Ж.ШИЖИР: Ирээдүйд эрэлт хэрэгцээтэй гурван мэргэжил бол программ хангамж, график дизайн, маркетинг менежмент юм

2018 оны 10-р сарын 25 өдөр, 12 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
shijir

Мэдээлэл технологийн салбартаа анхны гэсэн тодотголтой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч “Том-Амжилт” ХХК-ны Ж.Шижир захиралтай энэ удаагийн ярилцлагаа өрнүүллээ. Amjilt.com үндэсний сүлжээ, Мора анхны хүүхэлдэйн кино, Амжилт академи, Монголын хамгийн олон вэб сайт хийсэн байгууллага гээд тоочоод байвал тэдний амжилт дундрашгүй. Технологийн салбарт хөл тавиад даруй арван жилийг үдсэн Ж.Шижир захирал энэ удаад Энэтхэгийн мэдээлэл технологийн их сургуулийн салбар сургуулийг Монгол улсдаа оруулж ирэхээр болсон байна.

Энэтхэг Улсын их сургуулийн салбарыг эх орондоо байгуулахаар болсон талаар сонслоо. Яагаад заавал Энэтхэг сургуулийг сонгох болов?

Хоёр жилийн турш их сургууль оруулж ирэх гэж энэ  төсөл дээр хичээнгүйлэн  ажиллаж өнөөдөр бид эрхээ авлаа. Манай компани  “Амжилт Академи” аараа дамжуулж хүний нөөцөө бэлддэг. Дан ганц компанийхаа хүний нөөцийг бус ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагаас манайд хандаж төгсөгч нараас ажилтан авдаг байлаа. Технологийн салбар бол дэлхий даяар эрчимтэй өсөж хөгжиж буй салбар. Монголд энэ салбарын ажлын байр нь бэлэн байгаад ажиллах хүч дутмаг байна. Ажиллах хүч дутмаг гэхээсээ илүү бид ажлын байрандаа гологдоод байна.

Энэтхэг улс бол техник технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч. Энэ туршлагаа бусад улс орнуудтай хуваалцахад тэд бэлэн байна. Энэ боломжийг ашиглаад дэлхийн стандартад нийцсэн боловсон хүчнийг бэлтгэж дотоод доо болон гадагш нь энэ төрлийн мэргэжилтнүүдээ гаргья гэж бодсон хэрэг. Гадны сургуулийн салбарыг эх орондоо байгуулах амаргүй ажил гэдгийг энэ хоёр жилийн туршид ойлголоо. Тэдний тавьж буй стандартад нийцсэн анги танхим, сургалтын хөтөлбөр гээд анхаарч ажиллах ёстой хэд хэдэн том ажлууд байдаг юм байна.

Боловсролын гол цөм нь сургалтын хөтөлбөр байдаг. Энэ тал дээр боловсруулалт хэрхэн хийгдсэн бэ?

Манай сургуулийн сургалтын хөтөлбөр Энэтхэгийн их сургуулийнхаа хөтөлбөрөөр явагдана. Монголд дөрвөн жил сурахад сургалтын хөтөлбөрийн 3/1 нь ерөнхий эрдэмийн хичээл ордог. Үндсэндээ бол 1-р курсын оюутан 2-р курст ортлоо мэргэжлийн хичээлээ бараг үздэггүй. Ерөнхий эрдэм л ордог. Гадны сургуулиуд тийм биш юм байна. Шууд л мэргэжлийн хичээлийг нь заагаад том төслүүд дээр ажиллуулаад, дадлагжуулаад явдаг. Бид ч мөн тэр жишгийг баримталж оюутануудын чөлөөт цагыг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс тусгайлан тохижуулсан анги танхим, лабаротори зэргийг бэлдсэн байгаа. Өглөө 9 цагаас орой 18 цаг хүртэл оюутанууд сургууль дээрээ хичээлээ хийж хичээлийн бус цагаар клубын зарчмаар багш нартайгаа өгөгдсөн төслүүд дээрээ ажиллах болно. Энэ нь багаар ажиллах чадвар, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж байдаг.

Хүмүүс анзаардаг бол элдэв сонирхолтой нээлтийг дандаа их сургуулийн багш нар оюутануудтайгаа хамтарч хийдэг. Үүний адилаар манай сургууль багш оюутануудын хамтын бүтээмжийг өсгөх тал дээр анхаарч ажиллана. Түүнээс биш багш лекц уншиж оюутан түүнийг өдөржингөө хуулж бичих зарчмаар хичээл явагдахгүй.

Ямар мэргэжлүүдээр элсэлт авах вэ?

Программ хангамж, График дизайн, Маркетинг менежмент гэсэн гурван мэргэжлээр элсэлт авна. Гэхдээ нэг анги 20 оюутантай байхаар төлөвлөж байна. Учир нь оюутаны тоо нэмэгдээд ирэхээр нэг багшид ноогдох оюутаны тоо ихсэж сургалтын чанар муудах талтай. Тиймээс сургалтаа чанартай, үр дүнтэй явуулахын тулд оюутаны тоог хязгаарлаж байгаа юм. Манай сургуульд элсэн орох хүүхдүүдэд ЕЭШ-ын оноо хамааралгүй. Бид Энэтхэг сургуулийнхаа стандартын дагуу оюутануудтай ганцаарчлан ярилцлага хийнэ. Энэ оюутан үнэхээр сонгож буй мэргэжилдээ дуртай эсэх, манай сургуульд суралцаад төгсөж чадах эсэхийг нь мэдэхийн тулд гадны сургуулиуд тийм ярилцлага хийж оюутануудаа авдаг юм байна.

Гурван мэргэжлээрээ нийт 60 оюутан хэдэн жилийн хугацаанд суралцаад төгсөх вэ?

Гурван жил суралцаад 100 хувь англи хэлтэй бакалавр зэрэгтэй төгсөнө. 1-р курсээс англи хэл орж эхэлнэ. Хичээл заах багш нарын ихэнх нь гадаад багш нар байх учраас оюутанууд хэлний мэдлэгийг түргэн хугацаанд олж авах байх.

Би гадаад багш нарынхаа нэг зүйлээр их бахархаж байгаа. Энэтхэг сургууль маань багш нараа жил бүр сургалтанд суулгаж чадавхжуулж байдаг юм байна. Тэгэхдээ өөрийн улсдаа биш гадны улс руу явуулдаг. Тиймээс байнга суралцаж байдаг багш нараар хичээл заалгах нь оюутануудад ашигтай.

Яагаад технологийн сургуулийг Монголд нэвтрүүлж тэр дундаа дээрх гурван мэргэжлээр элсэлт авч байгаа вэ?

Ирээдүйд  эрэлт хэрэгцээтэй байх гурван мэргэжил бол Программ хангамж, График дизайн, Маркетинг менежмент юм. Тиймээс хэрэгцээтэй мэргэжлээрээ хүний нөөцөө бүрдүүлэх нь зөв болов уу.

Манай компанид  Amjilt.com платформ, Мора хүүхэлдэйн киногоо хийхэд боловсон хүчин думтаг байсан.  “Амжилт Акадмеми” д суралцаж байсан залуусаас бүрдсэн баг “Мора” хүүхэлдэйн киног хийж дуусгасан. Энэ кино  Монголдоо анхдагч бүтээл болсон ч  дэлхийн стандартад арай хүрээгүй. Бид стандартад нийцсэн бүтээл хийхийн тулд дэлхийн жишигт нийцсэн боловсролыг олж авах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Тэгэж л энэтхэгийн их сургуультай холбогдсон доо.

Мэдээж та бүхний том зорилго үүгээр зогсохгүй байх. Дараагийн төсөл, төлөвлөгөөнөөсөө мэдээлэл өгөөч?

Сая ингээд сургуулиа байгуулах гээд явж байхдаа бас нэг зүйлийг олж харлаа. Орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн дунд сургуулийн хөтөлбөрийг монголдоо оруулж ирвэл дараагийн шатны сургуулиудад хүүхэд суралцахад маш сайн хөрс суурь нь болж өгөх юм байна. Тийм ч учраас Энэтхэг улсын хөрөнгө оруулалттай Энэтхэг-Монголын хамтарсан “Индра” бүрэн дунд сургуулийг байгуулахаар эхний гэрээ, ажлууд хийгдэж эхэллээ. Энэтхэгийн сургалтын хөтөлбөрөөс мэдээлэл технологи, бурханы шашин, суурь боловсролын шинэчлэгдсэн хөтөлбөрийг оруулсан, хүүхдэд ээлтэй, хэрэгтэй, хүүхдийг бүрэн хөгжүүлэхэд зориулагдсан “Индра” цогцолбор сургууль маань ирэх жилийн 9 дүгээр сараас анхны элсэгчдээ авах болно.

Их сургуулийн хувьд гэвэл бид сургуулиа хотоос гаргахыг төлөвлөж байна. Хотын төвөөс зайдуу оюутаны хотхон, их сургууль, лабаротори, номын сан зэрэг нь нэг дор байрлах орчин үеийн стандартад нийцсэн хотхоныг бий болгох нь манай сургуулийн нэг зорилго. Энэ зорилгоо л ойрын  жилдээ биелүүлэхийн төлөө ажиллана.

Баярлалаа. Танд амжилт хүсье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх