“Болор цом”-ын эзэн, яруу найрагчийг Богд хааны ордон музейн захирлаар томилжээ

2018 оны 09-р сарын 27 өдөр, 16 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
712-1538010657bogd_haanii_ordon_muzei-151920-1999209793
Монгол Улсын ууган,  бас хамгийн баялаг сан хөмрөгтэй музей бол Богд хааны ордон музей юм. Монголын сүүлчийн хаан, VIII Богд Жавзандамба хутагтын Ногоон ордонд байрладаг. Найдан сүм, Махранзын сүм, Номын сангийн сүм тэргүүтэй долоон сүм, Өвлийн ордон, Амгалан энхийн хаалга, Сэрүүн асар зэрэг 20 шахам байгууламжаас бүрдсэн цогцолбор юм.
Энэ музей 8600 гаруй үзмэртэй. Жилд 40 мянга гаруй үзэгч хүлээн авдаг юм байна. БСШУСЯ-нд харьяалагддаг.
Тэгвэл тус музейн захирал О.Мэндсайханыг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр чөлөөлжээ.
О.Мэндсайхан нь МУИС-ийг түүхч мэргэжлээр төгссөн. Түүхийн шинжлэх ухааны докторант. Тэрээр 2010 оноос хойш Богд хааны ордон музейн захирлаар ажиллаж байгаа юм.
О.Мэндсайхан ажил­лах хугацаандаа Богд хааны ордон музейг дэлхийн жишигт хүргэхээр ихээхэн ажлыг амжуулсан хэмээн салбарынхан нь дүгнэдэг юм. Гадаад харилцааг чамгүй өргөжүүлсэн. Богд хааны ордон музейг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр нэлээд ажлыг хийсэн. Тухайлбал, Богд хааны ордон музейд “Тууль хайлах” өргөө байгуулсан. Энэхүү найман ханатай их цагаан өргөөндөө театрчилсан бус уламжлалт тууль хайлах зан үйлийн ёс уламжлалыг чанд баримталсан, язгуурлаг шинж байдлыг нь илүүтэй харуулах тал дээр анхаарал хандуулсан байгаа юм. Мөн туулийг тусгайлсан өдөр бүрэн хэмжээгээр хайлдагаараа илүү онцлогтой.
Энэ нь дээр хэлсэн аялал жуулчлалаас гадна гадаад дотоодын эрдэмтэн судлаачдад судалгааны хэрэглэгдэхүүн болж үлдэж байгаа том ач холбогдолтой хэмээн эрдэмтэд үнэлдэг юм.
О.Мэндсайханы хувьд өнгөрсөн найман жилийн хугацаанд чамгүй хүч заран ажиллаж байж Богдын музейн газрыг бүрэн бүтнээр нь авч үлдсэн гэдгийг бас салбарынхан нь ярьдаг юм билээ.
Харин О.Мэнд­сайханы оронд Богд хааны ордон музейн захирлаар “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Эрдэнэбаатарыг томилсон байна.
Ц.Эрдэнэбаатар 2016 онд “Болор цом-33” наадамд “Суурин иргэншлийн цаг” шүлэг уншиж “Болор цом”-ын эзэн болж байжээ. Тэрээр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг Зоргол хайрхан уулын өвөр бэл “Хуучин уурхай”-н дэвсэгт 1981 онд мэндэлжээ. Нутагтаа бага, дунд сургууль, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг төгссөн. Монгол хэл, уран зохиолын багш, утга зохиолын ажилтан мэргэжилтэй. Утга зохиолын магистр цол зэрэгтэй.
Яруу найргийн “Нялх зүүд”/2006/түүвэр, “Шөнийн солонго” СО хэвлүүлж уншигчдын хүртээл болгожээ. Түүний бүтээлүүд 2004 оноос хойш уран зохиолын олон ном товхимол, СD-нд багтсан байна. Түүний шүлгийг нь бичсэн “Би монгол” тэргүүтэй 40-өөд зохиолын дуу эх орондоо хийгээд Өмнөд Монголд дуулагдан зарим нь хит болжээ.
Тэрээр яруу найргийн шилдэг бүтээлээрээ шилдэг залуу зохиолчид олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагнал /2009/, Төв аймгийн “Хүндэт тэмдэг” /2011/, МЗЭ-ийн нэрэмжит шагнал /2013/-уудыг тус тус хүртжээ.
Утга зохиол, яруу найргийнхаа хүрээнд УИХ-ын гишүүн яруу найрагч Ж.Мөнхбаттай найзууд юм байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх