БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Хятад орныг танин мэдэх” сэдэвт соёл, аялал жуучлалын өдрүүдийн хүрээнд өнөөдөр Монголын хүүхдийн төв номын санд хүүхдэд зориулсан ном солилцооны “Нахиа” хөтөлбөрийг гурав дахь жилдээ зохион байгуулав.
Монгол Улс, БНХАУ-ын соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд 2016 оноос хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөр нь хоёр орны уран бүтээлчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх зорилготой юм. Хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын алдарт зохиолч Шэнь Ши Сийгийн шилдэг 10 бүтээлийн эмхэтгэл болох “Дундад улсын одоо үеийн амьтны үлгэр” цуврал номыг Монгол Улсын нийтийн болон ерөнхий боловсролын сургуулиудын номын санд бэлэглэж байна.
Дашрамд дурьдахад, “Нахиа” хөтөлбөрийн хүүрээнд 2016 онд ӨМӨЗО-ы “Өвөр Монголын Багачууд” хүүхдийн хэвлэлийн газраас эмхтгэн гаргасан “Монгол үндэстний амьтны тухай ёгт үлгэр” 1400 боть, 14000 ширхэг номыг Монголын хүүхдийн төв номын сан болон ерөнхий боловсролын сургуулиудын номын санд бэлэглэж байсан юм. Харин 2017 онд БНХАУ-аас Дорно дахины 20 шилдэг үлгэр болон Дэлхийн сонгодог шилдэг 20 үлгэрийн 56 мянган ширхэг номыг Монгол Улсад хандивласан байна.