Эрүүл мэндийн салбарын ажилчдын ХАБЭА-н асуудлаар хэлэлцэж байна

2018 оны 08-р сарын 20 өдөр, 14 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5eb8ka471zh0d7i4neatlyc5b
Эрүүл мэндийн сайдын тушаалаар жил бүрийн 08 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зарлаж, энэ хүрээнд тодорхой ажлуудыг зохион байгуулж ирсэн билээ.
Энэхүү сарын аяны хүрээнд Эрүүл мэндийн яам, ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ажлын байрны эрүүл мэнд” сэдэвт сургалтыг 2018-оны 8-р сарын 20-21-ны өдрүүдэд Эрүүл мэндийн яамны Сургалт мэдээллийн танхимд зохион байгуулж байна.
      Сургалтад Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат, ДЭМБ-ын мэргэжилтэн В.Дэлгэрмаа болон эрүүл мэндийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал хариуцсан 40 гаруй мэргэжилтэн оролцож байна.
 Арга хэмжээг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн үг хэлсэн. Тэрбээр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал зөвхөн уул уурхай, зам тээвэр, барилгын салбарт яригдах асуудал биш. Манай эрүүл мэндийн салбарт ч мөн адил яригдах чухал асуудал. Эрүүл мэндийн салбарт орчин үеийн техник хэрэгсэл, технологи нэвтрэхийн хэрээр салбарынхаа ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах асуудал чухал болж байна” гэдгийг онцолсон.
     Түүнчлэн сүүлийн 5 жилд нийт 1854 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж, 1948 хүн осолд өртөж, 273 хүн амь насаа алдсан байна. 2016 оны байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нийт 3532 хүн идэвхтэй хяналтад байгаагаас 117 хүнд тахир дутуугийн тэтгэвэр олгож, уламжлалт болон нөхөн сэргээх эмчилгээг 2634 хүнд хийж, 7659 хүнийг сувилалд илгээсэн байна. Гэвч бидэнд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдын дундах осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний судалгаа, тоо мэдээлэл хомс байна. Тухайлбал, мэргэжлээс шалтгаалсан өвчний онош тогтоолгосон нийт хүний ердөө 2 хувь нь эрүүл мэндийн салбарын ажилчид, тэр дундаа химич, лаборант, ариутгагч нар химийн төрөл бүрийн бодисийн хордлогод өртсөн гэж бүртгэгджээ.
       Энэхүү сургалтаар Эрүүл мэндийн салбарын ажиллагсадын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын дунд зонхилон тохиолдох мэргэжлээс шалтгаалсан өвчнүүд, эмнэлгийн ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх