Баянхонгор аймаг 165 оюутанд 200 сая төгрөгийн тэтгэлэг олголоо

2018 оны 09-р сарын 11 өдөр, 10 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
41386967_317045799052420_2912664395706269696_n

Баянхонгор аймгаас төр түшэлцэж буй УИХ-ын гишүүд, Аймгийн ИТХ, ЗДТГ-аас санаачлан орон нутгийн өмчит уул уурхайн компанийн санхүүжилтээр сургалтын төлбөрийн чадамжгүй 165 оюутан 800-2000000 хүртэлх төгрөгийн тэтгэлэг олгож байгаа юм. Уг хөтөлбөрт өнгөрсөн жил 70 гаруй оюутан хамрагдаж байсан бол өнөө жил санхүүжилт болон оюутнуудынхаа хамрагдалтыг ч нэмсэн байна.

“Орон нутгийнхаа ирээдүйд бодит хөрөнгө оруулалт хийж, оюутнуудаа дэмжиж байгаа энэ тэтгэлэг нь улсдаа анхдагч гэдгээрээ онцлогтой юм. Харин та бүхэн маань амжилттай сайн суралцаарай. Сургуулиа төгсөж ирээд орон нутаг, аймагтаа ажиллаарай. Энэ бол түүхэн хөрөнгө оруулалт юм шүү” хэмээн Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр тэтгэлэгт тэнцсан оюутнуудад батламж гардуулах ёслолд оролцохдоо хэлсэн юм.

Харин аймгийн Засаг дарга Г.Батжаргалын зүгээс “10 жилийн сургуулиа амжилттай төгсөж, дараагийн шатлалын сургуульд оюутан болж буй дүү нартаа амжилт хүсч, баяр хүргэе. Баянхонгор аймгийн удирдлагууд, УИХ-ын гишүүдийн зүгээс нутгийнхаа оюутнуудад ихээхэн анхаарч, бодлогын, санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа. Энэ хүрээнд Баянхонгор аймгйин Шинэжинст, Баян-Өндөр сумын нутгийн 140 мянган га талбайд хайгуулын лицензтэй Канадын болон орон нутгийн өмчийн оролцоот “Корунд Гео” ХХК-нийн 200 сая төгрөгийн санхүүжилтээр оюутан залуучуудынхаа мэдлэгт хөрөнгө оруулалт хийе гэж зориглосон. Үүний цаана ямар нэг улстөр, ашиг сонирхол байхгүй. Аймаг, орон нутгийнхаа ирээдүйн хөгжилд гар бие оролцох залуучууд та нарт үзүүлж байгаа орон нутгийн дэмжлэг хүлээж аваарай. Мөнгийг их, бага гэж битгий голоорой.  800 мянган төгрөг их мөнгө. Та бүхэн онц, сайн сураад дараа жил хоёр сая болгож авах боломж хүүхэд бүрт бий. Та нарт тэтгэлэг өгснийхөө хариуд бид таван зүйлийг тохиролцож байгаа. Сурлагадаа амжилт гаргаж, голч дүнгээ ахиулаарай. Нэгэнт сонгосон мэргэжлээ сольж, хаяж болохгүй. Элдэв гэмт хэрэгт холбогдож  болохгүй. Сурч байгаа мэргэжил, чиглэлээрээ эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон байх, нийгмйин бусад ажилд идэвхтэй оролцох гэсэн таван шаардлагыг биелүүлэхэд л хангалттай. Энэ мэт шалгуурыг хангаж чадаагүй 30 гаруй оюутныг энэ жил хассан. Та нар ч бас анхаараарай” гээд суралцагчдад батламж гардуулж, төрийн ордонтой танилцуулсан юм.

41493067_271501197018410_9204322345068527616_n

Орон нутгийн оролцоот “Коруин Гео” ХХК нь уул уурхайн сайдын тушаалаар Баянхонгор аймгийн Шинэжинст болон Баян-Өндөр сумдын нутагт алтны хайгуулын лицензтэй компани юм. Энэ компанийн 40 хувийг Баянхонгор аймаг эзэмшдэг бөгөөд уул уурхайн хайгуулалтаас олсон ашгаа ийнхүү оюутны сургалтын төлбөрт 100 хувь зарцуулж байгаа анхны аймаг болж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх