UNFRIEND: Онлайн луйвраас болгоомжлоорой

2018 оны 09-р сарын 14 өдөр, 14 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
xcb6q

ХЗДХЯ, Монгол улс дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ хамтран цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох UNFRIEND хөдөлгөөн улс орон даяар өрнөж байна. Энэ ажлын хүрээнд иргэд, олон нийтийг онлайн луйвар буюу залилах гэмт хэргээс өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ хамгаалах дараах зөвлөмжүүдийг хүргэж байна. Цахим луйварын цаана иргэд мэдээллээ санаандгүй бусдад алдах, найз нөхдийн нэрээр нь хуурамч хаягууд үүсгэгдэн таны мэдээллийг авах, таны цахим орчинд мэдээллэж буй мэдээлэл, үйл хөдлөлийг чинь судлаж, ашиглан залилах, хуурамч аппликейшн ашиглан хувь хүн, байгууллагын нууц мэдээлэлд нэвтрэх зэрэг үйлдлүүдээр дамжин үйлдэгдэж байна. Тиймээс UNFRIEND хөдөлгөөний зүгээс иргэд, олон нийтийг танихгүй, мэдэхгүй хаягийг найзаар авахгүй байх, цахим орчинд хувийн мэдээллээ хамаагүй тавихгүй байх, хүүхдүүдийнхээ цахим хэрэглээ, мэдээлэлд анхаарлаа хандуулахыг уриалж байгаа юм.

UNFRIEND: Онлайн луйвраас болгоомжлоорой Arslan.mn

Интернетээр мэдээлэл авагчдын тоо жил ирэх бүр нэмэгдсээр байгаа 2009 оны байдлаар 106000 байсан бол 2016 оны 06 дугаар сарын 30-ны байдлаар 2512700-д хүрч гол мэдээллийн эх сурвалж болгосон байна. 12 ба түүнээс дээш настай хүн амын 54 хувь нь ямар нэгэн хэлбэрээр интернэт ашигладаг, тэдний 40 хувь нь өдөрт дунджаар 2-3 цаг интернэт ашигладаг (харилцаа холбооны зохицуулах хороо, Интернэтийн үйлчилгээ эрхчлэгдийн статистик судалгаа) ба иргэдийн худалдан авалт, хэрэгцээ шаардлагаар далимдуулан амар хялбар аргаар мөнгө олох гэсэн гэмт этгээдийн санаа зорилгоо гүйцэлдүүлэх томоохон орон зай үүссэнийг харж болох юм.

Дэлхий дээр нэг секундэд 18 хүн цахим худалдааны хохирогч болж байна. 2017 он гэхэд энэ гэмт хэргийн хохирол 100 тэрбумд хүрч, жилд 556 сая, өдөрт 1.5 сая хүн ийм хэргийн хохирогч болно гэсэн судалгаа бий. Арван хүн тутмын нэг нь хуурамч линк, видео бичлэгээс болж хохирдог аж. Манай улсад 2006, 2007 онуудад компьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус бүр нэг удаа гарч бүртгэгдсэн нь тухайн гэмт хэрэг тогтвортой байгааг харуулж байна. Гэвч техник хөгжсөн өнөө үед манай улсын албан байгуулага болгон интернетед холбогдож тэр хэрээр байгууллага, иргэд кибер гэмт хэрэгт ихээр өртөж хохирч байна.

Онлайн луйврын төрлүүд:

  • Цахим шуудангийн луйвар. Манай улсын гадаад худалдаа эрхэлдэг иргэн аж ахуйн нэгж байгууллагууд харилцагч талаас ирсэн цахим шууданд төлбөрийн данс солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээж авдаг ба тус шилжүүлгийг хийснээр цахим шуудангийн луйврын хохирогчид болдог.
  • Романс луйвар. Интернет орчинд харилцаа тогтоон хүний итгэлийг олж аван улмаар үүнийгээ ашиглан залилангийн гэмт хэрэг үйлдхийг романс луйвар гэж ойлгож болно.
  • Буяны үйл ажиллагаа. Та 1 сая долларын өв залгамжлагч боллоо эсвэл би АНУ-ын энхийг сахиулах ажиллагааны ажилтан миний цалинг дансаараа аваач гэж хүмүүс рүү имэйл илгээдэг. Үүний дараа та мөнгөө авахын тулд заавал татвар төлөх ёстой гэж удаа дараа хохирогчоос мөнгө салгаж авдаг.
  • Зээл олгох. Цахим шуудан болон олон нийтийн сүлжээ сайтуудаар маш бага хүүтэй барьцаагүй, баталгаатай зээл гэх утгатай захидал болон нийтлэлүүд нийтлэгддэг. Үүний дагуу хэн нэгэн холбогдход гэмт этгээд та эхлээд авах гэж байгаа зээлийнхээ тодорхой хувийг шимтгэлд эхлээд төлөх ёстой, дараа нь та татвараа төлөх ёстой гэх нэрийдлээр луйврын гэмт хэргийг үйлддэг байна.
  • Банкны залилан. Таны имэйл хаяганд банкны албан ёсны мэт хуурамч имэйл хаяг ирэх ба танаас банкны мэдээлэл асууж, баталгаажуулахыг шаарддаг. Банкны хэзээ ч таны хувийн мэдээллийг асууж имэйл явуулдаггүй гэдгийг үргэлж сана.
  • Үнэгүй бараа. Гэмт этгээдүүд онлайнаар олон улсад нэр хүнтэй хүмүүс болон байгууллагын нэрийг барьж та азтан боллоо, та үнэгүй авах боломжтой гэх утга бүхий имэйлийг таны имэйл рүү явуулна. Улмаар та хожсон эсвэл үнэгүй авах боломжтой бараагаа авахын тулд таны кредит карт, гэрийн хаяг болон бусад мэдээллийг асуух болно. Хэрэв та өөрийн мэдээллээ өгсөн тохиолдолд дансан дахь мөнгөө алдах эрсдэлтэй.
  • Мөнгө гуйх. Онлайнаар таны танилын хаягнаас эсвэл таны танилын хаягтай төсөөтэй хуурамч хаягнаас танруу яаралтай мөнгө зээлээч, өнөөдөр орой эсвэл маргааш өглөө өгнө, хүүтэй нь хамт өгнө гэж урьдчилан бэлтгэсэн дансанд хохирогчоос мөнгийг нь залилж авдаг.
Эх сурвалж: ЦЕГ-Урьдчилан сэргийлэх хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх