“Дулааны цахилгаан станц-3” Төрийн өмчит хувьцаат компанийн түүхт 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, “ДЦС-3” ТӨХК-ийг Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах зарлигт, “Дулааны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай хангаж, техник технологийн шинэчлэл, эдийн засгийн үр ашгийг тасралтгүй дээшлүүлж, улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн тус байгууллагын үе, үеийн ажилтан, албан хаагч, инженер техникийн ажилчднуудын хичээл зүтгэлийг үнэлж Монгол Улсын Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэж бичжээ.
Энэхүү зарлигийг уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг тус байгууллагын туганд хүндэтгэлтэйгээр зүүн өгч, батламжийг гардуулан 50 жилийн ойн баярын хурлаа хийж буй тус байгууллагын хамт олонд баяр хүргэж, үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:
“Монгол Улсын эрчим хүчний салбарын тэргүүлэх үйлдвэр, гал голомт болсон Дулааны III цахилгаан станцын үе үеийн ахмадууд, ажилтан, албан хаагч, инженерүүд Та бүхэнд 50 жилийн түүхэн ойн баярын мэндийг хүргэе.
Одоогоос 50 жилийн тэртээ Дулааны III цахилгаан станц ашиглалтад орсноор Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлж, нийслэл хот өргөжин хөгжих үндэс суурийг тавьж, улс орон даяар хүнд, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх боломжийг бий болгосон. Улаанбаатар хотод мал аж ахуйн бүтээгдэхүүн арьс шир, ноос ноолуурыг боловсруулах үйлдвэрүүд эрчимтэй хөгжих үндэс суурь тавигдаж, ноосны үйлдвэрийн нэгдэл, үслэг эдлэлийн, гутлын, ээрмэлийн үйлдвэр, “Улаанбаатар хивс”, “Говь комбинат”, угсармал байшин үйлдвэрлэл зэрэг үйлдвэрүүд баригдан ашиглалтад орж амжилттай ажиллан, улс орны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан юм. Түүнчлэн дөрөвдүгээр цахилгаан станцыг ажиллуулах хүний нөөцийг бэлтгэж, тус станцад ажиллаж байсан олон мэргэжилтэн, инженер, ажилчид эрчим хүчний салбарын бусад байгууллагад амжилттай ажиллан салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмрийг оруулсаар байна.
Энэхүү байгуулсан гавьяаг үнэлж, цаашид улс орныхоо хөгжил дэвшилд гүйцэтгэх үүргээ улам өргөжүүлэн тэлж ажиллах итгэл хүлээлгэн Дулааны III цахилгаан станцыг түүхт 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг гардуулан өглөө.
Дулаан, цахилгаан хэмээх гайхамшигт энергийг үйлдвэрлэх хүндтэй, хариуцлагатай үүргийг нэр төртэйгөөр биелүүлж, хөдөлмөрийн гавьяагаа үнэлүүлж буй танай хамт олонд баяр хүргэж, амжилт бүтээл, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол Улсын гал голомт улам бадраг” гэв.