Олон Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс аймаг нийслэлийн Монгол Ардын Намын үе үеийн дарга нарын төлөөлөл болох “Андууд” ахмадын холбооны ахмадуудыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
Арга хэмжээнд Монгол Ардын Намын дэргэдэх Ахмадын Холбооны тэргүүн Ц.Сүхбаатар, Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Д.Сумъяабазар, Монгол Ардын Намын Цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд нар оролцсон юм.
Уулзалтын эхэнд Монгол Ардын Намын дэргэдэх Ахмадын Холбооны тэргүүн Ц.Сүхбаатар хэлсэн үгэндээ Монгол Ардын Нам, намын дэргэдэх Ахмадын Холбоо хамтран ахмад гишүүдийг баяр ёслолоор хүлээн авдаг бус тэдэнд зориулсан цогц, цэгцтэй ажлуудыг хийж эхэлсэн гэдгийг дуулгалаа. Орон нутгийн болон Нийслэлийн намын ахмадуудад зориулж тус бүр 50 ортой 2 сувилалын газрыг 2020 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа гэв.
Үүнд 330 сумын ахмад гишүүдээс заавал хамруулдаг байх, Улаанбаатар хотын 160 хорооны намын ахмадуудыг мөн хамруулж байхаар төлөвлөж,сувилалын газрыг Нисэхийн хойно Жаргалантын аманд барьж байгуулахаар газрын асуудлыг нь шийдвэрлэсэн, Нийгмийн Даатгалын газартай хамтран ахмад гишүүдийнхээ хувьсах зардлын асуудлыг онцгойлон анхаарч ажиллах гэх мэт цэгцтэй ажлууд хийгдэж буйг дуулгалаа. Мөн “Андууд” ахмадын холбоог 1990-ээд оноос хойшхи аймаг хотын дарга нарыг холбоондоо нэгтэх асуудалд анхаарч ажиллахыг хүссэн юм.
“Андууд” ахмадын холбоо нь 1999 онд байгуулагдсан 34 гишүүнтэй. Тэд Ардын Их Хурлын дарга, депутат, намын хорооны даргаар ажиллаж ачааны хүндийг үүрч, Монгол улсын хөгжлийн төлөө залуу халуун насаа зориулсан гавъяатай. Хамгийн ахмад гишүүн нь Ж. Жамсран 97 настай Завхан аймгийн Монгол Ардын Намын хорооны даргаар ажиллаж байжээ.
Өнөөдрийн хүндэтгэл үзүүлэх уулзалтад аймаг нийслэлийн намын хорооны даргын албыг хашиж байсан 20 гаруй ахмадууд хүрэлцэн ирсэн юм. “Андууд” ахмадын холбооны тэргүүн н.Гомбожав ахмадуудаа төлөөлөн үг хэлэхдээ зориг гарган Нийслэлийн МАН-ын даргын албыг авсан Д.Сумъяабазарт баяр хүргэж, намын даргын ажлыг хийхэд хүнтэй ажилла,хийх ёстой ажлаа зоригтой хий! Хийх юм чинь их байна цаг бага байна. У.Хүрэлсүхт ажиллах боломжийг нь олго! нам өөрөө нэгдэл нягтралаа сайн бататгахгүйгээр цааш явахгүй. Монгол улсын эрх ашгийн төлөө зоригтой ажилла гэсэн заавар зөвлөгөө өгөв.
Мөн өнөөдрийн уулзалтын үеэр Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээ,талархлыг үе үеийн ахмад дарга нарт хүргүүлж буйг Монгол Ардын Намын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүн Ц.Сүхбаатар, Монгол Ардын Намын Цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд нар гардуулан өгсөн юм.