“Хөдөлмөрч залуучууд” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт 2900 ажлын байр зарлагдлаа

2018 оны 09-р сарын 28 өдөр, 18 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
42744652_574275119658485_5798065661867458560_n

Төрийн болон төрийн бус байгууллагуудын түншлэл дээр тулгуурлан ажлын туршлагагүй залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Хөдөлмөрч залуучууд” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Монголын тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбоо” ТББ, “Монголын Сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд зохион байгууллаа.

Тус хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт нийт 2900 ажлын байр зарласан бөгөөд мэргэжлийн байгууллагуудаас ажлын туршлагагүй залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэлзүйн болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй өгөв.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь “Хөдөлмөрч залуучууд” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг юм.

Энэхүү хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг ажлын туршлагагүй залуучууд болон хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийслэлийн хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөрийн зах зээл дэх тэгш оролцоог хангаж байгаагаараа онцлог боллоо.

Хөгжлийн бэрхшээл гэдэг нь орчны бэрхшээл юм. Тиймээс орчны бэрхшээлтэй иргэдэд хэвийн ажиллаж, хөдөлмөрлөх нөхцөл боломжийг бүрдүүлэхээр төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран хувийн хэвшлийн оролцоотойгоор тус хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг зохион байгуулж байна.” гэлээ.

 Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөрийн эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг: “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь НҮНТ-ийн Дүнжингарав салбарт байрладаг бөгөөд өнөөдрийн үйл ажиллагаанд 2900 ажлын байрыг иргэдэд санал болгож байна. “Хөдөлмөрч залуучууд” үзэсгэлэн яармагт нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран ажилладаг 23 аж ахуй нэгж, байгууллагууд оролцож байгаа юм.

Тухайлбал: “Таван богд групп”ХХК, “Бишрэлт холдинг” ХХК, “Номин холдинг” ХХК зэрэг салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд 1-3 хүртэлх тооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах боломжтой байгаа юм.” гэж хэллээ. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт “25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна” гэж заасны дагуу хуулийн хэрэгжилтийг хангахаар 23 аж ахуй нэгж, байгууллагууд оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байрыг санал болголоо.

“Монголын Сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүн Т.Цэдэнбал: Төрийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин энэхүү үзэсгэлэн яармагийг зохион байгуулж байгаад талархаж байна. Сонсголгүй иргэдийн хувьд хөдөлмөр эрхлэхэд тухайн байгууллагад дохионы хэл мэддэг хүн байх нь хамгийн чухал байдаг. Иймээс аж ахуйн нэгж, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй харилцах ажилтнуудыг дохионы хэлэнд сурган бэлтгэх нь нэн чухал юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хамт олны нэг хэсэг нь болон тогтвортой ажиллаж, нийгэмд өөрийн хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй байдаг” хэмээлээ.

Энэхүү хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.4-т “Оюутан залуучуудыг нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулж, тогтвортой ажлын байраар хангах, нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулна”, “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн 3.2.8-т “Зорилтот бүлгийн залуучуудад хөдөлмөр эрхлэх таатай боломжоор хангахад дэмжлэг үзүүлэх аян өрнүүлэх” зорилтуудын хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгууллаа.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх