Өвөрмонголын соёлын өдрүүд Монгол, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудас нээлээ

2018 оны 09-р сарын 07 өдөр, 13 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ayy

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаанбаатарт зохиогдож буй соёл, аялал жуулчлалын өдрүүдийн албан ёсны нээлт Монголын уран зургийн галерейд боллоо. “Хятад орныг танин мэдэх” сэдэвтэй өдрүүдийн хүрээнд  “Хятадын кино өдрүүд”, “Найрамдлын солонго”, “Найрамдлын хотын дуулал” тоглолт, Монгол, БНХАУ-ын залуучуудын сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн, “Өвөрмонголын амт” хоолны баяр,хувцас гоёлын шоу, Өвөрмонголын эмч нарын үнэ төлбөргүй үзлэг оношилгоо  зэрэг 16 томоохон арга хэмжээ болно. Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО-ы найрамдалт харилцаа, соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ энэ сарын 8 хүртэл үргэлжлэх юм.

Нээлтийн үеэр Хятадын коммунист намын ӨМӨЗО-ы байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юиган, “Ирэх онд Монгол, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Ойгоо угтан Монгол улсын иргэдэд ӨМӨЗО-ы ахуй амьдрал, соёлын онцлогийг таниулах арга хэмжээ зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь Хятадын “Нэг бүс Нэг зам”, Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн хоёр орны иргэдийн найрамдалт харилцаа, соёл, хүмүүнлэгийн солилцоо улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна” гэдгийг онцолсон юм.

Нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлсэн үгэндээ “Монгол, БНХАУ олон зуун жилийн найрамдалт харилцааны түүхтэй мөнхийн хөрш орон юм. Энэхүү уламжлалт харилцааг XXI зуунд шинэ агуулга, хэлбэрээ баяжуулж байгаа бөгөөд үүний тод жишээ нь өнөөдөр эхэлж буй ӨМӨЗО-ы соёл, аялал жуулчлалын өдрүүд” гэдгийг уламжлав. Мөн тэрээр, “Өнөөдрийн арга хэмжээ нь Монгол, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудас нээлээ. Ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд ӨМӨЗО-ы Хөх хотод “Улаанбаатарын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулахаар төлөвлөж байгааг” мэдэгдлээ.

БНХАУ-ын удирдлагууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байгааг тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин дурдаад, “БНХАУ нь алс холын улс орнуудтай эв найрамдалтай, нөхөрсөг хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж байгаа. Тиймээс хил залгаа Монгол Улстай үүнээс дотноор хамтран, ирээдүйгээ цогцлоох боломж бий. Соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд манай улсаас 300 гаруй төлөөлөгч ирсэн. Энэ арга хэмжээ үр өгөөжөө өгч, хоёр улсын хамтын ажиллагаа тэр дундаа иргэд хоорондын найрамдалт харилцаа улам бүр хөгжинө гэдэгт итгэж байна” гэв. Нээлтийн үеэр ӨМӨЗО-ы байгалийн сайхныг харуулсан гэрэл зургийн болон соёлын биет бус өв, технологийн дэвшил, инноваци шингээсэн бүтээгдэхүүний үзэсгэлэнг нээлээ. Үзэсгэлэнд түүх соёлын үнэт өв,Хятадын олон үндэстний хувцас,бэлэг дурсгалын зүйлс,зураг,гар урлалын өвөрмөц бүтээлүүдийг дэлгэн үзүүлжээ. Гар урчуудын нөр их хөдөлмөрийг ч бодитоор үзэх боломж байна.

Түүнчлэн Монголын уран зургийн галерейд ӨМӨЗО-ы уламжлалт болон бариа заслын тэргүүлэх зэргийн 5 эмч иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгч байна.

Энд бас нэгэн сонирхолтой үзэсгэлэн нээгдсэн байх бөгөөд Хятадын гэрэл зургийн мастеоуудын авсан эх орны байгаль дэлхий,хүн ардын амьдрал, ёс заншлыг харуулсан гэрэл зургууд юм. Эдгээр үзмэрүүд үнэхээр  олны нүд сэтгэлийг баясгаж байсан билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх