Урлаг нийгмийн толь гэдэг. Тухайн улс орны хөгжлийг захын кино театр, түүхийн музей ороод л дүгнэчих боломжтой. Кино театрууд шил шилээ даран өнгөө зассаар байна. Харин байгаа хэдэн музей нь эхнээсээ хаалгаа бариад олон жил болж байгаа нь эмгэнэлтэй.
Саяхан “Өргөө” лазер синемад “Нинжин сэтгэл” уран сайхны кино нээлтээ хийв. Шинэ кино театраас техник технологийн дэвшил нэвт ханхална. Тухтай, саруулхан орчин бүрдүүлж, үзэгчдийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангаж буй нь талархууштай.
Чанартай орчинд чанартай уран бүтээлийг үзэгч олонд хүргэх л уран бүтээлчдийн хувьд нэн тэргүүний үүрэг. Тэгвэл “Нинжин сэтгэл” кино тэр хүлээлтэд хэр хүрсэн бэ? Сул дүр, сул үг хэллэг, сул дүрсийг лав эл киноноос олж харахгүй гэдгийг итгэлтэй хэлмээр байна. Дүр бүхэн өөрийн гэсэн тээш, өнгө төрхтэй. Найруулагчийн арга барил ч өөр, ямар ч найруулагчтай үл жишихүйц.
Асрамжийн газар, удам судар, хүсэл шунал, үйлийн үр зэрэг нийгмийн хамгийн хүнд сэдвүүдийг залуусын хайр дурлал, эцэг эхийн харилцаа, хүн чанар, зугаа цэнгэл гэх түгээмэл сэдвүүдтэй нэг дор багцалж, дүрсний хэллэгээр хүмүүст хүргэнэ гэдэг бэрх.
Киноны гол дүрүүд болох Нандин /Г.Ганбат/, Зулаа /П.Шүүдэрцэцэг/, Мөнхлэй /Х.Баярмаа/ нарын хайр сэтгэлийн асуудлаас үүдэх зөрчлийг Монголын нийгэмтэй холбож тайлбарлахад хамгийн дөхөм байгаа юм. Амьдралаас ургасан юм бүхэн үнэн байдаг гэлтэй.
Онцолж дурьдвал, киноны гол дүрийн залуу Нандин /Г.Ганбат/ дутагдаж гачигдах зүйлгүй өссөн, айлын ганц хүү. Гадаадад сурч байхдаа нэгэн бүсгүйтэй учирч, хайр сэтгэлийн холбоотой болсны учир эх орондоо хамтдаа ирнэ. Нандингийн хувьд амьдралын хатуу бэрхийг үзэж туулаагүй, ухаан суугаагүй гэдэг нь илт. Улмаар киноны туршид тулгарах бэрхшээл бүрийн өмнө сөхөрч, ухаан самууруулах бүхнээр өдөр хоногийг аргацааж буй нь залуучуудын дунд түгээмэл ажиглагддаг нэг дүр төрх. Тэр дундаа залуус ямар ч сэтгэлзүйн дархлаагүй, хэврэг болж байгаа нь Нандингийн дүрээс тод ажиглагдана.
Харин Зулаа /П.Шүүдэрцэцэг/, Нандингийн хайртай бүсгүй. Дашрамд хэлэхэд, жүжигчин П.Шүүдэрцэцэг өөрийн дүрээ онцгой сайн бүтээсэн гэж хэлмээр байна. Зулаагийн сэргэлэн, өөртөө итгэлтэй, хайр татам дүр төрхийг тэр маш сайн гаргажээ.
Зулаагийн ээжийн дүрийг жүжигчин С.Өлзийхүү бүтээсэн байв. Киноны хамгийн их ажиллагаатай, ур чадвар, хүч, энерги, дүрийн судалгаа, дотоод тээш шаардсан дүрийг С.Өлзийхүү чадварлаг гаргаж чаджээ. Эх хүний үрээ хайрлах сэтгэл хэр хүчтэйг киног үзсэн хүн бүр түүний дүрээс л олж харна. Үзэж суухад эрхгүй сэтгэл өвдөж, эмэгтэй хүнийг хайрлах сэтгэл төрнө. Кино зохиол хийгүй байх тусмаа л дүр амьд байж чаддаг.
Сүүлийн үед эх хүний дотоод сэтгэлийг харуулсан монгол кинонууд түгээмэл хийгдэх болсон ч “Нинжин сэтгэл” кино триллер, уянгын жанраар хийгдсэнээрээ бусдаасаа онцлог. Байдаг л нэг зөрчил, үйл явдал, өрнөл, төгсгөлөөр монгол кино дүүрэн байна шүү дээ. Уянгын, триллер хэсгүүд ээлжилж өрнөх нь үзэгчдийг уйдаахгүй, киног улам хэмнэлтэй болгож өгчээ. Триллер хэсгүүдээс найруулагчийн ур чадвар илт харагдана.
Хамгийн агуу, нинжин зүйл бол хайр юм. Амар хялбар жаргалыг эрж, багахан нугачаанд бүдэрдэг байж болохгүй гэдэг нь “Нинжин сэтгэл” киноноос олж авах хамгийн том ухаарал байлаа.
Цаашлаад хайр гэж юу вэ? Бид нэгнээ яаж хайрлах хэрэгтэй вэ? Нинжин сэтгэл гэж юу вэ? Хүний сэтгэлийг юу хамгийн нинжин болгодог вэ? Бие даан амьдрах чадваргүй залуус өнөөгийн нийгмийг бүрдүүлж байгаа юм биш биз? Залуучууд үзэл бодол, сэтгэлгээний хувьд өөрчлөгдөх хэрэгтэй байна уу гээд бодох зүйл хөвөрнө.
Олон ухаарал бас асуултыг үзэгчдэд үлдээгээд кино төгсөв. Сайн уран бүтээл гэдэг хариулт өгөхдөө бус асуулт үлдээхдээ л байдаг биз ээ.
Н.Даваасүрэн