Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар хэн томилогдох бол?

2018 оны 08-р сарын 31 өдөр, 12 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
umguulugch

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өнгөрсөн 7-р сард өөрийн хүсэлтээр ажлаа өгсөнтэй холбоотойгоор уг албан тушаалд очих хүний нэр ойрмогноос яригдаж эхэллээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлд голлох үүрэгтэй, хариуцлагатай албан тушаалтан нь мэдээж Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан тушаал байдаг. Тиймдээ ч энэ албан тушаалд нэлээд “чанартай” хүн очих байх гэсэн хүлээлт үүсээд байгаа. Одоогоор Ерөнхийлөгч Х.Баттулгын хуулийн бодлогын орон тооны бус зөвлөх, өмгөөлөгч Р.Булгамаа, АН-ын Засгийн газрын үед БХБЯ-ны дэд сайд байсан, одоогоор Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаа Г.Байгалмаа, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын эхнэр, хууль зүйн яаманд насаараа шахам хүчин зүтгэж аль ч сайдын үед халаа сэлгээнд өртөлгүй дархлагдсан хатагтай Т.Батөлзий, Ерөнхийлөгч Х.Баттулгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхад газрын даргаар нь ажиллаж байсан өдгөө Ерөнхийлөгчийн гааль татварын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх О.Амгаланбаатар, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Шүүхийн ёс зүйн хорооны даргаар ажиллаж байсан өмгөөлөгч О.Алтангэрэл, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хашиж байсан Энхбаатар хуульч гээд нэлээд олон хүмүүсийн нэрс энэхүү албан тушаал дээр яригдаж байна. №1-ийн эргэн тойрны хүмүүсийн хэн нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогдох бол?

Энэ удаад бид Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад өрсөлдөж байгаа бүсгүйчүүдийн талаархи мэдээллийг уншигчиддаа хүргэе.

Өмгөөлөгч Р.Булгамаа гэж хэн бэ?

Нөгөө 2 эмэгтэйгээсээ илүү нийгэмд танигдаж, масс дарах нь яалт ч үгүй өмгөөлөгч Р.Булгамаа юм. ИЗНН-ын дарга С.Оюуны гарын шавь. Төмөр хатагтай С.Оюун өмгөөлөгч Р.Булгамааг 15 жилийн турш зугуухан бэлдэж явсаар улс төрд хөл тавиулсан нэгэн. Өнгөрсөн сонгуулиар ИЗНН-ын дарга С.Оюун хатагтай АН-тай нэгдэхдээ өөрийн шавь Р.Булгамааг АН-д элсүүлж, улмаар Р.Булгамаа хамгийн олон буюу 15 хүн БЗД-т УИХ-ын сонгуульд нэр дэвшсэнээс өдгөөгийн УИХ-ын гишүүн Б.Саранчимэгт ялагдан 2-оор гарч ирсэн байдаг.
Р.Булгамаа нь өдгөө Ерөнхийлөгч Х.Баттулгын хуулийн бодлогын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа. Өмнө нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр ажиллаж байсан.

Олон улсын арбитрын арбиртч, Хууль зүйн салбар болон Монголын их дээд сургуулийн салбарт тасралтгүй 20 шахам жил ажилласан мундаг багш, жин даах түүхтэй бүсгүй юм билээ.

“Алтан гэрэгэ” хуулийн фермээр дамжуулан ядарсан нэгэнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг түүний өмгөөлж байгаа ганцхан жишээг дурьдахад л “Очир төв”-ийн зочид буудалд хэрцгийгээр алуулсан 13 настай охины хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Өмгөөлөхийн зэрэгцээ талийгаач охины ар гэрийнхэнд туслаж, хандив цуглууж, орох оронтой хүртэл болгож өгсөн гавьяатай нэгэн.
Төрийн хоёр ч өндөрлөгийн зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан түүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан тушаалд томилох нь нүдээ олсон томилгоо ч байж мэдэх л юм.

Г.Байгалмаа гэж хэн бэ?

АН-ын Засгийн газрын үед БХБЯ-ны дэд сайд байсан, одоогоор Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Г.Байгалмаагийн нэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад яригдаж байна.

Г.Байгалмаа нь МоАХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн, Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, З.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан, сүүлийн 10 гаруй жил Монголын Ардчилсан Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, УИХ-ын сонгуульд хоёр ч удаа нэр дэвшсэн. Улс төрийн болоод төрийн ажлын туршлагатай боловсон хүчин юм.

Т.Батөлзий гэж хэн бэ?

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд гэнэтхэн л эхнэрийнхээ суудлыг солихоор шийдсэн бололтой. Насаараа Хууль зүйн яаманд ажилласан, ямар ч шинэ сайд ирсэн Зи даргын эхнэрээр оролдож чаддаггүй нь нэг талаараа улс төрч нөхрийнх нь нөмөр нөөлөг байдаг л байх. Нөгөө талаараа Т.Батөлзий дарга ажилдаа гаргууд байх болох л юм.
Хууль зүйн яамны Эрхзүйн шинэчлэлийн бодлогын газрын дарга Т.Бат-Өлзийн талаар сайн муу ямар ч мэдээлэл байдаггүй. Нөхрийнхөө “дэмээр” газрын даргын албыг чимээгүйхэн эрхэлдэг Т.Бат-Өлзий хатагтайд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын суудал хэрэг болсон бололтой шүү.

Ямартаа ч Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын суудалд яригдаж байгаа бүсгүйчүүдийн товч мэдээллийг хүргэхэд ийм байна.

Жирийн иргэний хувьд харахад Шүүхийн байгууллагад ажилладаг ажилчдын хандлага, харьцаа эмэгтэй нарийн бичгийн даргатай болвол арай нэг цэгцэнд орох болов уу гэж бодогдож байгаагаа нуух юун.

Шүүхийн хаалгаар орсон болгоныг гэмт хэрэгтэн шиг харж харьцдаг, хайш яайш хувцасласан шүүхийн ажилчид, шүүгчээсээ давсан их зантай шүүгчийн нарийн бичгийн дарга нарыг ном журамтай, төрийн албан хаагч шиг болгоорой л гэж хүсэх байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх