БНСУ-ын Улаан загалмай нийгэмлэг 150 гаруй мянган Сайн дурын идэвхтэнтэй

2018 оны 08-р сарын 28 өдөр, 20 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ulaan1

БНСУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн Сайн дурын идэвхтнүүд өнөөдөр МУЗН-т зочиллоо. Тэд хоёр улсын хамтын ажиллагааны  соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад айлчилж  байгаа юм. Тэд Сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулна.  Сайн дурын идэвхтнүүд Туул голын эрэг орчмын хогийг цэвэрлэх ажээ.   Мөн 200 хүүхдэд  хичээлийн хэрэгсэл бэлэглэж, нийслэлийн  Хан-Уул дүүргийн 134 дүгээр цэцэрлэгийн гадаах тоглоомын талбайг тохижуулж өгөхөөр болжээ. .

Тус улсын Сайн дурын идэвхтнүүдийг МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа хүлээн авч уулзлаа. МУЗН-ийн өнөөдрийн үйл ажиллагаа болон, хоёр үндэсний нийгэмлэгийн хамтын ажиллагааны талаар танилцуулж, Сайн дурын идэвхтнүүд бол аливаа үндэсний нийгэмлэгийн тулах тулгуур, хөдөлгөх хүч юм хэмээн онцлов. Сайн дураараа хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцон, итгэл сэтгэлээрээ ажиллаж буй Сайн дурын идэвхтнүүдэд үргэлж талархаж байдгаа илэрхийлж, хамтран ажиллаж, хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэхийг ерөөлөө.

Мөн БНСУ-ын Сайн дурын идэвхтнүүдийн сүлжээний Ерөнхийлөгч Юу Дун Дэ Монгол оронд энэ зун тохиолдсон үерийн гамшгийг даван туулахад МУЗН болон сайн дурын идэвхтнүүдийн хичээл зүтгэлээр бахархаж буйгаа илэрхийлж, Монгол Улс хөгжин дэвшихийн ерөөлийг өргөсөн юм. Мөн эдгээр сайн дурын идэвхтнүүд нийслэлийн зарим дүүргийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэв.

ulaan2

БНСУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн Сайн дурын идэвхтнүүдийн Ерөнхийлөгч Юу Дун Дэ хэлэхдээ,  БНСУ-ын Улаан загалмай нийгэмлэг 150 мянган Сайн дурын идэвхтэнтэй. Хүмүүнлэгийн үйлсэд сайн дураараа ажиллах хүсэл сонирхолтой солонгос хүн олон  бий. Бид сайн дураараа ажиллах хүн бүрийг хүлээн авч, далайцтай үйл ажиллагааг зохион байгуулдаг. Хамгийн сүүлд БНСУ-д болсон үерийн үеэр манай Сайн дурын идэвхтнүүд маш идэвхтэй ажилласан.

Миний бие БНСУ-ын Улаан загалмай нийгэмлэгт 23 жилийн турш Сайн дурын идэвхтнээр ажиллаж байна. Олон ч гамшиг ослын үеэр Сайн дурын идэвхтнүүдийг зохион байгуулан ажиллаж байлаа. Хамгийн санаанаас гардаггүй нэгэн явдал байна. Манай улс  гурван талаараа далайгаар хүрээлэгдсэн. Тэрхүү далайд нефть асгарч,  байгаль орчин төдийгүй   олон хүний амь нас эрүүл мэндэд хохирол учруулахаар аюултай нөхцөл байдалд орж байлаа. Тэр үед далайн усыг нефтийн шингэнээс цэвэрлэх нөр их ажлыг амралтгүйгээр хийж байсан. Энэ бол маш хүнд үйл ажиллагаа байсан төдийгүй Улаан загалмайн Сайн дурын идэвхтнүүдгүйгээр төсөөлөхийн аргагүй байв” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх