Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдсэн төсвөөс 15 хувь хэмнэж, гурван “Аж үйлдвэрийн комбинат” байгуулах талаар Улсын Их Хурлын даргад албан бичиг хүргүүлэв

2018 оны 10-р сарын 17 өдөр, 18 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны аравдугаар сарын 16-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод 2019 оны төсөвт анхаарал хандуулж, арга хэмжээ авах тухай албан бичиг илгээлээ.

Монгол Улсын 2019 оны төсөвт анхаарал хандуулж, арга хэмжээ авах тухай албан бичигт:

“Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал үүсэж болзошгүй байгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд болон Олон улсын валютын сан удаа дараа анхааруулж байгаа нөхцөлд Монгол Улсын Их Хурал 2019 оны төсвийг хэлэлцэж байна.

Энэ удаагийн төсвийн төсөлд олон жил давтагдаж байгаа “гишүүний мөнгө”-ийг 5000 дахин өсгөсөн, зураг төсөвгүй 375 барилга, байгууламж барихаар тусгасан, төсвийн орлогыг биелэхээргүй хийсвэрээр төлөвлөсөн, төсвийн байгууллагуудын урсгал зардлуудыг нарийн тооцоолоогүй, хэт үрэлгэн хандсан зэрэг хуульд нийцээгүй, хуулийг илт зөрчсөн, анхаарч засаж залруулахгүйгээр баталбал улс орны эдийн засгийг туйлд нь хүртэл доройтуулах олон асуудал багтсан байгаад санаа зовинож, хэдийгээр Улсын Их Хуралд өөрийн байр суурийг илэрхийлсэн боловч алдаа завхралыг арилган, төрийн бодлогыг зөв чиглүүлэх шаардлагын хүрээнд дахин хандахаас өөр аргагүйд хүрлээ.

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийг зөвхөн би ганцаараа шүүмжлээгүй, надаас гадна эрдэмтэн судлаачид, иргэд олон нийт болон Улсын Их Хурлын гишүүд нам харгалзахгүйгээр шүүмжлэн эсэргүүцэж, 2020 оны сонгуулийг угтсан өчүүхэн, явцуу эрх ашигт хүлэгдэн, улс орны эдийн засгаар ингэж тоглож болохгүй гэдгийг маш тодорхой анхааруулж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Мөн таны зүгээс Улсын Их Хурлын Тамгын газрын орон тоо, зардлыг 10 хувиар бууруулж байгаагаа мэдэгдэж, энэ жилийн төсвийг хэлэлцэхдээ төрийн бүх шатны байгууллагад орон тоо, зардлаа 10 хувиар бууруулах бодлого баримтлахыг уриалсан. Миний бие таны энэхүү уриалгыг бүрэн дэмжиж байгаа бөгөөд зураг төсөвгүй хууль зөрчин тусгагдсан барилга байгууламжуудыг төсвөөс хасах, төсвийн байгууллагуудын хэт үрэлгэн урсгал зардлуудыг танах, дэд сайд, орлогч дарга гэх мэт чиг үүрэг нь давхардмал, эрхлэх асуудал нь тодорхойгүй албан тушаалуудыг цомхотгох зэрэг арга хэмжээг цогцоор нь авч, төсвийн зардлыг 15 хувиар хэмнэх боломж байгаа гэж үзэж байна.

Таны уриалсны дагуу төсвийн зардлыг 10 хувиар бууруулахад 1 их наяд төгрөг (ирэх онд нэмэхээр төлөвлөсөн цалин тэтгэврийн нэмэлтийг хэвээр үлдээсний дараа), зураг төсөвгүй барилга, байгууламжуудыг хассанаар 400 гаруй тэрбум төгрөг, нийт 1.4 их наяд орчим төгрөг буюу өнөөдрийн ханшаар 500 гаруй сая ам.доллар хэмнэгдэхээр байна.

Иймд Улсын Их Хурлын дарга танаас өөрийн уриалгыг төрийн бодлогод тусгуулан, бодит шийдвэр болгохын төлөө тууштай ажиллаж, дээр дурдсан хэмжээний төсвийн хэмнэлтийг бий болгоход онцгой анхаарахыг хүсэж байна.

Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус, бие даасан хөгжлийг бэхжүүлэхэд уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх асуудал зүй ёсны шаардлага болон нэн тэргүүнд тавигдаж байгаа. 1990 оноос өмнө манай улсын малын тоо 25 сая байхад нэг аж үйлдвэрийн комбинаттай байлаа. Өнөөдөр малын тоо 80 сая гарсан тул хамгийн багадаа гурван аж үйлдвэрийн комбинаттай болох шаардлагатай. 160 гаруй мянган ажилсаг малчин өрхийн жил  бүр үйлдвэрлэдэг “ургадаг баялаг” болох мал аж ахуйн гаралтай түүхий эдээ боловсруулж, экспортлох үйлдвэрийг аймаг бүрт барьж байгуулснаар эдийн засагтаа үсрэнгүй хөгжил авч ирж, ажлын байрны тоог огцом нэмж, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх чиглэлээр тодорхой амжилтад хүрнэ. Хөдөө аж ахуйн экспорттой харьцуулахад уул уурхайн экспорт нь “ухдаг, шавхагддаг баялаг” учраас тогтвортой хөгжил, тогтвортой удаан хугацааны ажлын байр биш юм.

Тиймээс дээр дурдсаны дагуу энэ жилийн төсвөөс 500 сая ам.доллар, ирэх жилийн төсвөөс мөн адил хэмжээний хэмнэлтийг хийж, хэмнэсэн 1 тэрбум орчим ам.доллароор хөдөө аж ахуйд суурилсан уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг барьж байгуулах чиглэлээр төрийн тодорхой бодлогыг боловсруулан гаргаж, хэрэгжүүлэх шаардлагатай байна. МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 1.4.5-д “…хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлэх-“21:100”.. “гэснийг бас сануулъя.

Судлан үзэж, хамтран ажиллана уу” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх