Уул уурхайн салбарын Засгийн газар хоорондын форумд 75 улс орны төлөөлөл оролцож байна

2018 оны 10-р сарын 18 өдөр, 12 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5bc7fe4485e9b8.06516805

Швейцарийн Женев хотноо болж буй Уул уурхайн салбарын Засгийн газар хоорондын 14 дэх удаагийн уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү оролцож байна. “Уул уурхайн шинэ үеийн бодлого” сэдэвт тус уулзалтад 75 улс орны 500 төлөөлөгч оролцож буй бөгөөд салбарт тулгарч буй бэрхшээл, түүнээс гарах арга замыг хөндөн ярилцаж, дэлхийн дэвшилтэт технологи, шилдэг туршлагыг танилцуулан, Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд гол бодлого нь чиглэжээ.

14 дэх жилдээ зохион байгуулж буй энэ удаагийн уулзалтаас чухал үр дүн гарч эхэлснийг оролцогчид дүгнэж байна. Тухайлбал, уул уурхайн бодлого, хууль эрхзүйн орчин, журам стандартыг олон улсын хэмжээнд шинэчлэх шаардлагатай болсныг төлөөлөгчид хүлээн зөвшөөрч буй аж. Өөрөөр хэлбэл, дэлхийн эдийн засгийн хямрал, үндэстэн дамнасан корпорациудын нөлөөлөл, сошиал медиа, дижитал технологийн дэвшилтэй уялдаж, уул уурхайн бодлого, журам стандартыг шинэчлэх нь зүйтэй гэдэг саналыг төлөөлөгчид илэрхийлсэн байна. Мөн байгаль орчин болон нийгмийн эрсдлийн үнэлгээний шинэ арга хэрэгслүүд, хөрөнгө оруулагчдыг хариуцлагатай үйл ажиллагаагаар хангах санаачлага, жендэрийн асуудал зэргийг хөндсөн нь өмнөх уулзалтуудаас онцлог болж буйг дүгнэжээ. Тус уулзалтын албан ёсны гишүүнээр 68 орон элссэн байдаг бөгөөд манай улс 2006 онд санаачлагад нэгдсэн юм.

Швейцарийн хариуцлагатай уул уурхайн сангийн судалгааны багтай хамтран ажиллана

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү уулзалт болон салбар хуралдаануудад оролцохдоо уул уурхайн хөгжлийн хандлага, төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулах боломжийн талаар гадны төлөөлөгчидтэй санал солилцов. Мөн Женев хотноо байрладаг “Хариуцлагатай уул уурхайн сан”-гийн захирал, судалгааны багийн ахлагч нартай тусгайлан уулзаж, хариуцлагатай уул уурхайн эрсдлийн үнэлгээний аргачлалыг сайжруулах боломжийн талаар ярилцжээ.

“Эрдэнэс Монгол” ХХК нь өөрийн охин компаниудын засаглал, менежментийг сайжруулах замаар төрд ноогдох татвар, ноогдол ашгийг нэмэгдүүлэх, орлогын менежмент, хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцлийг бүрдүүлэх үндсэн үүрэг, зорилготой. Энэ хүрээнд тус сангийн судалгааны багийн зүгээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн стратеги менежментийг хөгжүүлэх, ирээдүйн төслийн хөрөнгө оруулалтыг оновчтой тодорхойлох, үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлэх хүрээнд хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх, мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлд хамтран ажиллах болж, бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. Дашрамд дурдахад тус сан нь уул уурхайн компаниас санхүүждэггүй, хараат бус байгууллага бөгөөд уул уурхайн олон улсын топ 30 компани болон Оюу толгойг багтаасан дэлхийн хэмжээний 50 төслийн үйл ажиллагааны нөлөөллийг үнэлж, хариуцлагатай уул уурхайн индексийг 2018 онд танилцуулж байжээ.

Уул уурхайн салбарын Засгийн газар хоорондын 14 дэх удаагийн уулзалтад Монгол Улсын УУХҮЯ, БОАЖЯ, МХЕГ, Хүний эрхийн комиссын төлөөлөл оролцож байна.

Швейцарь улсын Женев хот

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх