ЭХЭМҮТ нь 1100 эмч ажилтантай. Үүнээс 600 гаруй нь сувилагч, эх баригч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн. Өнгөрсөн жил сувилахуйн албаны дэргэд “Сувилахуйн тэнхим” байгуулагдаж байсан бол өнөөдөр шинэ байрныхаа нээлтийг хийлээ.Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЭХЭМҮТ-ийн удирдлагын баг, үе үеийн сувилагч нар, Монголын сувилагчдын нийгэмлэгийн төлөөлөл оролцлоо.
Тус тэнхим нээгдсэнээр сувилагч мэргэжлийг дээдлэхийн зэрэгцээ хамтран зүтгэгчдээ сурч боловсрох,чадавхаа нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Мөн Эрүүл мэндийн байгууллага дундаас захиргааны орон тоог бууруулан
эмч,сувилагчийн харьцааг 1:2 болгосон анхны эмнэлэг болж байна. ЭХЭМҮТ нь монгол улсын хэмжээнд хамгийн олон сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэнтэй гуравдахь шатлалын эрүүл мэндийн байгууллага юм.Сувилахуйн тэнхим нь тасралтгүй сургалт зохион байгуулахаас гадна хот хөдөөгийн сувилагч, эх баригч нарт төгсөлтийн дараахь мэргэшүүлэх сургалтыг хариуцан ажиллаж байна. Мөн эрдэм шинжилгээний судалгааны чанарыг сайжруулах зорилгоор “Сувилахуйн эрдмийн зөвлөл” байгуулан ажиллаж байгаа нь дэлхийн жишигт хүрсэн эмнэлзүйн ур чадварын нутагшуулах боломж бүрдэж байна.