Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 11 дүгээр дүгнэлтийг сонсов
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы анхны нэгдсэн хуралдаан өнөөдөр (2018.10.04) 10 цаг 03 минутад 52.0 хувийн ирцтэй эхэлж, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 11 дүгээр дүгнэлтийг сонслоо. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийн талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо танилцуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дунд суудлын хуралдаанаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй буюу түүнийг албадан гүйцэтгэхгүй байх үр дагавар бүхий зохицуулалтыг хуульчилжээ. Энэ хугацаанд төлбөр авагч болон нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх талаарх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй байхаас гадна тухайн хугацааг сэргээн тоолох, шинээр тоолохоор тусгасны зэрэгцээ тоолохгүй байх үндэслэлийг мөн хуульчилсан байна гэж Цэцийн хуралдаанаас дүгнээд дээрх хуулийн заалт Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэрийг гаргасан байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.8-д “Цэц Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан маргаантай асуудлаар Үндсэн хуульд нийцсэн гэсэн дүгнэлт гаргасан бол уг дүгнэлтийг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр шууд нэгдсэн хуралдаанд танилцуулах бөгөөд гишүүд Цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авах боловч санал хурааж шийдвэр гаргахгүй” гэж заасны дагуу ийнхүү Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 11 дүгээр дүгнэлтийг танилцуулсан. Дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд тодруулга хийж, байр сууриа илэрхийлэв.
Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1.1-д Засгийн газрын гишүүн биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон бол албан тушаалаас чөлөөлж өгөх хүсэлтээ Ерөнхий сайдад албан ёсоор өргөн мэдүүлэхээр, Ерөнхий сайд энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэхээр тус тус хуульчилсан байдаг талаар тэрбээр дурдав. Зам тээврийн салбарт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Жадамбын Бат-Эрдэнэ Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө 2018 оны наймдугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор ирүүлжээ. Иймд түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр танилцуулж байна гэв.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжжээ. Энэ талаарх тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулсан юм.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “хэлэлцэж байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, төрийн гадаад, дотоод бодлогын асуудлаар бодлого, байр сууриа тодорхойлж санал, дүгнэлт гарган зохих Байнгын хорооны, эсхүл нэгдсэн хуралдаанаар шууд хэлэлцүүлэх” гэж заасан байдаг. Хуулийн дээрх заалтад үндэслэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс дүгнэлт гаргасныг УИХ-ын гишүүн, тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцуулсан. Энэ удаагийн УИХ-ын чуулганаар Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцах шаардлага үүссэн бөгөөд хэдэн хүнд хариуцлага тооцох байдлаар монгол төрийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бололцоо бүрдсэн гэж үзэх боломжгүй хэмээн уг дүгнэлтэд дурджээ.
Ерөнхий сайдын санал, Байнгын хорооны санал дүгнэлт, УИХ дахь АН-ын бүлгийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Н.Оюундарь, Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Д.Эрдэнэбат нар асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ц.Цогзолмаа, С.Жавхлан нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Г.Занданшатар гишүүдийн асуултад хариулахдаа, сонгууль бүрээр өөрчлөгддөг төрийн албаны тогтворгүй, ой санамж алдагдсан, чадваргүй байдалд дүгнэлт хийн Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталсан. Мөн Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнийг зохион байгуулж, зөвлөмж гарган төрийн албаны шинэчлэлийн үзэл санааг баталсан. Тус зөвлөгөөн бүх шатны Засаг дарга нар, бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, агентлагийн дарга нар зөвлөлдөн төрийн албаны ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх талаар зөвлөлдөж, холбогдох журмуудыг хэлэлцүүлсэн гэв. Эдгээрээс 6 журам УИХ-аар хэлэлцэгдэн батлах бол бусад нь Төрийн албаны зөвлөл, Засгийн газар болон бусад шатанд батлагдах аж. Түүнчлэн Төрийн албаны ёс зүйн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх юм байна. Үүгээр төрийн албанд мерит зарчмыг хэрэгжүүлэх бололцоо бүрдэж байгаа бөгөөд Төрийн албаны зөвлөл, холбогдох газрууд, ЗГХЭГ, Удирдлагын академи хамтарсан ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байгааг тэрбээр дуулгав. Үүний үр дүнд чадахуйн зарчимд суурилсан, сонгон шалгаруулалтаар тодорсон мэргэжилтнүүд тогтвортой, үр бүтээлтэй, хариуцлагатайгаар ажиллах нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж. Төрийн албаны тухай хуулийгн шинэчилсэн найруулга 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд төрийн албыг өндөр шаардлага, шалгууртай болгож буйг хэллээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Төрийн албаны зөвлөлтэй хамтран Канад Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Монгол Улсад мэргэшсэн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг 2018-2021 онд хэрэгжүүлж байгаа юм байна. Түүнчлэн Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 258 дугаар тогтоолын дагуу Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төрийн албаны бүх шатанд аттестатчлал буюу мэргэжлийн ажлын үнэлгээ хийх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг ажиллаж байгаа талаар Г.Занданшатар сайд мэдээлэл өглөө. Олон жилийн туршид хуримтлагдан бугшсан асуудлуудыг нэг өдрийн дотор өргөс авахтай адил өөрчлөх боломжгүй ч хариуцлагажуулах арга хэмжээг шат дараалалтайгаар авч хэрэгжүүлж буйгаа дэлгэрэнгүй тайлбарлав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн гишүүд шударга ёс, хууль дээдлэх зарчмыг бүх шатандаа хангах ажиллах шаардлагатай байгаа талаар санал хэлж байв. Түүнчлэн монгол хүний хүмүүжил ёс суртахууныг бүрдэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөлөөллийн талаар, төрийн дунд болон анхан шатанд төрийн үйлчилгээ үзүүлж буй ажилтнуудын үйл ажиллагаатай холбоотой шүүмжлэлүүдийг хэлж, мэргэжлийн чадавх, мэдлэг, чадвараас гадна ёс зүйн өндөр шалгуураар сонгон шалгаруулж байх шаардлагатай гэдгийг хэлж байв. Энэ бол нэг сайдын хариуцлага хүлээгээд өнгөрөх асуудал биш төрийн бүх шатны албан хаагчид, бүх яаманд хариуцлагыг чангатгах дохио, сургамж, дүгнэлт гэж хүлээн авч байна, цаашид салбар бүрт энэ асуудал тавигдах ёстой, энэ удаагийн асуудал нь хувь хүний хариуцлага гэхээс илүүтэй нийт төрийн албаны зарчим, үйл ажиллагаа, албан хаагчдын ёс суртахууны гажуудлаас үүдэлтэй учраас төрийн албаны тогтолцооны шинэчлэлийг үр дүнтэйгээр хэрэгжүүлэх, хариуцлагын тогтолцоог өндөржүүлж, алдаа дутагдал гаргасан төрийн албан хаагчдад зохих хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэдгийг онцолж байв.
Ингээд Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Жадамбын Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.2 хувь нь дэмжсэн тул энэ талаархи УИХ-ын тогтоолыг баталж, эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Дараа нь Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж, төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулав.
Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг сэргээж, төсвийн сахилга батыг сайжруулж, төрийн үргүй зардлыг багасгаж, улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ард иргэдийнхээ бодит орлогыг өсгөх амлалтаа хэрэгжүүлэн ажиллаж байгааг тэрбээр танилцуулгын эхэнд тэмдэглэлээ.
Засгийн газраас авч хэрэгжүүлсэн эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын үр дүнд эдийн засгийн өсөлт 2018 оны эхний хагас жилд 6.3 хувьд хүрсэн бөгөөд ирэх 2019 онд Монгол улсын эдийн засгийн өсөлт 8.0 хувьд хүрнэ гэж төсөөлж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд 5 их наяд 698 тэрбум төгрөгийн гадаад, дотоод өр, зээлийг төлж барагдуулжээ. Түүнчлэн улсын төсөвт ихээхэн дарамт учруулж байсан өндөр хүүтэй Засгийн газрын үнэт цаас гаргахгүйгээр санхүү, мөнгөн хөрөнгийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлснээр хүүгийн дарамтыг 285 тэрбум төгрөгөөр бууруулсан байна.
Монгол Улсын Засгийн газар ирэх онд эдийн засгийг тогтворжуулан төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг авч хэрэгжүүлнэ. Энэ бодлогын дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр танилцуулж буйгаа Ерөнхий сайд хэллээ. Үүнд:
1. Гаалийн шинэчлэлийг эхлүүлнэ: Экспортын эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг сайжруулж байгалийн баялгаас авах татвараа бүрэн хураах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах гаалийн шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлнэ. Шинэчлэлийн хүрээнд экспортоор гарч буй байгалийн баялгийг тээврийн хэрэгсэл бүрээр нарийвчлан шинжлэх, хилийн боомтуудыг өндөр хүчин чадал бүхий рентген тоног төхөөрөмжөөр хангах, гаалийн лабораторийн үйлчилгээг цахимжуулах, хилийн боомтуудыг теле хяналтын нэгдсэн системд холбон шуурхай удирдлагаар хангах ажлыг эхлүүлнэ.
2. Татварын шинэчлэлийг хэрэгжүүлнэ: Бизнес эрхлэлт, хөрөнгө оруулалт, жижиг дунд үйлдвэрлэл, хөрөнгийн зах зээлийг дэмжих, зээлийн хүүг бууруулах, татварын суурийг өргөтгөх зорилгоор Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд буй татварын хуулийн шинэчлэлийг 2019 оноос хэрэгжүүлж эхлэхээр тооцсон.
3. Тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлнэ: Засгийн газар 2019 онд тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээнд 720.0 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгалаа. Тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 421.5 мянган өндөр настан, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байгаа 135.0 мянган хүн, цалин хөлсний нэмэгдэлд 185.0 мянган төрийн албан хаагч хамрагдана.
4. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно: Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, ажил олгогчийн шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцах сонирхлыг урамшуулан дэмжих зорилгоор мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж байгаа 39.0 мянган суралцагч тус бүрд сар тутамд 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор тооцлоо. Энэ арга хэмжээнд ирэх 2019 онд шаардагдах 41.0 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгав.
5. Цахим технологийн дэвшлээр дамжуулж төрийн үйлчилгээнд зарцуулсан төсвийг ил тод, хяналттай болгоно: Техник технологийн дэвшлийг ашиглан төсвийн зарцуулалтын үр ашиг болон хяналтыг сайжруулж, төрийн чиг үүргийг иргэдэд илүү үр дүнтэй, үр ашигтай байдлаар хүргэнэ. Төрийн албан хаагчдыг бүртгэлжүүлж төсвийн байгууллагын орон тоо, цалин хөлсний төлөвлөлт, гүйцэтгэлийг цахимжуулах замаар төсвийн урсгал зардлын багагүй хувийг эзэлдэг цалин хөлс, нийгмийн баталгааны зардлын хяналтыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлнэ.
6. Сум, өрхийн эмнэлэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгоно: Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын нэр төрлийг нэмэгдүүлж шаардагдах эх үүсвэрийг ЭМД-ын сангаас санхүүжүүлнэ. Ингэснээр анхан шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ суманд хэрэгжиж, улмаар аймаг, нийслэл рүү чиглэсэн урсгал багасна.
7. Эмнэлгүүдийг олон улсын жишигт нийцүүлэн санхүү, удирдлагын хувьд бие даалгах ажлыг эхлүүлнэ: Эмнэлгийн бие даасан байдлыг хангах замаар тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих зорилгоор Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвийг бие даалгаж үзүүлсэн тусламж үйлчилгээний гүйцэтгэлийн үр дүнгээр нь тооцож санхүүжүүлнэ. Үүний үр дүнд эмнэлэг төсвийн менежментээ өөрсдөө бие даан хэрэгжүүлж, эмчилгээний тусламж үйлчилгээний чанар, зардлын үр ашиг сайжирч өрсөлдөх чадвартай болно.
8. Агаар орчны бохирдлыг бууруулахад дорвитой арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: Ирэх онд агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд нийт 193.1 тэрбум төгрөгийн зардлыг нэмж тусгалаа. Энэ хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиг үүрэг, давхардлыг арилгаж ажлын уялдаа холбоог сайжруулна.
9. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлнэ: 2019 онд улсын төсвөөс 1.4 их наяд төгрөг, үүнээс шинээр хэрэгжүүлж эхлэхэд 752.0 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулахаар тооцлоо. Ингэснээр 2019 онд нийт 117 сургууль, нийт 143 цэцэрлэг, нийт 34 дотуур байр, нийт 61 эмнэлэг, нийт 52 соёлын төв, нийт 37 спорт заал, нийт 50 улсын болон орон нутгийн замын ажил, нийт 13 гүүрний байгууламжийн ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна. Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулийг хоёр ээлжид шилжүүлэх зорилтын хүрээнд нийслэлийн хэмжээнд 36 ерөнхий боловсролын сургуулийн шинэ барилга болон өргөтгөлийг ашиглалтад оруулахаар тооцож, үүнд шаардагдах хөрөнгө оруулалтын зардлыг төсвийн төсөлд тусгаад байна.
10. Орон нутгийн хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлнэ: Засгийн газраас бүс нутгийн хөгжлийг дэмжих, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор нийт 189 тэрбум төгрөгийг аймаг тус бүрд 8-10 тэрбум төгрөг байхаар тооцон Улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгохоор тусгалаа. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутагт олгох хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг 2018 оноос 62 хувиар нэмэгдүүлж 144 тэрбум төгрөгт хүргэв.
11. Орлоготой нь уялдуулсан зардлын төлөвлөлтийг орон нутагт хэрэгжүүлнэ: Улсын төсөвт төвлөрч байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50 хувь, газрын тосны тусгай зөвшөөрлийн төлбөрийн 30 хувь, түүхий нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн орлогын 50 хувь нийт 33 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт хуваарилна. Ингэснээр орон нутаг бие даан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.
12. Өөрийн хөрөнгийн ашиглалт, урсгал зардлын үр ашгийг нэмэгдүүлнэ. Орон нутгийн засаг захиргаа өөрийн өмчөө арчилж тордох, зөв зохистой удирдах замаар ашиглалтын зардлын үр ашгийг нэмэгдүүлэх, зардал хэмнэх хөшүүргийг бий болгох зорилгоор орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, сумын эрүүл мэндийн төв, хүүхэд хамгааллын байгууллага, газрын харилцааны алба зэрэг байгууллагын байр ашиглалтын зардлыг орон нутагт хариуцуулна. Мөн эдгээр объектийн ашиглалтад шаардагдах хөрөнгийг орон нутгийн төсвийн суурь зардалд нэмж олгоно.
13. Малыг эрүүлжүүлэхэд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлнэ: Мал эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулж, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, тандалт судалгаа хийх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх замаар хүн ардаа баталгаатай, чанартай хүнсээр хангаж, улмаар гадаад зах зээлд хүнс экспортлогч улс болох зорилтын хүрээнд мал сүргийг эмчлэх, эрүүлжүүлэх зардлыг 2 дахин нэмэгдүүлнэ.
14. Ирээдүй хойч үедээ зориулсан хуримтлал бий болгоно: 2019 онд Хүний хөгжил сангаас шилжиж ирсэн 1.1 их наяд төгрөгийн өрийг Ирээдүйн өв сангийн орлогоос барагдуулж 553.1 тэрбум төгрөгийг хуримтлуулна. Ингэснээр Монгол Улс анх удаа байгалийн баялгийн орлогоосоо хуримтлал үүсгэж байна.
15. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг бууруулна: Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн төсөлд нийт орлогыг 2018 оноос 3.2 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 11.1 их наяд төгрөг, нийт зарлагыг 2018 оноос 2.0 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 11.6 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг -1.9 их наяд төгрөг байхаар тооцсон гэв.
Төсвийн алдагдал 2018 онд дотоодын нийт бүтээгдэхүүний -8.0 хувьтай тэнцэж байсан бол ирэх онд -5.4 хувьд хүрч Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлага болон ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт тусгагдсан нөхцөл шаардлагуудыг бүрэн хангахаар байгааг Ерөнхий сайд танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, Д.Тогтохсүрэн, М.Билэгт, Д.Хаянхярваа нар асуулт асууж, тодруулав. Гишүүдийн зүгээс төрийн албыг оновчтой зохион байгуулж, төсөв хэмнэх, төсвийн хуваарилалтаас болж он дамжин баригдсан сургууль, цэцэрлэгийн барилгуудын талаар, хөрөнгө оруулалтын ажлын явц, төсөв батлагдсан хэдий ч цаг хугацаандаа тендэр, сонгон шалгаруулалтаа зарлаагүйгээс үүдсэн хохирол, хариуцлагыг хэрхэх, мал аж ахуйн салбарын эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, төрөөс энэ чиглэлд баримтлах бодлогын талаар тодруулж, хариулт авлаа. Ирэх оны төсвийн төсөл нь Монгол Улсын төсвийн хэмжээ 10 их наяд төгрөгт хүрч байгаагаараа онцлогтойг гишүүд тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд Засгийн газар эдийн засаг, төсөв санхүүгийн хатуу, оновчтой бодлогыг үр ашигтай хэрэгжүүлсний үр дүн гэж үзэж буйгаа хэллээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвийг хариуцлагатайгаар боловсруулахтай холбоотой тодруулсан гишүүдийн асуултад хариулахдаа, “иргэдийн төсөв” гэдэг ойлголтыг Засгийн газар бий болгосон гэв. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэдийн татвараас бүрдэж буй төсвийн төлөвлөлт, зарцуулалтын талаар дэлгэрэнгүй, нээлттэй байх зарчмыг хэрэгжүүлж буйг танилцуулсан. Мөн төсвийн сахилга батыг хангахад анхаарч, төсвийн төлөвөлтийг хариуцлагатайгаар хийж, төсвийн тодотгол хийгээгүй гэдгийг тэрбээр онцоллоо. 2018 онд 636 төсөл арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 597 төсөл арга хэмжээний тендэр зарлагдан, сонгон шалгаруулалт хийгдэж гүйцэтгэгчийг сонгоод байгаа гэв. Энэ үзүүлэлт өнгөрсөн оны мөн үед 30 орчим хувьтай байсан бөгөөд Сангийн яам ажлуудыг маш сайн шахаж ажиллаж байгаа бөгөөд материал бүрэн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг 48 цагийн дотор шуурхай шилжүүлж байгааг дуулгав. Мөн тэрбээр зээлийн хүүг бууруулах чиглэлээр Засгийн газраас баримталж буй бодлогын талаар танилцууллаа. Өмнө нь Засгийн газар арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авч ирсэн бөгөөд 4.7 их наяд төгрөгт хүрсэн байсан. Арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээл олгохгүй, Засгийн газрын өндөр хүүтэй үнэт цаасыг хүлээгээд суудаг байсан. Сангийн яам төлөвлөсөн хуваарийн дагуу үнэт цаас гаргадаг байсан. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ байдлыг зогсоож, арилжааны банкууд дээр байсан бүх хөрөнгийг татаж, Төрийн санд төвлөрүүлсэн. Мөн өндөр хүүтэй зарим зээлийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулсан. Одоо бол 1.7 их наядын дотоод өрийг барагдуулах үлдээд байна. Дээрх шийдвэр, үйл ажиллагааны үр дүнд иргэд, аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкуудаас олгох зээлийн хэмжээ нэмэгдэх нөхцөл бүрдэж байна. Эдийн засгийн эргэлт идэвхжин, өсөлт энэ оны төгсгөлөөр 7-8 хувьд гарах бололцоо харагдаж байгааг хэлэв. Мөн таван шатлалаар буураад байсан зээлжих зэрэглэлийг энэ онд хоёр удаа нэмэгдүүлсэн байна. 2019 онд эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэхээр төлөвлөөд байгаагийн хүрээнд мөн тодорхой ажлуудыг төлөвлөөд байгаа аж.
Ийнхүү чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.