МҮЭ-ийн холбооноос УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандан шатахуун импортлогч компаниуд үнийн зөвлөлөөр оруулж хэлэлцүүлэлгүй нууцаар, зөвшөөрөлгүй, хөндлөнгийн хяналтгүй бензин шатахууны үнийг 2018 он гарсаар хоёр ч удаа нэмж байгаа нь хууль зөрчин хэрэглэгч иргэдийг хохироосон, тэдний худалдан авах чадварыг алдагдуулж байгаад шатахуун импортлогч компаниудад хариуцлага тооцох, энэ асуудлаар олон нийтийн хэлэлцүүлгийг тус байнгын хорооноос зохион байгуулах, бензин, шатахууны үнийг хямдруулах, тогтвортой байлгах арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хамтран ажиллах саналыг хүргүүлж байсан билээ.
Тэгвэл УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос /2018.10.10/-ны өдөр МҮЭ-ийн холбоо болон зарим иргэд байгууллагаас ирүүлсэн саналын дагуу “Автобензин, дизель түлшний үнэ холбогдох бусад асуудлаар албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлэг”-ийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Өргөдлийн байнгын хорооны гишүүд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Зам тээвэр хөгжлийн яам, Монголбанк, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо болон иргэдийн төлөөлөл оролцов.
МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлэлцүүлгийн үеэр санал хэлэхдээ: Эдийн засгийн зохистой түвшинг хангахгүйгээр шатахууны үнийг шууд нэмж болохгүй. Засгийн газар үүнд зохицуулалтын арга хэмжээ авч үнэ тарифыг тогтвортой түвшинд барих, УИХ-аас шатахууны асуудал дээр хууль, эрх зүйн хувьд зохицуулалт хийх хуульд өөрчлөлт оруулах, шатахуун импортлогч 100 орчим компани байгаа. Үүнээс өргөн хэрэглээний Аи-92 болон дизель түлш бензин түгээж байгаа 10 орчим компани байна. Үлдсэн 90 орчим компани зөвхөн ашигтай газар очиж шатахуун нийлүүлж ажилладаг, үүнийг тодорхой хэмжээнд хязгаарлаж нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх арга хэмжээг авах шаардлагатай байна гэв.
Хэлэлцүүлгээс шатахуун импортлогч компаниуд үнийн зөвлөлөөр оруулж хэлэлцүүлэхгүй, хөндлөнгийн хяналтгүй бензин, шатахууны үнийг удаа дараа нэмсэн, Үндэсний стандартад нийцсэн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай заалтыг зөрчиж, чанаргүй автобензин, түлш үйлдвэрлэсэн” асуудлын талаар холбогдох төрийн байгууллага болон төрийн бус байгууллага, иргэдээс тайлбар саналыг авч цаашид анхаарч ажиллах асуудлаар зөвлөмж гаргахаар болов.
Шатахууны үнэ, чанарын асуудлаар хэлэлцүүлэг боллоо
2018 оны 10-р сарын 11 өдөр, 13 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )