Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр тус хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Дорнын эдийн засгийн чуулган болох Русский арал дээр хүрэлцэн ирмэгц БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бараалхсан юм.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой 2020 онд тохиох талаар дурдаж, энэхүү түүхэн ойг угтан хоёр улсын хамтын ажиллагаандаа бодит ахиц дэвшил гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд өөрийнх нь халуун дотно мэндчилгээг дамжуулахыг хүслээ.
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад цаг зав гарган хүлээн авч уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар нээлттэй санал солилцох боломж олгосонд талархал илэрхийлээд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний мэндчилгээг уламжлав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус улсад айлчлахыг урьсныг энэ удаагийн уулзалтаар дахин уламжиллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж технологи инноваци, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр улсын залуу бизнесмэнүүдийг дэмжих зөвлөл байгуулах санал дэвшүүлж, энэ талаар дэлгэрэнгүй ярилцав. Мөн Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулахад Монгол Улс нар, салхи, нүүрсний эх үүсвэрийн эрчим хүчний нийлүүлэгчээр оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлэхэд БНСУ-ын тал уг саналыг хүлээн авах боломжтойгоо илэрхийлсэн юм.
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан ажил хэрэгч саналуудыг хүлээн авч хамтран ажиллахдаа таатай байх болно хэмээн онцлоод, тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний санаачилсан Зүүн хойд Азийн төмөр замын нийгэмлэгийг байгуулахад хамтран ажиллахыг санал болгосон юм.
Талууд хоёр талын хамтын ажиллагааны түвшингээ шат ахиулж стратегийн түншлэлийн түвшинд хүргэхийн төлөө ажиллах тухайд санал нэгдэв.