа бүүр түүрхэн мэдэж байна. Тэр байтугай: “Баавлай ах чинь хөдөө явчихсан. Эгч нь ганцаараа гэж ярьж байсныг ч санаж байна. Архины халуун гэдэг сүрхий эд шүү. Нэг мэдэхнээ арван наймтай намайг арав эгч хүүхний өвөрт оруулчихсан байлаа.

Бүдүүнээ яаж байгаа нь энэ вэ гэхэд нь би гэдэг эр хүн:
Нүгэл нүд рүү хатгаад… гэчихээд Үүлээгийн эгэм дүүрэн хоёр хөх рүү цавуутай юм шиг наалдаж байсансан. Хөнжлийн жаргал гэж тийм амттай юм байдгийг анх удаа мэдэрч билээ. Муу өөдгүй амьтан маргаашнаас нь эхлээд л Үүлээ Баавлай хоёрын царайг харж чадахаа больсон. Холуур зугтааж явдаг боллоо. Тэгээд удсан ч үгүй хот руу сургуульд яваад Үүлээ маань хоцорч бид хоёрын нүдэн тусгал тасрах нь тэр. Өвлийн амралтаар ирээд клубт жүжиг үзэж явснаа гэнэт Үүлээтэй таарчихлаа. Тэр маань томоо гэдэстэй сэвх даасан бор царайтай болчихсон байж билээ. Мэнд ус мэдсэний дараа л:

-Хүүгий чинь тээж явна даа гэсэнсэн.
-Юу гэнэ ээ? гэж намайг гайхахад
-Бүдүүнээ минь битгий зов. Нүгэл нүглээрээ дуусдаг байхгүй юу гээд инээсэнсэн.
…Үүлээ бид хоёр шөнөжин ярьж үүр цайлгалаа. Арван жил айлын бэр байж үрийн хүслэн болоод байхад минь чи гэж нэг юм өвөрт орж ирж билээ гээд Үүлээ уртаар санаа алдсанаа:
-Хүүтэй болж жаргасаан. Ганц юм гээд даанч дэндүү эрхлүүлчихсэн дээ. Хүү маань арван хэдтэйгээсээ энэ хэдэн шорон дамжсан. Дагасаар яваад энд хүрч ирээд байна. Өврийн жаргал өтлөхийн зовлон болохыг хэн мэдэхэв дээ гээд мэгшиж уйллаа.
Үүлээ эгчийгээ би тайтгаруулж буурал тэргүүнийг нь иллээ. Унамаар болсноо овоо тайтгарч цайнаасаа хэд сайхан балгах нь тэр.

Гадаа ойрхон бүрээ татах сонсогдов. Үүлээ маань яаран савхан хувингаасаа сүү хутгаж аваад гарлаа. Би ч явахаар босов. Алаг эрээн хувцастай хоригдлуудын урт цуваа цаашаа үргэлжилж байна. Дөрвөн талд нь буутай хуяг харгалзана. Үүлээ: -Хүү чинь тэр явна гээд урт цувааны эхэн хавьд лүглэгэр том эрийг заалаа. Тэгснээ хойноос нь сүү өргөж амандаа юм гүвтнэв. Тэнгэрт хүүгээ даатгав бололтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх