Загварын шоуг бүтээсэн БНХАУ-ын Өвөрмонголын дизайнеруудын ур чадвар олныг гайхшруулав

2018 оны 09-р сарын 07 өдөр, 18 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
02_large

Нийслэл Улаанбаатар хотод зохиогдож байгаа “Хятад орныг танин мэдэх”  Өвөрмонголын соёл аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд   ӨМӨЗО-ны үндэсний хувцас болон орчин үеийн хувцасны загварын шоу, үзэсгэлэнт Сычуань нутгийн аялал жуулчлалын танилцуулга, Өвөрмонголын амтат хоолны өдөрлөг гэсэн гурвалсан арга хэмжээ Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн талд байрлах “Новотел” зочид буудлын 4 давхарт өчигдөр нээлтээ хийлээ.

БНХАУ-ын  Өвөрмонголын өөртөө засах орон  болон Сычуань муж нь зан заншил түүх соёл, байгалийн үзэсгэлэнт газруудаараа хосгүй алдартай. Эдгээр бүс нутгууд нь Хятадын аялал жуулчлалын гол бүсэд хамаардаг. Өвөрмонгол бол монгол үндэсний уламжлалт соёлыг зуун зуун жилээр өвлөн уламжилж ирсэн онцлогтойг зохион байгуулагчид онцолж байсан.

Хувцас загварын шоу гайхалтай сонирхолтой болсныг мэргэжлийн хүмүүс сайшааж,зохион бүтээгч дизайнеруудад урмын үгийг харамгүй хайрлаж байлаа. Хувцасны загвар дизайн,гоёмсог чимэг,оёдолчдын ур чадвар,үндэсний агуулгыг орчин үеийнхтэй хослуулж чадсан нь олныг алмайруулсныг хэлэхэд илүүдэхгүй.

Загварын тайзнаа алхаж буй монгол,хятад модель залуус үнэхээр цоглог,өөртөө итгэлтэй байсан нь загварын шоуг амилуулсан  өвөрмөц нэгэн өнгө байв. Зохион байгуулагчдын ярьж буйгаар,Өвөрмонголын орчин үеийн стилийн хувцсыг монгол үндэсний хувцастай хослуулан өнөөгийн нөхцөлд тохируулан бүтээсэн нь олон нийтэд танилцуулахад урамтай сайхан аж.

 Энэ удаагийн шоунд 100 гаруй загварын хувцас үзүүлж байгаагаас үндэсний ёс заншлыг харуулсан эрэгтэй, эмэгтэй 40 загвар, орчин үеийн загварын чиг хандлагыг тодорхойлсон 30 загвар, ёслол хүндэтгэлийн 40 загварын үзүүлбэрийг олны таашаалд хүргэсэн нь энэ юм. Өвөрмонголын соёлын өдрүүд Монгол, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудас нээж байна,загварын шоу ч манай хоёр улсын соёлын харилцаанд бас нэгэн шинэ хуудсыг эргүүллээ.

Монгол үндэстний хувцас гоёлыг орчин үеийн хэв загвар шингээн урлахдаа үндэстний давтагдашгүй онцлог хэв шинжийг огт эвдэлгүйгээр уламжлалт болон орчин үеийг хослуулж чадсаныг шоунд уригдсан зочид сэтгэлийн гүнээс биширч магтаалын үгийг хайрласангүй.  Уг арга хэмжээг хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд цаашид энэ төрлийн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга энэ үеэр ярьсан юм.

ӨМӨЗО- ны загвар зохион бүтээгчдийн урласан үндэсний хувцасны шилдэг загваруудыг олон нийтэд танилцуулахын сацуу Өвөрмонголын  амтат хоолны баяр болсон юм. Өвөрмонголчуудын  гол зоог нь монголчуудын адил мах юм. Тэд хүнсэндээ хонь, үхрийн махыг түлхүү хэрэглэдэг байна. Энэ удаагийн хоолны баярын үеэр бэлдсэн хоолонд мах,ногоо,гурилан бүтээгдэхүүн хэрэглэсэн байв. Тогооч нарын чадварлаг,хоолны амттайг хэлэхэд таатай. Хятад орныг танин мэдэх олон үндэстэн ястны онцлогийг шингээсэн 30 гаруй төрлийн хоолыг энд бэлтгэсэн байлаа.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх