Монголд үйлдвэрлэсэн 20 эко автобусны тал хувь нь 3 жил бололгүй эвдэрч, сул зогсож байна

2018 оны 10-р сарын 29 өдөр, 10 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15407429345bd5df162687f

“Монгол инженерийн ур ухаанаас мэндэлсэн, Евро-4 хөдөлгүүртэй J-800T загварын 20 ширхэг эко автобус үйлчилгээнд явахаар боллоо” гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, машин үйлдвэрлэлийн эхлэл, Монгол инженерүүд хийж чадаж байна хэмээн хүн болгон сайшааж, магтаж байсан цаг саяхан. Одоо ч энэ өөдрөг хандлага сэтгэгдэл нь хадгалагдаж яваа байх. 

Гэтэл өнөөх сүржин нэртэй ногоон автобуснууд нь үйлчилгээнд гараад гурван жил ч бололгүй эвдэрсэн талаар Нийслэлийн  тээврийн газрын дарга Д.Отгонбаатар онцлов. Тодруулбал, Тэрбээр, саяхан болсон “Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд” зөвлөгөөний үеэр хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө “2015 онд нийслэлийн төсвөөр дотоодоос 20 эко автобусыг тус бүрийг 179 сая төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл одоогоор тэдгээрийн найман эко автобус  эвдэрсэн зогсож байна. Эвдрэлийн шалтгаан нь түлшний асуудалтай эсвэл хөдөлгүүр нь  их эвдэрсэн байгаа” гэдгийг онцолсон юм.

“Үндэсний үйлдвэрлэл” хэмээн хүмүүсийн цөсийг хөөргөдөж, Солонгосын хуучин автобус авч байхаар үнэтэй ч байсан хамаагүй энэ үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж энэ автобусыг  авах хэрэгтэй  гэж хүн бүр л ярьж байсан өнөөх автобус харин гуравхан жилийн дотор ийнхүү тараа таниулж эхэлсэн нь багагүй шүүмжлэл дагуулаад байна.  Үндсэндээ нэг бүрийг нь импортын шинэ автобуснаас  ч өндөр үнээр буюу нэг бүрийг  нь  179 сая төгрөгөөр худалдаж авч байсан тэдгээр 20 эко гэсэн тодотголтой автобусны тэн хагас шахам нь 3 жилийн ч нүүр үзэж чадалгүй эвдэрч үйлчилгээнд гарахгүй зогсож байна.

Өөрөөр хэлбэл, нийтийн тээвэрт 12 жил үйлчилгээ үзүүлнэ гэсэн норм нормативынхаа гуравны нэгд ч хүрэлгүй, ихэнхийнх нь хөдөлгүүр, цахилгаан порсунк нь эвдэрчээ.

Өнөөдрийн байдлаар Монголд үйлдвэрлэсэн тэдгээр ногоон автобуснуудын тал хувь нь буюу нь 10 нь эвдэрсэн, сул зогсолт хийж байгаа аж. Өөрөөр хэлбэл, нэг бүр 179 сая төгрөгийн 10 автобус гэхээр нийт 1.79 тэрбум төгрөгийн үнэ бүхий автобус өнөөдөр өртөгөө нөхөж  чадахгүй сул зогсолт хийж байгаа юм байна.

Мөн үүний цаана үлдсэн үйлчилгээнд гарч байгаа 10 автобус нь үр ашгаа өгөөд иргэдийн хэрэгцээг хангаад байна уу гэвэл бас үгүй аж.

Тодруулбал, Тус автобуснууд өнөөдөр Ч25 буюу 3, 4 дүгээр хороолол Тоосгоны үйлдвэрийн чиглэлд үйлчилгээнд гарч байгаа ч автобусаар үйлчлүүлж байгаа иргэд нь ихээхэн гомдолтой сэтгэл дундуур байдаг юм байна.

Бид тус автобусаар ажилдаа явдаг Ч.Ганхуягын сэтгэгдэлийг сонсоход, “Би анх Монгол инженерүүд автобус үйлдвэрлэлээ гэдгийг сонсоод маш их баярлаж байсан. Тэр ч утгаараа өндөр өртөгтэй, болохгүй гээд шүүмжлээд байгаа хүмүүст шүүмжлэлтэй ханддаг байсан. Гэтэл өнөөх эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүн нь саяхнаас ажил гэр хоёрын хооронд үйлчилдэг чиглэлд явж эхлэв. Би хувьдаа “Монголын нөхцөлд зориулж, өөрдсөө үйлдврлэсэн юм чинь өвөл сайхан дулаахан байхдаа. Ашгүй дээ” гээд их баярлаж байсан. Одоо бол “ингэж үйлдвэрлэж байхаар үйлдвэрлэхгүй байсан нь дээр юм байна” гэж бодож байгаа. Учир нь энэ автобуснуудыг чинь утаа бага гаргадаг болгохын тулд моторын хүчин чадлыг нь багасгадаг юм шиг байна. Өөрөөр хэлбэл, Солонгосоос орж ирдэг автобуснуудаас моторын хүчин чадал нь бага гэсэн үг. Тэгэхээрээ дүүрэн хүн суучихвал өгсүүр газар хий эргээд, хүч алдаад, жаахан хүчилчихээр хар утаа хаяад явдаггүй юм байна. Нэг муу жижигхэн машин торохгүй өгсчихдөг Гандан руу өгсөж чадахгүй, хүч алддаг автобус олон мянган хүний амь насыг дэнслээд  нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна гээд бодоод үз дээ. Үнэхээр эрсдэлтэй байгаа биз дээ” гэв.

Үнэхээр итгэхэд  бэрх санагдав. Монголчууд автобусаа эх орондоо угсарч байгаа нь сайн хэрэг. Үүнийг Монгол хүн бүр дэмжинэ. Гэхдээ нийтийн тээврийн нэг автобус наанадаж 50-60 хүн тээвэрлэдэг. Ийм олон хүний амь нас, аюулгүй байдлыг хангах ёстой гэдэг үүднээсээ стандартын маш өндөр босго, шалгуур шаардлагыг хангаж байж бүтээгддэг байх учиртай.

Манайд үйлдвэрлэсэн гэх автобуснууд өнөөдөр тал хувь нь эвдэрсэн, сул зогсолт хийж, үйлчилгээнд гарч байгаа нэг нь шаардлагад нийцэхгүй, жолооч, зорчигчдийн толгойны өвчин болоод байгаа юм байна. Гэтэл одоо дахиад хоёр цахилгаан автобус үйлвэрлэж, туршилтаар үйлчилгээнд гаргасан гэж байгаа. Түүнчлэн  нийтийн тээврийн салбарт Мон-30 автобусаар шинэчлэл хийх асуудал яригдаж байгаа юм байна.

Гэхдээ Мон-30 автобус хоёр жил бололгүй эвдэрч зогссон эко автобуснуудаасаа чанар эдэлгээний хувьд юугаараа ялгагдаж, олон улсын хэм хэмжээ болсон стандарт нормыг хэрхэн хангаж баталгаажуулсан вэ гэдэг нь одоогоор асуултын тэмдэгтэй хэвээр байна.

Дахиад хоёр жил бололгүй эвдрэх юм хийчихээд үндэсний үйлдвэрлэл хэмээн цээжээ дэлдэж байх вий дээ.

Т.Гэрэл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх