ОХУ-аас 1500 орчим иш өргөгчийг нийлүүлээд байна

2018 оны 10-р сарын 03 өдөр, 09 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ef37917bbf7b3d71b362c58c235991d6f29034c5

2018 онд улсын хэмжээгээр 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д буудай, 13 мянган га-д төмс, 8.3  мянган га-д хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоосон.

 Есдүгээр сарын 30-ны байдлаар 33.3 мянган га-г ангилан хадаж, 75.3 мянган га-гаас 107.6 мянган тонн үр тариа, 10.5 мянган га-гаас 125.7 мянган тонн төмс, 6 мянган га-гаас 67.7 мянган тонн хүнсний ногоо, 11,8 мянган га-гаас 33,3 мянган тонн тэжээл, 6,3 мянган га-гаас 5 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна. Энэ нь үр тарианы 22 хувь, төмсний 81,1 хувь, хүнсний ногооны 73 хувь, тэжээлийн 21 хувь, тосны ургамлын 11 хувийг тус тус хураан аваад байгаа үзүүлэлт юм. Улсын хэмжээнд ургац хураалт дунджаар 42 хувьтай явагдаж байна.

Ургац хураалтын ажил жигдэрсэн энэ үед тариалангийн талбайг малын хөлөөс хамгаалах, малыг байнгын хариулга маллагаатай байлгах, малчид бүхий иргэдийг аравдугаар сарын 15-ныг хүртэл тариалангийн талбайгаас 15 км-ийн алсад намаржуулах, хураалтын ажилд оюутан сурагчдыг татан оролцуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах тухай чиглэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзориг өгсөн. Уг албан тоотын хэрэгжилтийг хангах зорилгоор аймаг, сумын түвшинд тусгай ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, тулгамдсан зарим асуудлыг шуурхай шийдвэрлэж байгаа юм.

Есдүгээр сарын дунд, адагт үүссэн цаг агаарын хүндрэлтэй үед ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, ургацаа хаягдал багатай хураахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шаардагдах шатахууныг ТЭДС-ийн салбаруудаар дамжуулан 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож, налсан тариа хураахад зориулж, орон нутгаас захиалга авч, ОХУ-аас 1500 орчим иш өргөгчийг нийлүүлээд байна.

Аж ахуйн нэгж, иргэдийн үтрэм дээрх хүнсний буудайг ТЭДС болон гурилын үйлдвэрүүдэд татан авах ажлыг шуурхай зохион байгуулах, буудайн үнэ, борлуулалтын нөхцөлийг харилцан тохиролцох боломжийг бүрдүүлэх зорилгоор Монголын тариаланчдын үндэсний холбоотой хамтран тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн дунд уулзалт зохион байгууллаа.

Аравдугаар сарын эхний 10 хоногт тариалангийн бүс нутгуудаар хур тунадас багатай, харьцангуй дулаан тогтвортой байх төлөвтэй байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байгаа юм. Тиймээс энэ хугацаанд ургац хураалтын ажлыг шуурхай зохион байгуулах чиглэлийг орон нутгийн төрийн захиргааны байгуулагуудад хүргүүлж, хамтран ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх