ТВ5 телевиз иргэн Д.Батмөнхийн тухай сурвалжлага бэлтгэн үзэгчдэд хүргэсэн. Амьдралын хүнд хэцүүг харуулсан энэ сурвалжлага Монголын ард түмний сэтгэлд хүрч бүтэн долоо хоног өрнөсөн тусламжийн аянг эхлүүлж чадсан юм. Энэ хугацаанд иргэн Д.Батмөнх орон сууцтай болж, эрүүл мэндийн үйлчилгээ авч, шинэ амьдралыг өнөөдрөөс эхлүүллээ. Тэгвэл энэ сурвалжлагыг бэлтгэсэн улстөр мэдээллийн албаны сэтгүүлч Г.Бадамлянхуаг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс шагналаа. Ядарч явсан нэгэн гэр бүл, энхрий үрсийн амьдралыг өөрчилж, Монголын ард түмэн нэгдэж чаддаг гэдгийг харуулсных нь төлөө “хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдэг олголоо. Сэтгүүл зүй, сэтгүүлч хүн гэдэг ийм хүчтэй гэдгийг харуулсанд талархаж байгаагаа Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мөн илэрхийлсэн юм.