Хятадын кино өдрүүд “Их Шанхай” шилдэг киногоор эхлэв

2018 оны 09-р сарын 05 өдөр, 16 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
kino

БНХАУ-ын ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд зохиогдож буй “Хятадын кино өдрүүд”  өчигдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийлээ. “Хятад орныг танин мэдэх” зорилго бүхий кино өдрүүдийн үеэр Хятадын ард түмний аж амьдрал, ахуй соёлын онцлогийг харуулсан 10 киног Тэнгис, Юнрев, ICINEMA болон Өргөө, Гэгээнтэн кино театрт үзэгчдийн хүртээл болгох юм.

 “Хятадын кино өдрүүд”-ийн нээлтийн ёслолд Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Кино групп”-ын орлогч ерөнхий захирал Зан Жи Жун, БНХАУ-ын Элчин сайдын яамны Соёлын зөвлөх, Улаанбаатар хот дахь БНХАУ-ын Соёлын төвийн эрхлэгч Ли Вэй болон Монголын урлаг соёлын алдартнууд оролцлоо.

 БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Кино групп”-ын орлогч ерөнхий захирал Зан Жи Жун нээлтэд оролцохдоо хэлсэн үгэндээ “Кино урлаг бол тухайн үндэсний зан заншил, амьдрал ахуйн онцлогийг агуулж байдаг. Тиймдээ ч энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар манай хоёр орны иргэд илүү ойр дотно нөхөрлөж, нэг нэгнээ харилцан танин мэдэх боломж бүрдэх юм. Бидний авч ирсэн шилдэг бүтээлүүд Монголын ард түмний сэтгэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн Монголын шилдэг кинонуудыг Өвөр Монголын ард түмэнд үзүүлэх хүсэлтэй байгаа. Монголын уран бүтээлчид ч энэхүү хүсэлтийг минь хүлээн авна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.

Кино өдрүүд Хятадын уран бүтээлчдийн хийсэн “Их Шанхай” гэх гайхамшигтай киногоор нээлтээ хийв. Уг кинонд 1930-аад оны эхэн үед эзлэн түрэмгийлэгчдээс эх орноо хамгаалан тэмцэж буй  Хятадын ард түмний эрэлхэг залуусын үйл хэргийг товойлгон үзүүлжээ. Шанхайг эзэлсэн тулаан Япон,Хятадын дайны түүхэнд хамгийн том нь байсан гэдэг. Хятадын арми дайнд бараг бүх танк,онгоцоо алдсан байсан тэр цагт өөрийн хөрөнгөөс онгоц бүтээх зардлыг гаргаж эх орондоо хөрөнгө оруулалт хийхийн сацуу японуудыг бадрангуй уран ухаанаар ялан дийлж байгаа залуусын дүрийг кинонд гаргасан нь бахархахгүй байх аргагүй. Гол дүрд тоглосон Чо Юнь Фатыг монголчууд эртнээс мэддэг болохоор уг кино үзэгчдийн сэтгэлд илүү дотно байсныг киноны дараа хүмүүс ярьж байлаа. Киноны өгүүлэмж,өрнөл,зураг авалт, жүжигчдийн авъяас чадвар гайхалтай байсан нь үзэгчдэд таалагджээ. Уг кино Хятадын орлогоор тэргүүлж яваа шилдэг сор бүтээлүүдийн нэг нь юм.

Зохион байгуулагчдын ярьж буйгаар, “Их Шанхай”, “Бээжин Сиэтлийн хайр” кино Монголын үзэгчдэд хүрсэн. Харин өнөөдөр “Тансан ламын үлгэр”, “Надтай гэрлээч”, маргааш буюу энэ сарын 06-нд “Багштан”, “Их хотын хайр” киног толилуулах аж. Энэ сарын 07-нд “Шулам дарсан үлгэр”, “Хайр нэхсэн зүүд”, 08-нд “Шидэт бийрт хүү”, “Хүн загас” киног үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөсөн байна. Эдгээр кино нь эх орондоо нээлтээ хийсэн даруйдаа 100 сая юаниас дээш орлого олсон шилдэг бүтээл гэдгийг зохион байгуулагчид ярьж байв.

Н.Наранбилэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх