Миний биеийг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга болсноос эхлээд урд өмнө нь үүсгэн байгуулж, хийж бүтээсэн ажил бүтээн байгуулалтыг маань үгүйсгэх, мушгин гуйвуулах явдал хэрээс хэтэрлээ. УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын ажлыг ашиг сонирхлын зөрчилтэй хийж байгаа мэтээр дайрч давшлах, эх орноосоо урвасан мэтээр зохион байгуулалттайгаар, захиалгатайгаар гүтгэсэн, доромжилсон мэдээллийг зориудаар тараах боллоо. Өмнө нь тухай бүрт тайлбар өгч, нийгэмд мэдээллэж явсангүй. Гэсэн ч гүтгэгчид улам бүр дайрч доромжлох болов. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л “Дэлхийн Монгол” хэмээх Төрийн бус байгууллагын Бээжин, Алтангэрэл зэрэг хүмүүс Туул голыг уйлуулж байна, бохирдуулж байна хэмээн 15 минутын турш мэдээлэл хийхдээ Ц.Гарамжав гэдэг нэрийг 20-30 удаа илтэд гүтгэн доромжлохын тулд хэлж, УИХ-ын гишүүний нэр төрд халдлаа. Иймээс бодит мэдээллийг хариуцлагатай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан өгөхийг зорилоо.
Анх 1996 онд Засгийн газрын шийдвэрээр тендер зарласны үндсэн дээр Канадын “Заамар гоулд” компани Тосонгийн ордыг ашиглах эрхийг эзэмшсэн. Үүний дараа “Монполимет” компани 60 хувийг эзэмшихээр болж, хөрөнгө оруулалт хийх, босгох асуудлыг хууль эрхийн дагуу явуулж эхэлсэн. Тосонгийн голын гольдролыг ашиглах төслийг хамтран эзэмшиж, дэлхийн төвшинд олон мянгаараа ажилладаг байгаль орчинд ээлтэй драгийн үйлдвэрлэлийг барьж байгуулж, техник технологийг нэвтрүүлж хөрөнгө оруулалтыг босгосон. Ингэхдээ Монгол Улсын ашигт малтмалын тухай хууль болон цаг үеийн өөрчлөлтүүдийг баримтлан Засгийн газраас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу онцгой хамгааллын бүсэд ажиллаж байгаа болно. Драгийн үйлдвэрүүд нь Туул голын ойролцоо нуур байгуулан үйлдвэрлэлийнхээ усны 70 хувийг тогтмол ашиглан, 30 хувиа сэлгэж ажилладаг технолгитой. Шаардлагатай үед уулын ажлын төлөвлөгөөнд тусган тухайн орон нутгийн байцаагч, байгаль орчны хамгаалагч нарын хяналт доор батлуулсан төлөвлөгөөний дагуу голыг хөндлөн гарч, нэг цэгээс нөгөө цэгт шилжин ажиллах технолгитой байдаг. Гол гарч байх үед ямар нэгэн ашигт малтмал олборлодоггүй болно. Энэ талаар үйл ажиллагаа явуулж байгаа холбогдох компани нь дэлгэрэнгүй тайлбар, нотолгоогоо удахгүй хийх байх.
Уул уурхайн үйлдвэрлэл нь байгалийн төрөл бүрийн орчин нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг. Устай нөхцөлд ч, хад чулуутай нөхцөлд ч ажиллах шаардлагатай болдог. Хамгийн чухал нь байгаль орчноо аль болохоор байгаагаас нь илүү буюу нийгэмд ач холбогдолтой эдийн засийн эргэлтэд оруулахад боломжтойгоор явуулах байдаг.
2009 онд Урт нэртэй хуулийг УИХ баталсан. Үүний дараа Засгийн газрын 130, 199 дүгээр тогтоолоор хөрөнгө оруулалтаа хийсэн, үйлдвэрүүдээ барьж байгуулсан, ашиглалт, үйл ажиллагаагаа жигд тогтмол явуулдаг үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн онцгой хамгаалалтын бүсэд ажиллах зөвшөөрлийг баталгаажуулж өгсөн. Үүний дагуу Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан Онцгой хамгаалалтын бүс буюу 50 метрийн зайг баримтлан “Монросцветмэт”, “Алтандорнод Монгол”, “Монполимет”-ийн драгийн үйлдвэрүүд Туул голын адагт 12-24 дэх жилдээ ажиллаж байна. “Монполимет” компанийн хувьд 12 дахь жилдээ үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа уул уурхайн хууль эрх зүйн орчинд бүрэн нийцүүлэн явуулж байна. Анх Драгийн үйлдвэрлэлийг манай улс 1972 онд Толгойтын Ерөөгийн голын гольдролд улсын үйлдвэрийн газар болох “Монросцветмэт” барьж байгуулж, үйлдвэрлэлээ явуулж ирсэн түүхтэй. Драгийн үйлдвэрлэлийг энгийнээр тайлбарлахад голын татан болон гольдролд үүссэн ашигт малтмалын ордыг ашиглахад зориулсан баяжуулах үйлдвэр юм.
Драгийн үйлдвэрлэл нь байгаль орчны нөхөн сэргээлтийнхээ 60 хувийг өөрөө хийдэг, цахилгаан хөдөлгүүртэй бүрэн автомажсан үйлдвэр юм. Миний үүсгэн байгуулсан “Монполимет” компани нь Монгол Улсын хууль тогтоол, дүрэм журмыг бүрэн дүүрэн мөрдөж жил бүр Мэргэжлийн хяналт болон холбогдох яамдаар үйлдвэрлэлийн ажил явуулах талбайн төлөвлөгөө норм, гүйцэтгэлийн ажлаа батлуулж, хэрэгжүүлэн тайлагнадаг. “Монполимет” компани Монгол Улсдаа анхны жишиг загвар болох байгаль орчны нөхөн сэргээлтийг бий болгож, улс орон нутгийн хэмжээнд хэмжээний нөхөн сэргээлтийн сургалтуудыг явуулж, их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллаж, мэргэжлийн уул уурхайн компани гэдгээ батлан ажиллаж явна. Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчны багц хуулийг нэг бүрчлэн хэрэгжүүлж Монгол Улсын уул уурхайн салбарт тулгараад байгаа байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагааны жишиг загварыг тогтоон ажиллаж байна.
Гэтэл цахим сүлжээгээр мэдээллийг хяналтгүйгээр цацдаг болсныг буруугаар ашиглаж, бодит бус гүтгэлгийн шинжтэй мэдээллийг зориуд санаатайгаар олон давтамжтайгаар цацах гэмт хэргийн шинж чанартай үйлдэл газар авах боллоо. Энэ нь хүний эрх болон УИХ-ын гишүүний эрхийг зөрчиж байна гэдгийг мэдэгдье. Энэ хэргийг мэргэжлийн байгууллага хууль, хяналтын байгууллагууд шалган хариуг олон нийтэд мэдээлэхийг хүсье.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВ