Болжмор : Яргуйн хэнзхэн дурлал-2 /Өгүүллэг/

2018 оны 10-р сарын 21 өдөр, 12 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
da1079a9440ac283great

Одоогоос арван зургаан жилийн тэртээ их зудтай өвөл болов. Нандин шинэхэн төгсөж ирсэн ажилчин аймагтаа ажиллана хэмээсээр Дархан хотдоо ирлээ. Түүнийг ирхэд хөгшин аав нь өнгөрчихсөн өөр санаж сарвайх ах дүү байсангүй. Шинэхэн нягтланд эмхэлж цэгцлэхээс эхлээд ажил нь барагдах юм биш. Нэг орой тайлан тооцоогоо хийчихээд нилээн оройтон харих гэж байтал гадаа нь багаасаа эхэлж нэг довон дээр тоглож өссөн Болд зогсож байв. Нандин яагаад ч юм нэг төвөгшөөснөө ханиндаа хэмээн бодон хамт явлаа. Залуу хүмүүст ярих юм мундаг биш тэд ярьсаар явтал нэг л мэдэхэд тэдний гадаа хүрээд ирчихсэн байв. Нандин анх удаа Болдоог эр хүн талаас нь энэ удаа харжээ. Тийм гээд онцгойрч ялгарах юмгүй дуугүй бор залуу түүний өмнө зогсож байлаа. Нандинд Болдоогийн чимээгүйхэн харц, дөлгөөн нүд хоёр юу юунаас илүү таалагдав. Үүнээс хойш Нандинг ажлаа тараад гараад ирхэд Болд хүлээчихсэн зогсоно. Нандин яриад л Болд хаяа нэг яриаг нь дэмжээд явна. Энэ үед Нандин оюутан болоод л анхлан үерхсэн залуу нь хөдөө ажиллаж чадахгүй хэмээн ам мурийн салсан үе байлаа. Нандин их шазруун. Нэг л зүтгэсэн бол тэр чигтээ өөрийнхөөрөө зүтгэчихдэг нэгэн тул дотор нь буцалж байсан ч нэг үг ган хийлгүй байсаар аймагтаа иржээ.
Болд, Нандин хоёрын үерхэл даамжирсаар ойр тойрны хүмүүс ч гадарладаг болов. Ажлынх нь эгч нар: Нандин минь Болд сайн хүү шүү. Та хоёр юун төлөө багаасаа бие биенээ мэддэг билээ. Эр хүн ноён нуруутай байхад л ер нь болно. Тэгээд ч чамд их сайн харагддаг. Миний дүү одоо хань ижилтэй болсон нь дээр. Голж шилж явсаар байтал нэг л мэдэхэд нас чинь ч явж, тэр хирээрээ санаанд чинь таарах хүн улам л олдохоо болино шүү хэмээн хэлдэг байв. Нандин ч дотроо Болд өөрөө гуйвал яахав… Алийн болгон ингэж ганцаараа явахав гэж хүртэл боддог боллоо.
Зуны тэр нэг орой гэртээ амрангаа жаал угаалга цэвэрлэгээ хийж байтал хаалгыг нь хүн тогших сонстов. Нандин хөлсөө арчсаар очоод хаалга нээтэл Болд зогсож байлаа.
Өө сайн уу, юу хийж яваа юм хар үүрээр. Би их цэвэрлэгээ хийгээд сууж байна гэтэл Болд өврөө уудлан ном, чихрийн цуглуулгатай гаргаж ирээд
Төрсөн өдрийн мэнд… гээд доош харлаа. Нандин дуу алдан
Нээрээ өнөөдөр чинь миний төрсөн өдөр юм байна ш дээ. Би ёстой анзарсангүй баярлалаа хэмээгээд хөөрсөндөө түүний хацар дээр нь үнсээд авлаа. Тэгмэгц гэнэт санаа нь зовон үгүй би…. маш их баярлалаа одоохон. Тэр хоёр хамжилцан төрсөн өдрийн ширээгээ дор нь засаадахлаа. 18.00 цаг жаахан өнгөрч байхад хамт ажилладаг нөхөд нь ч ороод ирэв. Тасгийн дарга нь манай Болд сануулаагүй бол бид хэд мэдэхгүй өнгөрөх нь байж шүү гээд үг хэлэн ерөөл дэвшүүлээд эхний хундагыг тогтооцгоов. Найр үргэлжилсээр шөнө дунд сая нэг юм тарлаа. Болд Нандинтай хамжилцан цэвэрлэгээ хийж дуусгачихаад явах гэтэл Нандин одоо удахгүй үүр цайлаа хоноод явдаа хө гэв.
Нандингийн зүрх нь хүчтэй цохилно. Нөгөө өрөөнд хурхиран унтах Болдын дуу яагаад ч юм түүний нойрыг хулжаажээ. Тэрээр босон өрөөн дотуураа холхиж ч үзэв. Бодох тусам л хамаг биенийх нь цус хөөрөн сэрэл нь хөдөлнө. Тэрээр гал тогооны өрөө орон ус ууж байснаа нэг мэдсэн аягаа унаган хагалчихав. Болд унтаж байснаа Нандингийн дуунаар босон харайж очтол тэрээр аяганы хагархайг цэвэрлэж байлаа. Нандин ч гэсэн Болдыг гэнэт ороод ирхэд цочсондоо эрхий хуруугаа эсгээд цус гаргачихав. Болд шууд хүрч ирэн цусыг нь амаараа сорон аваад даавууны өөдөс шүдээрээ тас татан хуваагаад боож өглөө. Нандин чимээгүйхэн түүний хийх үйлдэл бүрийг харна. Болд ч аяганы үйрмэгийг шүүрдэж дуусаад болгоомжтой байхгүй одоо зүгээр ээ хэмээв. Нандин үүнээс цааш тэвчиж чадсангүй. Болд ч гэсэн хүслээ дийлж төвдөлгүй хоёул унтлагын өрөөнд орон залуу насны ааг омог, хүсэл, тачаал бүрдсэн гал халуун янаглалд автлаа.
Нандин тэр үеэ бодоод өөрийн эрхгүй инээмсэглэвэл Сүрэн ээжийгээ унтчихлаа хэмээн бодож байснаа инээхэд нь гайхан
Ээж, ээж ээ та унтаагүй байсан юмуу. Эсвэл зүүдлээд байна уу хэмээн хагас өндийгөөд ирэв. Нандин охиноо харсанаа
Үгүй дээ… ээж нь жаахан юм бодоод. За одоо унт даа охин минь, ядраа биз. Ээж нь маргааш охиндоо ярьж өгье хэмээгээд өөрөө унтсан дүр эсгэн бодолдоо эргэн орлоо. Сүрэн ч сайхан амраарай ээж ээ, баярлалаа хэмээн инээмсэглэн ээжийнхээ хацар дээр үнсээд төд удалгүй зүүдний оронд Тэмүүжинтэйгээ уулзая хэмээн бодоод мөн л инээмсэглээд унтлаа.
Нандин унтаж буй охиноо харан жаргалтай инээд тодруулан үнссэнээ нойр нь бүр сэргэсэн тул охиноо сэрээчихгүйхэн шиг сэмээрхэн босон халад углаад галын өрөөнд очин шилтэй виноноос хундаглан цонхоор харан зогслоо.
Болдтой дотно харьцаанд ороод нэг сар ч бололгүй Болд нь цэрэгт яваад өгөв. Ийнхүү явахдаа хэвлийд нь үрээ үлдээгээд явсаныг хэн, хэн нь мэдсэнгүй. Болдыг явсанаас хойш хоёр сарын дараа нэг өдөр ажил дээрээ байж байтал үүдний жижүүр нь утасдан хүн уулзахаар ирсэнийг хэлэв. Нандин гайхасхийн бууж очоод дуудуулсан хүнийг хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Түүний өмнө анхны бүхнийх нь эзэн Ганхүү зогсож байх нь тэр. Нандин түүнийг хараад гүйж очоод тэврээд авмаар байсан ч ажил дээрээ байгаагаа санан арайхийн биеэ барив. Ажил тарах ч дөхөж байсан тул бушуухан ажлаа амжуулаад чөлөө аван Ганхүүгийнхээ хамт хоёул харихаар сугадалцан явлаа. Гэртээ орон хоол цай хийж байхдаа яагаад ч юм догдлон итгэж ядан түүнийхээ өлгөөтэй хувцасыг харан, угаалгийн өрөөний үүдэнд очин усанд орж байгаа чимээг чагнан нүүр дүүрэн баясал тодруулан аз жаргалд умбан байлаа. Энэ үед түүний тархинд Болд гэх нэр ч байсангүй.
Нандин амандаа дуу аялан Ганхүүгийнхээ дуртай цуйванг хийн гурил элдэн зогсож байтал Ганхүү ч уснаас гараад ирэв. Тэрээр Нандингийн араас очиж тэврэн хүзүүн дээр нь үнсээд
Чамайгаа ямар их санав аа. Чи нээрээ зөрүүд хүн шүү. Нандингийн хүзүүг Ганхүүгийн халуун амьсгаа төөнөн гижигдэнэ. Араас нь бахим тэврэх түүний гар, ар нурууг нь дулаацуулах халуун цээж гээд. Цаанаа л нэг таатай байв. Нандин тас тас хийн инээд алдсанаа
Би чамайг ирнэ гэж ёстой зүүдлээгүй шүү. Чи ядаж хэл өгөхгүй янзын хүн шүү гээд түүнийхээ гаран дээр үнслээ. Ганхүү Нандинг араас нь тэвэрсэн чигтээ хүзүү чих, шилэн хүзүү гээд хаа таарсан газраа үнссээр. Нандингийн ч илдүүр удаашран удааширсаар тэрээр арагш гэдийн мөрийг нь налан нүдээ аньлаа. Жаргалын оронд умбаж байхдаа тэд нэгнээ ямар их санасан байснаа мэдлээ.
Тэр хоёр хоолоо идэж дуусчихаад тэр өдөр ёстой л хүссэн, хүлээсэн хоёрын учралаар золгон хонов. Нандин маргааш нь ажилдаа явах гэтэл Ганхүү түүнд хандан
Нандин минь үнэндээ би чамайг аваачих гэж ирсэн юм. Хоёулаа хотод очиж амьдаръя л даа. Чи бид хоёр дэндүү удаан хамт байсаар би чинь чамдаа дасчээ… Одоо жаахан хүүхдүүд биш амьдралаа бодох болсон юм биш үү хэмээн ятгасаар байв. Нандин ч надад бодох хугацаа хэрэгтэй байна. Хоёулаа орой үргэлжлүүлье хэмээгээд гэрээс гарлаа.
Нандин замын турш мөн ажил дээрээ ч өдөржингөө бодлоо. Эцэст нь: Нээрээ ч надад одоо энд хоргодох юм юу байхав дээ. Аавыгаа амьд дээр нь ирж уулзаж амжаагүй хүн. Муу аав минь “Охин минь чи минь эмэгтэй хүн юм шүү дээ. Ямартаа л ганц охиноо хүний доор оруулахгүй юмсан гэсэндээ аав нь хот газар бараадуулж мэдлэг боловсрол эзэмшүүлж байхав. Харин миний охин олонтойгоо эвтэй байж, дүнгийн төлөө бус, өөртөө тархиндаа жаахан ч атугаа юм хийгээд аваарай. За тэгээд үерхэж нөхөрлөдөг хүү байдаг юм бол хань бараа болсон ч гэмгүй. Чи минь их өөрийнхөөрөө шазруун хүүхэд шүү. Юманд наанатай, цаанатай байж сураарай” хэмээн өнгөрдөгийнх нь өмнөх зун ирхэд гэнэт захиас захиж билээ. Цаагуураа мэддэг гэдэг тэгээд л хэлсэн юм болов уу даа хэмээн бодов. Тэрээр ийнхүү нилээн бодон сууж байснаа цаас бал аван “Ажлаас халагдах өргөдөл” бичиж боловсон хүчин дээрээ барин орлоо. Нандинг гэнэт ийм шийдвэр гаргахад ажлынхан нь янз бүрээр хүлээн авав. Зарим нь дэмий дээ, чам шиг ганцаараа хүнд дассан газрын даавуу зөөлөн гэлцэнэ. Зарим нэг нь залуу хүн өөрийг нь гээд тэр холоос ирж байхад ямар ч байсан аваад явах тэнхээтэй л хүн байгаа. Тэгээд ч хот хүрээгээ бараадсан нь дээр хэмээн ам амандаа өөрсдийн дүгнэлтийг гаргацгаана. Нандин нэгэнт шийдсэн л бол тэр чигтээ байдаг зангаараа бүгдтэй нь эелдэглэн салах ёс хийн нулимс унагачихгүйг хичээн байв. Хамгийн сүүлд хамт зэрэгцээ суудаг өөрийнх нь хувьд хамгийн дотны ганц хүн болох Даваахүү эгчтэйгээ салах ёс хийнгээ: Та миний өмнөөс Болдоос уучлал гуйгаад өгөөч хэмээн хүслээ. Даваахүү нулимсаа тогтоож ядан
Миний дүү нэг бодлын зөв шийдвэр гаргажээ. Хүн хайртай хүнтэйгээ хамт байх шиг жаргал байдаггүй юм шүү. Сайхан амьдраарай, аз жаргал хүсье. Тэгээд холбоотой байгаарай. Болд яахав ээ санаа зоволтгүй эгч нь хэлчихье хэмээгээд ирж байгаарай гээд хацар дээр нь үнсээд гаргаж өглөө. Ийнхүү Нандин хоёр өдрийн дотор тэндэх бүх ажлаа цэгцлээд аавынхаа байрыг зарж төвдөлгүй хямдхан шиг үнээр хоёр залуу хосод хөлслүүлээд Ганхүүг даган хотын зүг хөлгийн жолоо заллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх