Сурагчдын хичээлдээ явах замын аюулгүй байдлыг хангах, тэдэнд тусламж үзүүлэх зорилготой боловсруулагдсан “Хүүхэд хамгаалагч” тѳслийн нээлт өнөөдөр БЗД-ийн 69, СХД-ийн 12 дугаар сургууль дээр боллоо.
Төслийн нээлтэнд Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх Р.Булгамаа, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж, Нийтийн хэв журмыг хамгаалах газрын дарга цагдаагийн дэд хурандаа н.Эрдэнэбат, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга дэд хурандаа Г.Арсланхуяг, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Т.Дамбийням болон бусад албаныхан, иргэд оролцсон юм.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Т.Дамбийням:
Хүүхэд хамгаалах чиглэлээр төр засгийн болон олон нийтийн байгууллагууд анхаарлаа хандуулж ажиллаж байна. Энэ ажлын нэг хэсэг болох Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс санаачилж “Children police” буюу “Хүүхэд хамгаалагч” төслийг эхлүүлээд байна. Бидний энэхүү төслийг дэмжиж ажилласан ЦЕГ, НЦГ болон бусад албан байгууллага, хамт олон сайн дураар эргүүлд ажиллах иргэд, хороо нэгжийн ажилтанууддаа талархаж байна. Бид сургууль орчимд, гэрээсээ сургууль хүртэлх тэр замд хүүхдүүдийн эрхийг хамгаалах, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тус төслийг эхлүүлж байна. Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны хувьд 24 мянга орчим иргэнтэй, гэр хорооллын бүс давамгайлсан, хүүхэд гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт өртөх магадлал өндөртэй, хүүхдүүд хол зам туулж сургуульдаа ирж, очдог учраас тус хороог сонгож авсан. Цаашид энэ үйл ажиллагааг хэвшүүлэхэд цагдаагийн байгууллагаас гадна эцэг эхчүүдийн оролцоо чухал. Эргүүлүүд маань гэмт хэрэг гарч болзошгүй 30 байршил дээр зогсож, тухайн орчны аюулгүй байдлыг хангаж ажиллах юм. Хүүхдүүдэд бид 30 байршил дээр байгаа 30 эргүүлүүдийг намайг хамгаалагч иргэн гэдэг ойлголтыг өгөх, эргээд эдгээр эргүүлүүдтэй хүүхдүүд маань хамтарч ажиллах нь маш чухал.
БЗД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Захиргааны удирдлагын тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Ж.Батмөнх:
Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны хувьд нийслэлийн 150 гаруй хорооноос их хүн амтай, гэр хорооллын бүс давамгайлсан , тэр хэмжээгээрээ гэмт хэргийн гаралт өндөртэй хороо юм. Гудамж талбайн гэрэлтүүлэг, камер дутагдалтай байдгаас үүсэн хүүхэд гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт өртөх явдал их байдаг. БЗД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээллээс харахад хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо сүүлийн гурван жил дараалан өссөн байна. Тиймээс ЦЕГ, НЦГ, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, БЗД-ийн удирдлагууд хамтраад “Хүүхэд хамгаалагч” эргүүлийг ажиллуулж эхлээд байна. Өглөө 07:00-08:00, өдөр 13:00-14:00, орой 18:00-19:00 цагуудад эргүүлүүд эрсдэл өндөртэйд тооцогдох 30 байршилд ажиллаж, хүүхдүүдийг аливаа болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд гар бие оролцох юм. Эргүүлд гарч байгаа иргэд маань “Бусдын хүүхдийн аюулгүй байдлыг хангаснаар миний хүүхдийн аюулгүй байдал хангагдана” хэмээн бодож ажиллах нь хамгийн чухал.
Хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр иргэдтэйгээ хамтарч ажиллаж байгаа нь нэг том давуу тал юм. Цаашид энэ төслийн талаарх журмын иргэдийн саналын дагуу боловсруулж, бүх хороодод хэрэгжүүлнэ. Тухайлбал эргүүлд гарсан иргэдэд байгууллагад нь цалинтай чөлөө олгуулах, тэдний эрх зүйн байдлыг хамгаалах, иргэдтэй өдөр тутам хамтран ажиллах зохицуулагч иргэнийг сонгох гэх мэтээр үргэлжлэх юм. Хүүхдийн аюулгүй байдлын төлөө дэмжиж ажиллахыг уриалж байна.” Хэмээлээ.
Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар насанд хүрээгүй хүнээс үйлдсэн нийт 592 гэмт хэрэгт 604 хүүхэд холбогдсон нь өнгөрсөн оны мөн үеэс 31 хэргээр буюу 4,9 хувь, гэмт хэрэгт холбогдсон хүүхэд 140 буюу 18,8 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Мөн хугацаанд гэмт хэргийн халдлагад 1271 хүүхэд өртөж хохирсон нь өмнөх оны мөн үеэс 47 буюу 3,8 хувиар өссөн. Үүнээс 64 буюу 5,0 хувь нь нас барж, 416 буюу 32,7 хувь нь гэмтсэн байна.