Монголын залуучуудын холбооноос 1992 оноос эхлэн зохион байгуулж ирсэн “Эврика” эрдэм шинжилгээний хурал 24 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Оюутан, залуу багш судлаачид, эрдэмтдийн үндэсний онол, шинжлэх ухааны мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах, НҮБ-аас зарласан тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг шалгаруулж, олон нийтэд сурталчлан таниулах, бүтээх цагийг авчрах, бүтээгч үеийг төрүүлэх зорилготой эрдэм шинжилгээний хурал юм.
“Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурлыг 2018 оны 05 дугаар сард олон нийтэд зарлаж, хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн I үе шатны шалгаруулалтыг их дээд сургуулиуд болон судалгааны хүрээлэн, аж ахуй нэгж байгууллагууд дээр зохион байгуулсан аж. II шатанд шалгарсан шилдэг оролцогчид есөн салбар хуралдааныг хийж байна. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шилдэг оюутан судлаач, залуу багш судлаач, эрдэмтэн судлаач нарын 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр Эрчим хүчний салбарыг хамарсан хуралдааныг явууллаа.
Олон жилийн хөдөлмөрийн үр шимээр Монгол Улсынхаа эрчим хүчний салбарыг хөгжүүлж, албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийг цахилгаан, дулаанаар таслахгүй хангахын төлөө өдөр шөнөгүй манаанд зогсож, жилээс жилд хурдацтай өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах хариуцлагатай, хүнд ачааг үүрч буй салбарын үйл ажиллагааны товч мэдээллийг давхар танилцуулсан юм.