Монголын хөрөнгийн биржид хандаж, үнэт цаасны данс нээлгэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг арилжаалах боломжтой эсэх асуудлаар тайлбар, мэдээлэл хүсч байгаа иргэдийн тоо ихээхэн нэмэгдэж байгаатай холбогдуулан энэхүү зөвлөмжийг гаргаж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоол, 2012 оны 116 дугаар тогтоолуудаар иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 350 дугаар тогтоолын дагуу, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг түүний хоёрдогч зах зээлийн арилжаа нээгдэх хүртэл бусдад худалдах, шилжүүлэхгүй байхаар заасан байдаг. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монголын хөрөнгийн биржид арилжаалагдаж эхлэх хүртэл бусдад шилжүүлэх, худалдах боломжгүй бөгөөд хөрөнгийн биржээр хувьцаа нь арилжаалж эхлэхийн тулд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нь нээлттэй хувьцаат компани хэлбэрээр Монголын хөрөнгийн биржид бүртгүүлсэн байх, Санхүүгийн зохицуулах хорооноос хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрлийг өгсөн байх шаардлагатай юм.
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК нь хаалттай хувьцаат компани буюу Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, хувьцааны арилжаа эхлээгүй байгаа тул иргэд өөрийн эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг бусдад худалдах, шилжүүлэх боломжгүй байна.
Иргэд Монголын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох, хувьцаа худалдах, худалдан авах зорилгоор үнэт цаасны данс нээлгэх эрх нь нээлттэй бөгөөд уг дансыг хөрөнгийн биржид бүртгэлтэй аливаа компанийн хувьцааны арилжаанд оролцох, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржид бүртгэгдсэний дараа арилжаалах үед ашиглана. Үнэт цаасны данс нээлгэсэн эсэхээс үл хамааран, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн тохиолдолд иргэд ногдол ашгаа хүртэх эрхтэй байна. Иймд үнэт цаасны данс нээлгээгүй иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмших, ногдол ашиг авах, түүнийг бусдад арилжаалах эрхгүй гэх ташаа мэдээлэлд автахгүй байхад анхаарч, үнэт цаасны данс нээлгэх компанийг сонгохдоо тус компанийн үйлчилгээний чанар, хүртээмж, үнэ өртөг зэргийг харгалзан үзэж шийдвэрээ гаргахыг зөвлөж байна.
Монголын хөрөнгийн бирж нь “Эрдэнэс Тавантолгой” ХК болон гишүүн үнэт цаасны компаниудтай хамтран иргэдийг үнэн зөв, баталгаатай эх сурвалж бүхий мэдээ, мэдээллээр хангах ажлыг тогтмол зохион байгуулж байна.