У.Хүрэлсүх: Тамхичин биш тамирчин, спиртлэг биш спортлог амьдарцгаая

2018 оны 09-р сарын 02 өдөр, 17 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
4b8b9d2b3e58f4942123007220b566a4

Өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл доор “Хүчирхэг Монгол” спорт, урлагийн өдөрлөг Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө. Өдөрлөгт Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон биеийн тамир, спортын байгууллагуудын тамирчид, багш сурагчид, иргэд олон нийт өргөнөөр оролцлоо.

Өдөрлөгийн үеэр Монголын пауэрлифтингийн шилдэг тамирчдын чансаа шалгах тэмцээн боллоо. Мөн 40 гаруй спортын төрлийн үзүүлэх тоглолтууд болж, эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг хийгдлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын иргэн бүр биеийн тамир, спортоор тогтмол хичээллэн эрүүл, чийрэг, эрч хүчээр дүүрэн байх нь Манай улсын хөгжлийн үндэс болох юм. Товчхондоо, иргэд маань эрүүл байвал Монгол Улс маань хүчирхэг байна. Иймээс ч өнөөдөр та бүгдтэйгээ хамт биеийн тамир, спортоор хичээллэн нэгэн өдрийг өнгөрөөе гэж бодож энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас биеийн тамир, спортыг бүх нийтийн үйл хэрэг болгож, ард иргэдээ эрүүлжүүлэх талаар тодорхой зорилтууд дэвшүүлж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Гэвч хувь хүн та өөрөө өөртөө хариуцлагатай байж, биеийн тамир, спортоор хичээллэхгүй бол энэ зорилго биелэхэд хэцүү. Энд, Жанжин Сүхбаатарын талбайд биеийн тамир, спортод дуртай, хөдөлгөөн хийдэг хүмүүс цугларсан байгаа. Та бүгд маань бусдадаа үлгэрлэн, ойр хавийнхаа хайртай хүмүүсээ спортоор хичээллүүлэн таргалуулахгүй, тамхи татуулахгүй, архи уулгахгүй байлгаж эрүүл чийрэг хүн болгох нь улс орныхоо хөгжилд оруулж байгаа үнэ цэнэтэй хувь нэмэр юм. Монгол Улсын иргэдээ, Тамхичин биш Тамирчин байцгаая, Спиртлэг биш Спортлог амьдарцгаая” гэсэн юм.

Өдөрлөгт “Харанга” хамтлаг, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, МУГЖ Д.Жаргалсайхан нар ирж ая дуугаа өргөлөө гэж Засгийн газрын Хэвлэв мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх